Монгол Улсад элэгтэй Австрали улсын иргэн монгол урчуудаас дутахааргүй монгол гэрийг уран нарийн хийцтэйгээр урлаж байна. Түүнийг Скот Дэрик гэдэг. Тэрбээр Австрали улсын Queensland мужийн Алтан эрэг гэдэг газар Бийчмонт ууланд амьдардаг.
Мужаан мэргэжилтэй тэрбээр 2015 оноос эхнэрийн хамтаар монгол гэр хийх болжээ. Анх монгол гэр хийх болсон тухайгаа ярихдаа “Би өмнө нь 20 жилийн турш уугуул америкчуудын уламжлалт урц буюу “Tipi” хийдэг байсан. Цаашдаа ус нэвтэрдэггүй зүйл хийхийг хүсч, монгол гэрийг хийхээр сонирхож эхэлсэн юм. Би нүүдэлчин ард түмний амьдралын хэв маяг, уламжлал, соёлыг маш их сонирхдог. Тэгээд л 2015 онд монгол гэр хэрхэн урлах талаар бичсэн номыг онлайнаар худалдан авсан. Тэр номоо уншиж, судлаад гурван сарын дараа анхны улбар шар өнгөтэй жижиг гэр хийсэн байдаг” гэв.
Скот Дэрик өөрийн судалсан монгол гэрийг биеэр очиж үзэхээр 2017 онд Монголд ирж, "Нарантуул" захад худалдаалдаг монголчуудын хийсэн гэртэй танилцаж, ур хийцийг нь бүрэн судалжээ. Уран гартай мужаан дэлхий дахинд тархаад буй аюулт өвчин намжихаар Монголын говь нутгаар болон баруун аймгаар аялах хүсэлтэй гэдгээ хуваалцсан юм.
Одоо тэрбээр монгол гэрийн мод хийхээс гадна нимгэн эсгий, ногоон берзент, ус нэвтэрдэггүй цагаан бүрээсээр гэрээ бүрдэг байна. Ердөө нэг сарын хугацаанд монгол гэрийг уран нарийн хийцтэйгээр хийж, бэлэн болгодог гэв. Мөн худалдан авагчдын хүсэлтээр гэрийн модоо тод өнгөөр буддаг ажээ. Тэрбээр одоо дээс томж сурч байгаа бөгөөд монгол гэрийн талаар шинэ зүйлсийг сурч байгаа тухайгаа ярилаа.
Түүний хийсэн монгол гэрийг тухайн улсын иргэд ихээр сонирхдог ажээ. Уран гартай мужаан өөрийн хийсэн гэрээ иогийн студийн зориулалтаар ашигладаг гэнэ. Тэрбээр өөрийн урласан монгол гэрийг 3700-7000 ам.долларын үнээр худалдаалдаг аж.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ