Хувийн сургуулиуд төлбөрөө буцаах боломжгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

Хувийн сургуулиуд төлбөрөө буцаах боломжгүй

Хувийн сургуулиуд төлбөрөө буцаах боломжгүй

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 158 хувийн бага дунд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр сургуульд 40 мянган сурагч суралцаж байгаа юм. Covid-19-ийн халдвартай холбоотойгоор сургуулиудын үйл ажиллагааг хааж, хичээлийг телевизээр явуулах болсон. Үүнтэй холбоотойгоор сургалтын төлбөрөө нэгэнт төлсөн эцэг, эхчүүд дараагийн жилд төлбөрийг шилжүүлэх хүсэлтэй байгаа юм. Гэтэл телевизийн хичээл нь хувийн бага, дунд сургуулийн  хөтөлбөрөөс хоцрох тохиолдол гарч байгаа учраас сурагчидтайгаа цахимаар тулж ажиллах хэрэгтэй болж, энгийн үетэй адил ачаалалтай ажиллаж байна, тиймээс төлбөрөө буцаах боломжгүй гэж хувийн сургуулиуд үзэж байгаа аж. Энэ талаар Хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүн Б.Одхойтой ярилцлаа.


Covid-19-ийн халдвартай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн бүх хичээлийг телевизээр явуулж байгаа. Теле хичээл хувийн сургуулийн хөтөлбөр, сургалтын чанартай нийцэж байна уу. Хувийн сургуулиуд халдвартай холбоотойгоор сургалтаа хэрхэн зохион байгуулж байна вэ?  

-Ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл ороод долоо хонож байхад коронавирусийн тархалтаас хамгаалах хөл хорио яаралтай тавигдсан. Энэ үед БСШУСЯ түргэн шуурхай арга хэмжээ авч,  богино хугацаанд зохион байгуулалтад оруулж, теле хичээлийг улс даяар явуулсан нь маш сайшаалтай. Мөн телевизүүд ч маш сайн хамтарч, төрийн болон хувийн сургуулийн багш нар маань бүгд хичээл зүтгэл гарган оролцож байна.

Хувийн сургуулиудын хувьд цөм хөтөлбөрийг өөр өөрсдийн онцлогт тохируулан агуулга, арга зүйгээр баяжуулж байгаагаас гадна олон нэмэлт хөтөлбөртэй байдаг. Гадаад хэл л гэхэд англи хэлийг бага ангиас нь заахаас гадна бүгд хоёр дахь гадаад хэл болгож япон, хятад, орос, герман, солонгос зэрэг хэлний хичээлүүд нэмэлт хөтөлбөрт нь бий. Мөн математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн хөтөлбөрүүд, олон улсын хөтөлбөрүүд, STEM, роботикийн хичээлүүд нэмэгдэж орохоос гадна ахлах ангид элсэлтийн ерөнхий шалгалт болон олон улсын их дээд сургуулиудын шалгалтад бэлдэх цагуудыг түлхүү тавьж өгдөг нь хувийн сургуулийн сурагчдын амжилт гаргах суурь болж өгдөг. Сурагчдынхаа академик чадварыг хөгжүүлэхээс гадна хувь хүний болон бие бялдрын хөгжлийг мөн онцгойлон анхаардаг. Үүнд, усанд сэлэлт, бүжиг, таеквондо, жүдо, сагс, волейбол зэрэг олон төрлийн секц дугуйланг биеийн тамирын хичээл дээр нэмээд орж байгаа юм.

Тэгэхээр хувийн сургуулиудын хувьд теле хичээлийг дагая гэхээр хугацааны хувьд зарим нь үзээд дууссан хичээлүүд байгаа тал ажиглагдаж байна. Тийм учраас хувийн сургуулиуд өнөөдөр бүгд өөр өөрсдийн хичээлийг дотоод цахим систем болон олон улсад өргөн хэрэглэгдэж буй онлайн технологийн шийдлүүдийг ашиглаж хүүхдүүддээ хүргэж байна. Жишээ нь, нэг сургууль зөвхөн хоёрдугаар сард л гэхэд 13 төрлийн программ, аппликейшн, технологи ашиглаж 326 цахим хичээл, 562 даалгавар боловсруулж ажилласан байна. Багш нар 700 сурагчийн 5114 даалгаврыг шалгаж дүгнэсэн ба сурагчид багш хоорондоо 292 мянга 495 удаа имэйл, мессенжереер харилцсан гэсэн статистик үзүүлэлттэйгээр цахим сургалтыг тасралтгүй явуулж байна. Мөн сурагчидтайгаа цахим хурал хийх, эцэг эх хүүхдүүдтэйгээ утсаар холбогдох гэсэн тоон үзүүлэлтүүдийг мөн нэмэлтээр дурдаж болно.

-Та хувийн сургуулийн багш нар хэвийн үетэй адил ачаалалтай ажиллаж байгаа гэж үзэж байна уу?  

-Коронавирусийн тархалтаас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаар төр засаг маань эрт арга хэмжээ авсан нь эргээд биднийг өнөөдрийн барууны орнуудынх шиг нөхцөл байдалд орохоос хамгаалж байна. Нэгэнт бидний эрүүл мэндийг хамгаалах зорилготой тавигдсан тул энэ хөл хорионы нөхцөл байдалд бид бүгд дасан зохицож ажил төрлөө оновчтой явуулах арга хэрэгслээ сонгоцгоож байна. Хувийн сургуулийн удирдлагууд, багш нар маань ч гэсэн энэ хөл хорионы нөхцөл байдалд хурдан дасан зохицож, хүүхдүүддээ хичээлээ хүргэх арга хэрэгслээ оновчтой сонгох, мөн хичээлүүдийг сонирхолтой байлгах үүднээс олон шинэ технологи, шийдлийг судалж, түүндээ суралцаж байна. Багш нарын цахим хичээл бэлтгэх чадварт үсрэлт гарсан. Хүүхдүүдийн хувьд ч бас цахимаар бие даан суралцах чадварт суралцаж, хичээл номоо аппликейшн дээр үзэх, эргээд даалгавраа илгээх, цахим тест ажиллах, онлайн уулзалт хийх гэх мэт олон давуу тал ажиглагдаж байна. Гар утас, компьютер, интернетийн хэрэглээний олон тал, үнэ цэнийг ойлгож, хэрэглээний хувьд том дэвшил гаргаж байна гэж хэлж болно. Мөн бага ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүд маань хүүхэдтэйгээ хамт эдгээр технологийг ашиглаж сурч байна. Энэ бүхэн эргээд хичээл ороход хэрэглээнд үлдэх нь дамжиггүй. Бидний хичээлүүд улам л баялаг болно гэж бодож байна.

Гэхдээ нөгөө талаасаа цахимаар хичээлээ бичих, заах, хүүхдүүдээсээ цахимаар даалгавруудыг нь авч зөвлөнө гэдэг бол багшийн хувьд ажлын ачааллыг хоёр дахин нэмэгдүүлж байна. Хуучин ажлын цагтаа багтаад хичээлээ заагаад, хүүхдүүдтэйгээ ярилцчихдаг, хичээлээ төлөвлөн, дэвтрээ засдаг байсан багш нар маань одоо хүүхэд бүртэй цахимаар харилцах, даалгаварт нь тусгайлан имэйл бичих, хүртээмжтэй байлгах үүднээс ангийн сурагчдаа групплэн цахим хичээл заах зэрэг цаг нарны хувьд ажлын амралтын гэх цагийн хязгааргүй ажиллах болсон байна. Жишээ нь, бага ангийн сурагчид аав ээжийгээ байх үед нь л цахимаар багштайгаа холбогдож чадах учраас багш нь оройн цагаар мөн амралтын өдрүүдээр холбогдох жишээтэй. Дунд ахлах ангийн багш нарын утсанд шөнийн 02.00, 03.00 цагт ч даалгавраа хийсэн хүүхдийн имэйл ирж байгаа.

Гэхдээ хүүхдүүд маань бие даан алхам алхмаар цахим сургалт гэдэг зүйлд суралцаж байгааг хараад бид бүгд маш их урам зориг авч байна. Цаашид цахим сургалт гэдэг  хүүхдүүдэд энгийн хэрэглээ болж, өөрөө бие даан олон шинэ зүйлсийг гэрээсээ суралцах боломж байна гэдгийг тэд маань мэдэж авч байна.

Мөн эцэг эх, асран хамгаалагч нар цахим сургалтын үйл ажиллагааг  дэмжиж багш нартайгаа хамтарч, урам өгч ажиллаж байгаад үнэхээр талархаж байна. Мэдээж тэр дунд энэ цахим сургалт үр дүнгүй, биеэр заах нь үр дүнтэй гэж ярих эцэг эх ч байна. Өнөөдөр дэлхийн 130 орны олон сая хүүхдүүд бүгд цахимаар хичээлээ хийж байгаа ийм сонголтгүй үед цахим хичээлд сөргөөр хандахаас илүүтэй асуудлыг боломж болгон харж, шинэ зүйл сураад авах сэтгэлгээнд хүүхдээ сургах хэрэгтэй.

-Зарим эцэг, эх хичээл телевизээр явж байгаа болохоор сургалтын төлбөрөө дараа жилийнхэд шилжүүлэх хүсэлтэй байгаа юм билээ. Энэ асуудлыг хувийн сургуулиуд хэрхэн харж байна вэ. Мөн дунджаар хувийн сургуулийн төлбөр хэд төгрөг байна вэ?  

-Хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбооны гишүүн 86 сургуулийн дундаж сургалтын төлбөрийг гаргаж үзэхэд 2.7 сая төгрөг байсан. Олон улсын өндөр төлбөртэй сургуулиудыг оруулаагүй. Улсын хэмжээний хувийн 158 сургуулиас өндөр төлбөртэй, ихэнх хичээлийг нь гадаад багш нар заадаг олон улсын сургууль тав байдаг.

Хувийн бага, дунд сургуулийн хүүхэдтэй эцэг, эхчүүд хичээл сургалтын үйл ажиллагааг цахимаар явуулж байгаатай холбогдуулан төлбөрийн талаарх гомдол их гаргах боллоо.

-Гэхдээ үдийн цай болон сурагчийг хүргэж өгөх автобус ажиллахгүй байгаа зэргийг тооцоод сургалтын төлбөрөөс хасаж болно шүү дээ?

-Сургуулийн танхим, номын сан, үдийн цай хөтөлбөр, бусад хэрэглэгдэхүүн зэрэгт сургалтын төлбөрийн тодорхой хувь зарцуулагддаг гэж ярих юм. Сургуулийн үйл ажиллагааг зогсоосон учир төлбөрийн асуудал их яригдаж байна.

Нэгэнт хичээл сургалтын үйл ажиллагаа давагдашгүй хүчин зүйлээс болоод цахим руу шилжсэн ч сургалтын үйл ажиллагаа тасраагүй явагдаж байна. БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг саяхан телевизэд өгсөн ярилцлагадаа энийг бас хэлж байсан. Тийм учраас багш, ажилчдын цалин гардгаараа л гарч байна. Улсын сургууль ч ялгаагүй цалингаа бүтэн олгоод л явж байгаа. Сургуулийн хамгийн том зардал бол яах аргагүй цалин хөлсний зардал. Сурагчдынхаа төлөө цаг наргүй цахим хичээл, даалгавар бэлтгэн ажиллаж байгаа хувийн сургуулийн багш ажилчид ч гэсэн бүгд ар гэртээ амьдралтай хүмүүс. Тиймээс энэ хүмүүсийн цалин хөлсийг тасалж болохгүй. Мөн дулаан, цахилгааны зардал гэх мэт хэмнэгдэх боломжгүй тогтмол бодит зардлууд байна. Өнөөдөр хувийн сургуулиуд байшин барилгын дулаанаа хаагаад, интернет, харилцаа холбоо, тог цахилгаанаа салгана гэдэг асуудал байхгүй. Бүгд ирж, очин ажиллацгааж байна. Үдийн цай хөтөлбөрийн хувьд энэ бол улсаас санхүүжилт нь орж ирж хүүхдүүдэд үдийн цай хоол болж очдог учир сургалтын төлбөрт ордоггүй. Төлбөрийн асуудлаа сургуулиуд эцэг эхтэй хийсэн тус тусын гэрээгээрээ шийдэх байх.
Ерөнхийдөө боловсрол сургалтын байгууллага тэр дундаа хувийн сургууль гэдэг бол худалдаа үйлчилгээний байгууллага биш учир бусад төрлийн бизнес шиг янз бүрийн хөнгөлөлт урамшуулал зохион гаргах боломжгүй. Хөл хорионы хугацаанд зардлаа танаж ажилчдаа халж цомхтгодоггүй. Хичээл эхлэхэд бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ байж байх ёстой хамт олон гэдгийг олон нийт ойлгож хүлээн авах нь зүйтэй. Хорио цээр дуусч хичээл сургууль ордгоороо орно. Хувийн сургуулиуд хорио цээрийн хугацаа дуусахаар сургууль бүр өөр өөрийн боломжид тулгуурлан цахим хичээлүүдээ дахин бататгаж, нөхөх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажил ирэх хичээлийн жилд ч үргэлжилнэ гэж бид харж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
33
БурууБуруу
25
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж