"JCI бол манлайлагчдыг төрүүлэх, бэлтгэх амьдралын их сургууль юм"

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

"JCI бол манлайлагчдыг төрүүлэх, бэлтгэх амьдралын их сургууль юм"

"JCI бол манлайлагчдыг төрүүлэх, бэлтгэх амьдралын их сургууль юм"

-Сайн байна уу, та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Бяхарсүрэнгийн Мөнхтуг гэдэг. Өнөөдөр би тантай JCI байгууллагын талаар, хийж хэрэгжүүлдэг ажлуудын талаар ярилцъя.

-Хоёулаа эхлээд JCI байгууллага болон та анх яагаад энэ байгууллагад элсэх болсон тухайгаар ярилцлагаа эхэлье?

JCI байгууллага нь одоогоос 105 жилийн өмнө АНУ-ын Сэйнтлуйс хотод анх бүжгийн клуб хэлбэрээр байгуулагдаж байсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 115 оронд 5000 орчим салбар байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулдаг, идэвхтэй залуу иргэдийг нэгтгэсэн байгууллага.

Би найзынхаа зөвлөснөөр 2014 онд JCI Централ салбар байгууллагад элсч, JCI байгууллагын гишүүн болж байлаа. Түүнээс ч өмнө JCI-ын талаар сонсч, үйл ажиллагаанд нь очиж байсан. Мэдээж элсэж орсны дараа нь энэ байгууллагын талаар илүү ихийг мэддэг болсон. Залуучуудад ямар боломж олгодог тухай, юу суралцаж болох, юуг олж болох тухай илүү ихийг мэдэж, одоо 7 дахь жилдээ гишүүн байна.

Та одоо JCI Централ салбар байгууллагадаа ямар албан тушаал хашиж байгаа вэ.

Би 2020 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Манай JCI чинь нэг албан тушаалыг нэг л жил хашдаг. Тэгэхээр 2021 онд би Ерөнхийлөгчийн албан тушаалаа дараагийн хүндээ шилжүүлэн өгнө.

-JCI Монгол ГҮТТБ  хэзээ байгуулагдаж байсан, мөн яагаад олон салбар байгууллагатай байдаг юм бол?

-JCI бол идэвхтэй иргэдийг нэгтгэдэг талбар гэж түрүү хэлсэн. Тэр ч утгаараа 1991 онд тухайн үеийн Монголын нийгэмд маш идэвхтэй байсан залуус нийлж энэ байгууллагыг байгуулсан байдаг. Д.Галсанбуян санаачилж, талийгаач С.Зориг гуай, мөн Б.Жаргалсайхан захирал нар хамтдаа JCI Монгол байгууллагын тулгын чулууг тавьж, анх “Залуу Үе Танхим” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан юм билээ. Junior Chamber International гэдэг нэрийг нь тухайн үед ингэж орчуулж байсан гэдэг. 1992 оноос үйл ажиллагаагаа эхэлж, өдгөө 28 жил өнгөрөөд байна. Бид аль хэдийн 1000 гаруй гишүүнтэй, 300 орчим сенатортой, 15 салбар байгууллагатай болсон. Сенатор гэдэг нь  мөн 40 нас хүрээд JCI  байгууллагаа төгссөн ч, хойшид ч холбоотой байх хүмүүсээ алдаршуулдаг хэлбэр. Дэлхийн даяар 90000 орчим сенатор байдаг.

Салбар байгууллагын тухайд гишүүдийг нэгтгэдэг анхан шатны нэгж юм. JCI  байгууллага бол том групп компаниар төсөөлбөл салбар нь түүний охин компаниуд юм. Тэгэхээр 50000 салбар байгууллагаар дамжуулан тэр хэрээр олон манлайлагчдыг төрүүлэх, бэлтгэх амьдралын их сургууль гэж ойлгож болно.

JCI-д хэн ч анх орж ирээд шууд Ерөнхийлөгч болдоггүй. Олон бизнестэй, эсвэл олон хүн удирддаг дарга цэрэг байх нь огт хамаагүй. Анх элсэж ороод энгийн гишүүнээс эхлээд жил бүр өөр өөр ажил хүлээн авч, өөрийгөө харуулж, бусдаасаа суралцах, хөгжих замаар албан тушаал ахиж, эцэст нь салбарын Ерөнхийлөгч, бүр цаашилбал Үндэсний Ерөнхийлөгч(JCI Монгол байгууллага), олон улсын карьер буюу JCI  байгууллагын Ерөнхийлөгч хүртэл болж болно.

Олон салбартай байдаг тухайд, жишээ нь: Олон хүүхэдтэй айлууд дээр үед 1 гэртээ багтахаа болихоор хүүхдүүдийнхээ гэрийг хажуудаа барих, эсвэл тэд эхнэр авбал гэрийг нь барьж, хаяандаа авч явдаг. Хот айл болж, цаашилбал гэр бүл нь өнөр өтгөн болдог. Тэгэхээр нэг салбар байгууллагад олон хүнийг багтаагаад 100, 200 гишүүнтэй болгож болдог хэдий ч тэр хэрээр олон сайн залуусын манлайлах боломж алдагддаг. 60-100 гишүүнтэй байх нь салбар байгууллагын хувьд үр дүнтэй ажиллах, манлайлах боломжийг илүү олон залууст олгодог юм шиг санагддаг. Дэлхийд хамгийн олон гишүүнтэй салбар нь  JCI  Осака гээд Японы нэг салбар бөгөөд 1300 гаруй гишүүнтэй хамгийн мега салбар байдаг. Хүн амаас хамаараад тэдний байгууллагын бүтэц Монголоос арай өөр.

Тэгэхээр миний хувьд JCI байгууллагын манлайлал, засаглалын энэ зарчимд илүү дуртай. Энэ талаас нь тайлбарлах нь амар санагддаг юм.

-JCI байгууллагын зурган дээр баахан Ерөнхийлөгч нар гээд биччихсэн байдаг нь…

-Яг тийм. 15 салбартай, салбар бүр Ерөнхийлөгчтэй, Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчтэй гээд явна. Мэдэхгүй хүнд бол баахан Ерөнхийлөгч нар л байдаг. Гэхдээ тус бүрдээ үүрэг рольтой, суралцдаг, манлайлдаг, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байдаг процесс юм. Дараа дараагийн жилд шат ахиад явна.

Сая төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг гэлээ. Ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг вэ?

JCI Монгол байгууллагын тухайд өнгөрсөн 2019 онд нийт 69 төсөл хэрэгжүүлсэн байдаг. Энэ жил бас 60 орчим төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн ч одоогоор коронавирусын халдвар, хөл хорионы улмаас нийгэмд хандсан төслүүд ихэнх нь цагийн байдлыг хүлээсэн шинжтэй байгаа. Зарим төслүүд маань илүү төвлөрсөн цэгт хүрч хэрэгждэг тул бэлтгэл ажлууд маш сайн явж байгаа. Өнөөдөр ямар төсөл хэрэгжүүлж байгааг ярихаас өмнө өнөөг хүртэл ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн бэ гэдгийг бас цухас дурьдая.

JCI Монгол байгууллагын залуучууд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгэм руу чиглэсэн 170 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн төдий чинээ нийгмийн асуудалд шийдэл санал болгож ирсэн байдаг. Бид төслүүдийг хэрэгжүүлж, асуудлыг хөндөж, түүгээрээ дамжуулан нийгэмд, төр засагт шийдэл санал болгодог. Тэр хэрээрээ төслүүдийн нийгмийн үр ашиг нэмэгдэж байдаг гэж тооцоолдог. Тухайлбал манай JCI Централ  салбарын хувьд л гэхэд олон төсөл хэрэгжүүлж байснаас “School zone”, “Уян зүү” 2 төслийг цухас дурьдая.

SCHOOL ZONE ТӨСӨЛ: ЕБС-ийн орчимд хурд сааруулагч, гарц тэмдэглэгээ, одоо бүр аав ээж өдрөөр ээлжлэн school police хийж байгааг харсан байх. Та бид ч хүүхдүүдийнхээ сургууль дээр ээлжлээд цагдаа болдог. 10 жилийн өмнө гэхэд ийм байгаагүй.  Жилд 100 орчим хүүхэд сургуулийнхаа орчимд зам гарч яваад осолд орж, амь насаа алддаг, түүнээс ч олон нь гэмтэж бэртдэг байлаа. Тэр үед манай JCI Централчууд маань зарим нэг сургууль дээр өөрсдийн зардлаар хурд сааруулагч хийж, гарц, тэмдэг тэмдэглэгээтэй болгож, цаашлаад замын хөдөлгөөний дүрмэнд “Сургуулийн бүсд жолооч тээврийн хэрэгслээр 20км/ц-аас илүү хурдтай нэвтрэхгүй байх, зөрчвөл хариуцлагатай” гэдгийг нэмэлт өөрчлөлтөөр оруулсан. Манайхан эхнээс 3 жил орчим хэрэгжүүлээд одоо үр дүнгээ өгч, нийгмийн хамгийн том асуудлуудын нэгийг шийдвэрлэсэн үр дүнтэй төсөл болсон юм.

“УЯН ЗҮҮ” ТӨСӨЛ: Энэ төсөл маань бидэнтэй эгч дүүсийн барилдлагатай JCI Korea Jeju гэж Солонгосын салбар байгууллагатай нөхөрлөлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байсан төсөл. Биднийг жаахан байхад хүүхдүүд эмнэлэгт хэвтэж, цагийн тариа хийх үед өгзөг рүү их хатгуулдаг байсан. Өгзөг бэрсүүтэж, хатуураад суух аргагүй өвчин орчихдог. Одоо бол хүүхдүүдэд уян зүү тавьчихдаг болсон. Тэр нь 2-3 хоногтоо дахин хатгуулах шаардлагагүй байдаг. Манай салбарынхан Солонгос улсаас уян зүүг оруулж ирж, бидний нэрлэдгээр “Эх нялхас”-т төслөөрөө дамжуулан өгдөг байлаа.

Хэдэн жил хэрэгжүүлсний дараа ЭМЯ маань “УЯН ЗҮҮ”-нд төсөв тавьдаг болсноор бидний төсөл маш сайн үр дүнтэй өндөрлөсөн дөө. Өвлийн хүйтэнд ханиад томуугаар өвддөг 80000 гаруй хүүхэд уян зүү тавиулж, олон дахин хатгуулахгүй, мөн биднийг жаахан байхад буцалгадаг шприц, тариураар халдварладаг байсан “шар өвчин, цусны В, С вирусууд дамжигдахгүй” болсон.

Олон төсөл хэрэгжүүлж байснаас дурьдахад ийм. Өнөөдөр ч JCI Монгол байгууллага маань ЭХЭМҮТ-тэйгөө хамтраад “Save Angels” төслийг хэрэгжүүлдэг. Манай нэг салбар болох JCI Чэйрмэн хариуцан хэрэгжүүлдэг төсөл.

2015 оноос эхлэн “Нярайн эндэгдлийг бууруулах хөтөлбөр”-ийг санаачлан эхлүүлж, хөтөлбөрийн хүрээнд тогтвортой урт хугацаанд шат дараалсан төсөл арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн эхэнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд “Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын тусгай зориулалтын автомашин” хандивласан ба улмаар дутуу болон бага жинтэй нярайн эмчилгээ сувилгааны чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор уг төвийн “Дутуу болон бага жинтэй нярайн эрчимт эмчилгээний тасгийг шинэчлэн зохион байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлээд байна. Дутуу төрсөн нярайн эндэгдэл буурч, олон Монгол гэр бүл бяцхан сахиусан тэнгэрүүдтэйгээ аз жаргалтай амьдрах үндсийг тавьсандаа бид баяртай байдаг. Энэ төсөл маань өнгөрсөн жил АМГАЛАН ТӨРӨХ, энэ жил ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР гээд хүрээгээ тэлэн, улам олон бяцхан жаалуудад амьдрах итгэл өгч, гэр бүлд нь аз жаргал нэмж байгаа гэдэгт итгэж байна.

Эдгээр төслүүдээс гадна өнгөрсөн жил “One Community” төслийн хүрээнд манай JCI Capital салбар маань Нийслэлийн цагдаагийн газартай хамтран “1 хором” гэж хөдөлгөөн өрнүүлсэн. Хүлээцтэй байх, уужуу байхыг уриалсан бөгөөд нийгмийн хэв журам алдагдах, гэмт хэрэг зөрчил байнга ихэсдэг байсан бол энэ хөдөлгөөний үр дүнд маш ихээр буурсан үр дүнтэй байгаа. 2020 онд ч бас төслөө өргөжүүлэн хэрэгжүүлэх юм.

Манай JCI  Централ салбарын хувьд “Идэвхтэй иргэн” буюу “Active Citizens for Global Goals”, “JCI Менторшип” зэрэг 4 төсөл зэрэг хэрэгжүүлдэг.

JCI байгууллагын төслүүд ер нь НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго 2030” хөтөлбөрийн хүрээнд, энэхүү хөтөлбөрийг дэмжих, хэрэгжүүлэх, сурталчлах, заагдсан 17 зорилгыг нь хангахаар төслүүдээ оновчилж, асуудлыг дэвшүүлдэг.

Бидний хэрэгжүүлдэг “Active citizens for Global goals” төсөл маань даян дэлхийн нэгдсэн зорилго гэж хэлэгддэг SDGs буюу “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг Монголын нийгэм, хүүхэд залуустаа чиглэн, тэдэндээ энэ талын мэдлэг мэдээлэл олгох зорилгоор хэрэгждэг. Залуучууд энэ зорилгыг ухамсарлавал эргэн тойрондоо илүү нөлөөлж, магадгүй эцэг эхийгээ ч өөрчлөх байх. Хамтын нийгэм, эх дэлхийгээ хайрлах тэр зорилгыг бий болгох, үүнд өөрөө манлайлах тухай төсөл юм. 2020 онд нөхцөл байдалтай уялдуулан онлайн орчинд илүү олон хүнд хүрч ажиллахаар бид зорьж байгаа.

Тогтвортой хөгжлийн зорилгууд нь НҮБ-ын гишүүн орнуудын дан ганц засгийн газруудын үүрэг даалгавар биш, танаас, надаас эхлээд бидний бүлэг, нэгдэл бүрийн хамтын зорилго юм. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн маань ч бизнес үйл ажиллагаандаа энэхүү зорилгыг хэрэгжүүлэх, хөндсөн асуудлыг шийдвэрлэх замаар нийгэмдээ тус хүргэж, өөрсдийн бизнесийн үнэлгээнд ч эерэг өөрчлөлтийг авчраасай гэж бид ажиллаж байна.

-Та бүхэн маш олон хэрэгтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг юм байна. Тэгвэл хэн JCI гишүүн байж болох вэ? Яаж элсэх вэ?

-18-40 насны залуучуудын байгууллага. Энэ утгаараа хэн ч элсэх боломжтой. Мэдээж байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс нь таныхтай адилхан байгаа эсэх их чухал.  Үйл ажиллагаанд оролцох, төсөл хөтөлбөрүүдээр нь дамжаад энэ талаар илүү ойлголт авч болно. Мэдээж олон хүн цуглах газар тул та тэдгээр хүмүүстэй хамт олон зүйл хийж болох гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Бусдаар бол байгууллагын дүрэм, журам, этик зэргийг дотор нь орсон хойноо сураад, сайжруулаад явах бололцоотой. Та өөрийн хүссэн, шаардлагатай гэж үзэж байгаа асуудлуудыг санал болгож төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлсэн ч болно. Хэрэв улс төр ба шашны үйл ажиллагаа биш бол бүрэн хэрэгжих боломжтой.

-Танд баярлалаа. Та бүхний хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд Монголын нийгмийн олон асуудлыг хөндөж, шийдвэрлэх гарц гаргалгаа нь болж байхыг хүсье. Сүүлчийн асуултыг танд үлдээе.

-Баярлалаа. Бидэнд хийж хэрэгжүүлж байснаас илүү олон хийх, шийдвэрлэх асуудал байгаа. Хүн бүрт JCI байгууллагад элсэх боломж байгаа. Та бидэнтэй нэгдээрэй. Өөрийгөө хөгжүүлэх замаар олонд тустай зүйл хийхийг хүсвэл JCI таны тэр орон зай нь байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж