Ард түмэн том уу, Ардын нам том уу?

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Ард түмэн том уу, Ардын нам том уу?

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа Ардын намын гишүүд Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулахыг 100 хувь эсэргүүцэн саналаа өглөө.

Янз нь МАН-ын гишүүдтэй найраа хийхгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй шүү гэдгээ ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар илэрхийлж байгаа нь энэ бололтой.

Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 20 гаруй намууд дундаас МАН том байж болно. Гэлээ гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуухыг эсэргүүцэх хэмжээнд хүртлээ томорсныг ер ойлгохгүй юм.

Үндсэн хуульд Монголын ард түмний төр барих эрхийг шууд болон шууд бус замаар хоёр хэлбэрээр зааж өгсөн. Нэг нь төлөөллийн ардчилал буюу УИХ-д 76 гишүүнийг сонгож, өөрсдийгөө төлөөлүүлдэг. Нөгөө нэг эрх нь саналаа өгөх эрх. Энэ үндсэн язгуур эрх ашгийг нь хангаж Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхийг ард түмнээс асууя гэхэд МАН-ынхан эсэргүүцэж, энэ асуудлыг намуудын зодоон болгон хувиргаж, уландаа гишгэх ямар хэрэгтэй юм бэ?.

Ард түмнээс санал асуух эрх бол Үндсэн хуулийн хүрээнд олгогдсон язгуур эрх нь. Энэ эрхийг эсэргүүцсэнээр МАН аймшигтай том дарангуйлагч болохоо харууллаа. Маршал Х.Чойбалсаныг дарангуйлагч байсан л гэж шүүмжилдэг. Харин ч энэ хүн өнөөгийн МАН-ынхнаас илүү ардчилсан сэтгэлгээтэй ард түмнийхээ саналыг хүндэтгэдэг удирдагч байсан юм биш үү. Яагаад гэвэл 1945 онд Монголын ард түмнээс саналыг нь авч, тусгаар тогтнолоо зарлах том ажлыг Х.Чойбалсан гардаж зохион байгуулсан. Энэ хүний эхлүүлсэн үйл хэргийг харин одоогийн МАН-ынхан баллуурдлаа. Төрийн дээр Ардчилсан намынхан гарч суусан биш МАН гарч суусан юм байна.

Уг нь төрийн дээр ард түмэн, гуравдугаар жагсаалтад нам байх ёстой ч үгүй болж.  Ингэтлээ нам ард түмэн, төрийн дээр гарч суусан нь тогтолцоонд өөрчлөлт оруулахаас аргагүй гэсэн үг. Ямар ч мундаг улстөрчийг Засгийн газрын тэргүүнээр заллаа ч нам нь фракцидаа захирагддаг, фракци нь УИХ, Засгийн газраа удирддаг. Цаашлаад төрийн дээр нам, фракци гарах гажиг тогтолцоо засрахгүй.

Хүнд нь буруу байна гэж огцруулан, Засгийн газраа тогтворгүй болгосон улс орон ямар эмгэнэлтэй хувь заяанд хүрснийг бусад улс орны Үндсэн хуульд судалгаа хийсэн Х.Тэмүүжин гишүүн тодорхой тайлбарласан. Нэг бол нэг хүний засаглалд, эс бол цэргийн дэглэм тогтдог гэж… Тэр хэрээр хүний эрх үгүй болж, эдийн засаг унадаг, мөстдөг. Үүнийг ухаарах цаг хэдийнэ болжээ, МАН-ынхаан.

Одоо сэхээрч засахгүй бол жил л алдана. Яагаад гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд хоёр долоо хонох гэж байна. Нэг үгээр хэлбэл, дээрх хуулийг хэлэлцэх тоолуур гүйж эхэлсэн гэсэн үг. Сарын хугацаанд багтааж УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээс аргагүй. Өөрчлөлтийг МАН-ын бүлэг одоогийнх шигээ эсэргүүцсээр байвал ирэх 8 жилд энэ асуудлыг Монголчууд мартахаас аргагүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжээгүй бол 8 жилийн хугацаанд хөндөхгүй гэсэн заалт бий.

2012 оны УИХ-ын сонгуулиар Монголын ард түмэн 40 гаруй хувийн санал өгч, парламентад 26 суудалтай болгосон. Ард түмэндээ Үндсэн хуулиар олгосон эрхийг нь хүндэтгэ л дээ. Үндсэн хуулиар ард түмэн төрийг удирдана гэж заасан болохоос МАН гэж заагаагүй шүү.

Ард түмнээс Үндсэн хуулиар саналыг авах эрхийг хүндэтгэе.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж