“Хүмүүс ихэр юм уу гэж их асуудаг”

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

“Хүмүүс ихэр юм уу гэж их асуудаг”

“Хүмүүс ихэр юм уу гэж их асуудаг”

Нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлж, шог яриа хүртэл гаргаад буй “Бүтэн амьдрал” телевизийн олон ангит кинонд тоглосон бяцхан "жүжигчид"-тэй ярилцлаа. Уянга, Солонго гэх эгч дүүсийн дүрд Ц.Номинжигүүр, Г.Агиймаа гэх авьяаслаг охид тогложээ. Тэд “Аав, ээж нь салахгүй, хэрүүл хийхгүй байвал хүүхдүүд хамгийн их аз жаргалтай байдаг. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ багахан ч гэсэн цаг зав гаргаж байгаасай гэж хүсдэг” тухай ярьсан юм. Ингээд тэдний ярилцлагыг хүргэе.


-Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулахгүй юу?

Г.Агиймаа: Намайг Г.Агиймаа гэдэг, есөн настай. Монголын хүүхдийн ордны дууны дугуйланд суралцдаг. Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийн 4е ангийн сурагч. Аав, ээж, хоёр дүүтэйгээ хамт амьдардаг.

Ц.Номинжигүүр: Намайг Ц.Номинжигүүр гэдэг, би 10 настай. “Ирээдүй" цогцолбор хоёрдугаар бага сургуулийн 5 д ангийн сурагч. Би эмээ, ээж, эгчтэйгээ амьдардаг.

-Анх “Бүтэн амьдрал” телевизийн олон ангит кинонд тоглох болсон тухайгаа яриач?

Г.Агиймаа:  Ээж маань жүжигчин З.Онон эгчийн фэйсбүүкийн дагагч юм. Нэг өдөр фэйсбүүкт нь “Кинонд тоглох хүсэлтэй охид, хөвгүүдийг дүрийн сонгон шалгаруулалтад урьж байна” гэдэг зар тавьсан байсан юм билээ. Тэгээд ээж “Миний охин өөрийгөө сориод үзэх үү” гэж хэлсэн. Би зөвшөөрч, дүрийн сонгон шалгаруулалтад ороод үзэхэд тэнцчихсэн. Тэгээд намайг “Дүрийн хоёрдугаар шалгаруулалтад ирээрэй” гэхэд нь бөөн баяр болсон.

Ц.Номинжигүүр: Ээж маань нэг өдөр надаас “Чи кинонд тоглох уу” гэж асуусан. Би яг тоглоё гэж хэлээгүй, тэгтэл ээж “Чи багшдаа хэлээд хичээлээсээ чөлөө авчих. Миний охин “Боловсрол суваг” телевизэд очоод дүрийн шалгаруулалтад оръё ” гэсэн. Тэр өдөр нь ээж ажилтай байсан учраас ахтайгаа хамт телевиз дээр очсон. Би эхний шалгаруулалт дээр сандарч байсан ч тэнцсэндээ маш их баярласан.

-Та хоёр өмнө нь бие биеэ таньдаг байсан уу?

Г.Агиймаа: Зарим хүмүүс бид хоёрыг “Ихэр юм уу” гэж их асуудаг. Бас “Нэг айлын эгч дүүс үү” гэдэг. Бид хоёр энэ кинонд анх удаа тоглож, сайн найзууд болсон.

-Та хоёрыг кинонд тоглосон гэхээр ангийнхан, ойр дотныхон нь хэрхэн хүлээн авсан бэ?

Г.Агиймаа: Анх нэгдүгээр дүрийн сонгон шалгаруулалтад оролцохдоо багшаасаа чөлөө авсан. Тэгсэн манай ангийнхан “Яагаад хичээлээсээ чөлөө авсан юм бэ” гэж их асуусан. Би “киноны дүрийн шалгаруулалтад орсон юм” гэсэн чинь “Ямар нэртэй кино юм бэ. Хэзээ гарах вэ” гээд олон асуулт асууж байсан. Би тэр үедээ сайн мэдэхгүй байсан болохоор дараа нь “Бүтэн амьдрал” гээд 24 ангитай кинонд тоглосон гэдгээ хэлсэн. Одоо хичээл түр хугацаагаар орохгүй байгаа учраас ангийнхантайгаа уулзаж чадаагүй байгаа. Гэхдээ гэр бүл, хамаатан садны маань ах, эгч нар “Мундаг жүжиглэсэн байна. Баяр хүргэе” гэж урам их өгсөн.

Зарим хүмүүс надаас “Кино яаж дуусах вэ. Дараагийн ангид юу гарах вэ” гэж асуудаг. Би ээждээ ч энэ тухай хэлдэггүй, өөрсдөө үззээд л мэдэг.

Ц.Номинжигүүр: Би ангийн дарга л даа. Тийм учраас найзууддаа зөв үлгэр дууриалал болох ёстой. Би хичээлээсээ хэзээ ч чөлөө авч байгаагүй. Тэгээд ганц өдөр хичээлээсээ чөлөө авсан чинь ангийнхан маань их гайхсан. Манай ангийнхан “Ангийн даргаа та яаж кинонд тоглосон юм бэ. Би тантай хамт дүрийн сонгон шалгаруулалтад ордог байж. Хэзээ кино нь гарах вэ” гээд олон асуулт асуусан. Ээж, эмээ маань “Охиндоо баяр хүргэе. Тэр олон хүүхдүүдээс шалгарсан мундаг байна” гэж магтсан.

-“Бүтэн амьдрал” кинон дээр ээжийнх нь бие өвдөөд, сэтгэлээр унаж их зовж байгааг харах хэцүү байсан уу?

Ц.Номинжигүүр: Ээж маань бодит амьдрал дээр ингэж зовлон туулбал ямар байх бол гэж бодоод сэтгэл дотроо уйлдаг. Киноныхоо бүх ангийг үзээд уйлсан. Бас өөрийнхөө тоглосон хэсгүүдийг хараад “Ингээд тоглосон бол сайн болох байж. Энэ хэсэг дээр илүү ажиллах ёстой байжээ” гэж их боддог.

Г.Агиймаа: Киноныхоо нэг, хоёрдугаар ангийг үзээд ээжийгээ өрөвдөж уйлж байсан. Харин 14 дүгээр анги дээр аавыгаа өрөвдөж уйллаа. Өглөө хавдчихсан нүдтэй л босоод ирсэн дээ.

-Хамгийн хэцүү зураг авалтын хэсэг гэвэл?

Г.Агиймаа: Бид хоёрт уйлдаг зураг авалтын хэсэг их байдаг. Тэр хэсгийн зураг хэцүү  ч манай хоёрдугаар найруулагч эгч маань “Аав чинь та хоёртой уулзахгүй, олон хоногоор явчихвал яаж хүлээж авах вэ” гэж дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг байсан. Тэгээд л би “Үнэхээр л аав минь ирэхгүй байвал…” гэж бодогдоод л жүжиглэсэн. Гэхдээ хоёрдугаар найруулагч эгч бид хоёрыг “Битгий жүжиглээрэй. Өөрийнхөөрөө л бай” гэдэг байсан. Би яг л аав, ээжтэйгээ байгаа юм шиг л байсан.

Ц.Номинжигүүр: Надад бас уйлах хэсэг хэцүү байсан. Би өөрөө аавгүй өссөн учраас аавгүй байхын зовлонг мэднэ. Тэгээд би дотроо “Аав минь тэнгэрийн орноос хүрээд ирвэл яах вэ” гэж бодсон.

Хоёрдугаар найруулагч маань “Энэ бол жүжиглэлт биш амьдрал. Чи амьдрал дээр яах байсан бэ гэдгээ л бод” гэж хэлдэг. Бид хоёр бие биедээ их зөвлөмж өгч байгаа.

-Аавынх нь дүрд тоглосон жүжигчин Г.Эрхэмбаяр ахдаа гомдсон уу?

Г.Агиймаа: Заримдаа киногоо үзээд аавыгаа үзэн ядна. Тэгээд л өчигдрийн ангийг үзээд аавыгаа их өрөвдсөн л дөө.

-Хоёр мундаг охин маань ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг бол?

Ц.Номинжигүүр: Би ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо сайн мэддэггүй байсан. Энэ кинонд тоглосны дараа жүжигчин болох мөрөөдөлтэй болсон.

Г.Агиймаа: Манай киноны “Бүсгүйн дуу” дууг дуулсан дуучин Б.Маралжингоо эгчийн дууг сонсохоор өөртөө маш их эрч хүчийг авдаг. Тийм болохоор би том болоод дуучин болно. Одоо сургуулийнхаа загварын тэмцээн болон “Би монгол хүүхэд” бүжгийн тэмцээнд жил бүр оролцдог. Бас сургуулийнхаа усан сэлэлтийн сургалтад явж байгаа.

-“Бүтэн амьдрал” кино нь гэр бүлээрээ л эрүүл саруул, элэг бүтэн байх нь чухал гэдгийг харуулж байгаа. Та хоёрын бодлоор хүүхдүүд ямар үед хамгийн аз жаргалтай байх бол?

Ц.Номинжигүүр: Нэг гэр бүл саллаа гэхэд ээжтэйгээ амьдарч буй хүүхэд аавын хайраар дутдаг. Аавтайгаа амьдарч байгаа хүүхэд ээжийн хайраар дутдаг. Тиймээс юу ч болж байсан гэр бүлээрээ хамт амьдарч, хүүхдээ бага насанд нь эрхлүүлж, хайрлаасай. Хүүхдээ том болоход нь аав, ээжүүд хэрхэн зөв үлгэр дууриалал болох ёстой вэ гэдгээ бодох ёстой гэж боддог.

Г.Агиймаа: Аав, ээж нь салахгүй, хэрүүл хийхгүй байвал хүүхдүүд их аз жаргалтай байдаг. Тэгээд бас эцэг, эхчүүд маань ажил, ажил гээд яваад байдаг болохоор хүүхдүүддээ багахан ч гэсэн цаг зав гаргаж байгаасай гэж хүсдэг.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
163
ЗөвЗөв
20
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж