3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих цаг мөн үү!

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих цаг мөн үү!

3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих цаг мөн үү!

Нийслэлийн төсөв энэ оны эхний гурван сард 100 тэрбум төгрөгөөр тасарч, цаашдаа 350 тэрбум төгрөгт хүрч болзошгүй байхад 3.2 тэрбум төгрөг гарган Сүхбаатарын талбайн хонхтой цэцэрлэгт усан оргилуур барих нь ээ.

Усан оргилуурыг барихын тулд хоёр жилийн өмнө хэл ам татлан байж уулнаас авчирч суулгасан модоо буцаан сугалж, өөр газарт дахин тарих нь. Газар сэлгэхээр мод нь ургах уу, үгүй юу бүү мэд.

Улаанбаатар хотод улаан шороогоороо эргэж буй газар олон. Харин Сүхбаатарын талбайн хонхтой цэцэрлэг бол хамгийн тохижилт сайтайдаа орно. Ийм газар хэдэн жилдээ гар хүрэх шаардлага байхгүй ч тарьсан модыг нь сугалж аван усан оргилуур барихаар давшиж буй нь араасаа олон хардлага ч дагуулж эхэллээ.

Үнэндээ ч дэлхий дахинаараа Covid-19-өөс яаж сэргийлж, хохирол багатай даван туулах вэ гэдэгт анхаарал хандуулж, онцын шаардлагагүй хөрөнгө оруулалтын ажлаа царцааж, голомтын бүсэд ажиллаж буй эмч, цагдаа, онцгой, хил, гааль, мэргэжлийн хяналтынхнаа аюулгүй хувцас хэрэглэлээр хангаж, цалинг нь нэмэгдүүлэхэд хүч хөрөнгөө хаяж байхад Улаанбаатар хот 3.2 тэрбум төгрөгөөр хөгжимтэй усан оргилуур барина гэж попорч байх юм. Усан оргилууртай боллоо гээд Covid-19-өөс сэргийлж чадах уу.

Эрэлт хэрэгцээгээ бодвол төв талбайд усан оргилуур биш автомашины зогсоолыг л нэмэгдүүлэх шаардлага бий. Гэвч эдгээр ажлыг өнөө жилдээ тэвчиж болно. Харин гэр бүлдээ зарцуулах цагаа хөл хорионы бүсэд өнгөрүүлж, аюулт цар тахлыг дотооддоо алдахгүйн төлөө хоолтой хоолгүй, нойртой нойргүй ажиллаж буй “дайчид”-даа яагаад энэ хөрөнгийг зарцуулж болдоггүй юм бэ? Дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч нарт маскнаас эхлээд олон зүйл гачигдаж дутагдаж буй талаар мэдээлэл хөвөрсөөр л байна. Халдвар дотооддоо гарвал хамгаалалтгүй улаан гараараа л тулж ажиллах шаардлагатай болох тухай ярьж буй.

Хэрэв тэдэнд энэ хөрөнгийг өгөх нь хайран байгаа бол зайлшгүй бүтээн байгуулалт шаардлагатай газруудад шилжүүлж яагаад болохгүй гэж…

Олон сая төгрөг зарцуулан байж босгосон ногоон байгууламжаа усан оргилуур барих нэрээр булга татчихаад дахиад татвар төлөгчдийн мөнгөнөөс 3.2 тэрбум төгрөг гаргах нь орлого нь тасарч буй төсөвт нэрмээс л болохоос нэмэр болохгүй.

Хөл хорио тогтоосноос хойш бүтэн хоёр сар өнгөрч, энэ хугацаанд хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсээр байна. Хэчнээн хүн ажлын байраа алдаж, хэдийнх нь өрх гэр амьдрах аргагүй болж байна вэ гэдэг тоймтой судалгаа алга. Гэхдээ Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас хийсэн мэдээллээр бол эхний гурван сарын байдлаар 500 гаруй иргэн ажилгүй болжээ. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Тэр хэрээр нийслэлийн татварт орж ирэх орлого буурна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгээс тавьсан шаардлагад дурдсанаар бол Засгийн газраас гаргасан ХАОАТ болон нийгмийн даатгал шимтгэлийг зургаан сар авахгүй байхад Улаанбаатар хотын төсөвт ихээхэн хүнд тусахаар байгаа.

Тодруулбал, нийслэлийн төсвийг 2020 онд 1.2 их наяд байхаар баталсан. Үүний 60 хувь  буюу 700 гаруй тэрбум төгрөг нь ХАОАТ-аас бүрддэг. Аж ахуй нэгжүүдийг зургаан сар ХАОАТ-аас чөлөөлөхөд 350 тэрбум төгрөгөөр хотын төсөв тасрахаар байгаа. Өөрөөр хэлбэл, энэ тасалдлыг хаанаас нөхөх вэ гэдэг асуудал гарч ирж буй. Нэгд төсвөө тодотгох, хоёрт, тэвчиж болох хөрөнгө оруулалтын зардлаа танах. Өөр хувилбар байхгүй.

Гэвч хот ширэн нүүрлэсээр өнөөдрөөс хөгжимтэй усан оргилуур барина гээд хонхтой цэцэрлэгийг хашаалаад эхэллээ. Хашаалж авч байгаад модыг нь суга татна.

Татвар төлөгчдийн мөнгө ёолох биш, бидний хэтэвчнээс гарах биш гэсэн аясаар төсөвт хайр найргүй ханддаг жишээ зөвхөн энэ усан оргилуурт зарах гэж буй 3.2 тэрбум төгрөгөөр тогтохгүй. Сүхбаатарын талбайн аюулгүй байдлыг хангах нэрээр өнгөрсөн өвөл боржин чулуунууд байршуулаад гологдсон. Нийт өртөг нь 150 орчим сая төгрөг болсон.

Гологдсон чулуунуудыг энд тэнд байршуулж эхэлсэн. Гэвч тэр нь оновчтой шийдэл болж чадаагүйг олон хүн шүүмжилж буй.

Усан оргилуур ч мөн тод жишээ нь болох нь ээ.

Л.ОЮУ

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
94
БурууБуруу
19
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж