“Дөрөвдүгээр сарын 5-наас хойш вакцин хийх боломжгүй”

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

“Дөрөвдүгээр сарын 5-наас хойш вакцин хийх боломжгүй”

“Дөрөвдүгээр сарын 5-наас хойш вакцин хийх боломжгүй”

Энэ сараас эхлэн ургамлын тоосны харшлын эсрэг вакциныг хийж эхэлдэг. Энэ талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн харшлын эмч С.Янжмаагаас тодрууллаа.  

Жил ирэх бүр харшилтай хүний тоо нэмэгдэж байна. Дэлхийн хүн амын 40 хувь нь ямар нэгэн харшилтай байдаг аж. Тэдний 26-40 хувийг ургамлын харшилтай хүмүүс эзэлдэг байна. Харин Монгол Улсад 100 гаруй төрлийн харшил бүртгэгджээ. Харшил судлалын төвөөс гаргасан судалгаагаар Монголчуудын таван хүн тутмын нэг нь харшилтай. Харшилтай хоёр хүний нэг нь буюу 68.3 хувь нь ургамлын тоосны харшилтай байдаг байна.

-Ургамлын харшлын эсрэг вакцин хийлгэх гэж байгаа хүн юун дээр анхаарах вэ?

-Арьсны өвчин судлалын үндэсний төв дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн ургамлын харшлын эсрэг вакциныг хийж эхэлдэг. Үүнээс өмнө бүртгүүлэх хэрэгтэй. Ингээд сорил тавьж, оношоо тогтоолгоод, ургамлын харшилтай нь батлагдвал вакцин хийлгэж болно. Сорилын хариу 15 минутын дотор л гарна.

Анхааруулж хэлэхэд, дөрөвдүгээр сарын 5-наас өмнө бүртгүүлээгүй, хоцорсон хүмүүс манайд төвд вакцинд хамрагдах ямар ч боломжгүй.  Учир нь, вакцин схемийн дагуу явдаг болохоор вакцин эхлэх хугацаанаас хоцорвол, дундаас нь эхлэвэл үйлчлэхгүй.

-Вакциныг хэдэн удаа хийлгэж байж дархлаа бүрэн тогтох вэ. Өөрөөр хэлбэл, ургамлын харшилгүй болох вэ?

-Ургамлын харшлын эсрэг дархлаа тогтоох вакцин хамарт шүрших байдлаар хийгдэж байгаа. Вакцин дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын 5-ныг хүртэл тодорхой схемийн дагуу явагддаг. Вакцин хийлгэсэн эхний жилүүдэд маш хөнгөн хэлбэртэй байдаг бол гурван жил дараалан вакцин хийлгэснээр дархлаа тогтдог. Тиймээс ганц жил вакцин хийлгэснээр бүрэн эдгэрнэ гэсэн үг биш.

-Вакцины нөөц хангалттай юу. Мөн хаана үйлдвэрлэсэн вакциныг ашиглаж байна вэ. Бусад орон шүрших хэлбэрийн вакциныг хэр ашигладаг вэ?

-Энэ вакцинд жилд 400-500 хүн хамрагддаг. Монголд, АӨСҮТ-ийн Харшлын лабораторид үйлдвэрлэсэн вакциныг ашиглаж байгаа.

Ургамлын харшлын эсрэг вакциныг бусад оронд тариа, цацлага, уух хэлбэрээр хэрэглэдэг. Монголд хамарт шүрших хэлбэрээр хэрэглэх нь илүү тохиромжтой, үр дүнтэй байгаа.

-Вакцинд ямар нэгэн сөрөг нөлөө бий юу. Ургамлын харшлын вакцин дархлааг сулруулдаг гэх ойлголт иргэдийн дунд байдаг юм билээ?

-Дархлааг сулруулах нөлөө байдаггүй. Уг вакцин нь тухайн ургамалд хэт мэдрэг биш болгох л зорилготой.

-Харшилтай хүн Covid-19-ийн халдвараар түлхүү өвчилж байна гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Шинэ коронавирусийн халдвар ургамлын харшилтай тун ойр шинж тэмдэгтэй. Гэхдээ аль нь вэ гэдгийг тогтооход ялган оношлох асуумж чухал. Нарийн мэргэжлийн эмч асуумжаар ялган оношилж чадна. Уг халдвараар ямар ч хүн өвчилж болно. Түүнээс биш харшилтай хүн уг халдвараар түлхүү өвчилнө гэж ойлгож болохгүй.

-Харшилтай хүний тоо нэмэгдсээр байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Харшилтай хүний тоо нэмэгдсээр байгаагийн шалтгааныг орчин, хотжилт, тоос шороо, хооллолт зэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. Бид байгальтай ойр, эрүүл орчинд амьдарч чадахгүй байгаатай холбоотой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж