NEWS АГЕНТЛАГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ӨРНИЙН ЗУРХАЙГ ХҮРГЭЖ БАЙНА
ХОНЬ
Ажил хэрэг: Од эрхсийн байрлалаас харахад дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл таны ажил хэрэг урагшгүй байдалд орж болзошгүй. Гэсэн хэдий ч сарын сүүл үед та маш их ажил амжуулсан байх болно. Санхүүгийн хувьд хэт үрэлгэн байвал сайн зүйл тохиохгүй л болов уу. Энэ сард зарлага их гарахын хажуугаар ашиг орлого тийм ч өндөр байхгүй тул хэрэглээгээ танах, ухаалгаар орлогоо зарцуулахгүй бол сарын сүүл болоход хүндхэн нөхцөл байдалд орно.
Хайр дурлал: Сарын эхэн үед шинэ харилцаа эхлүүлмээр санагдахгүй байж болох ч Буд гариг таныг зүрх сэтгэлээ чагнаж, дагахыг зөвлөж байна. Хэрвээ танд ямар нэгэн итгэл найдвар төрж байвал өөрийн алхамаа 12-15-ны өдрүүдэд хэрэгжүүлвэл од эрхэс таныг дэмжиж, бүхнийг сайнаар бүтээж өгөх болно.
Эрүүл мэнд: Өөрт тулгарч буй сэтгэл санааны асуудлуудаа шийдвэрлэхэд бясалгал зэрэг дотоод сэтгэлийн дасгал хийх нь тун тохиромжтой. Энэ сард өмнөх гомдол хорсол, таагүй мэдрэмжүүдээсээ салахад тохирсон боломж таны өмнө ирж байна.
ҮХЭР
Ажил хэрэг: Энэ сард шинээр гэрээ хэлцэл байгуулахдаа хянамгай байхыг зөвлөж байна. Эс тэгвээс алсдаа эдийн засгийн хохирол амсч болзошгүй. Мөн үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, уран зураг зэрэг үнэт зүйлс зарах болон худалдан авахад тохиромжтой.
Хайр дурлал: Энэ тал дээр таатай орчин бүрдэхийг хүлээх хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна. Сарын эхэн үед дэмий ганцаараа хичээгээд юунд ч хүрэхгүйн дээр сэтгэл санаа тань ч хангалттай бэлэн биш байх тул аливаа зорилгоо маш сайн төлөвлөж байгаад сарын сүүл буюу 15-30-ны хугацаанд хэрэгжүүлбэл тохиромжтой.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд харьцангуй сайн байх ч дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Фитнес болон спортоор хичээллэж эхлэхэд тохиромжтой цаг үе ба дасгал хөдөлгөөн хийх нь архаг хууч өвчин сэдрэхгүй, эрүүл чийрэг байхад их нэмэр болно.
ИХЭР
Ажил хэрэг: Энэ сард Ихрийн ордонд 13 жилд ганц тохиох байрлалд од эрхэсүүд ирэх тул зөн совингоо үнэнчээр дагавал гайхалтай өөрчлөлтүүд ирнэ. Иймд даатгалд хамрагдах, гэр бүлийнхээ санхүүг дээшлүүлэх, өв залгамжлалын асуудал хөөцөлдөх зэрэг ажлуудаа амжуулахыг зөвлөе. Ажлын талбар дээрээ удаан хугацаанд зорьсон ажлаа гүйцэлдүүлэхдээ л гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Мөн энэ сард олон нийтйиг хамарсан үйл ажиллагаа, сургалт, төсөл зэргээс зайлсхийхийг хичээгээрэй.
Хайр дурлал: Ганц бие ихрийн ордныхон од эрхсийн нөлөөгөөр ойр байдаг ажлын хамтрагч юм уу, хөрштэйгөө дотно харилцаа үүсгэж болзошгүй. Харин хостой ихрүүдийн хайр дурлалын амьдрал нэг шатаар дээшилж хурим, сүй тавих зэрэг төлөвлөгөө гарна.
Эрүүл мэнд: Дөрөвдүгээр сард элдэв дасгал хөдөлгөөнөөс илүүтэй өөрийн дотоод гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг зөвлөж байна. Сарын дунд үед биеийн хүчний дасгал сургуулилт эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
МЭЛХИЙ
Ажил хэрэг: Дөрөвдүгээр сард мэлхийн ордныхонд Ангараг гаригийн байрлал ашигтай нөлөөлж, гэр бүлийн орлогыг дээшлүүлэхэд дэмжлэг болох нь. Сарын дунд үед Буд гариг болон нарны байрлал ажлын байран дээрх эрч хүчийг нэмж, танд гайхалтай боломжууд гарч ирэхэд нөлөөлөхийн сацуу хамтрагчид тань танд урам зориг, эрч хүч өгнө.
Хайр дурлал: Хостой мэлхийн ордныхон сарын дунд үед биеэ хянамгай авч явахгүй бол хостойгоо муудалцаж, хардах, үл итгэлцэх нөхцөл байдал үүснэ. Хостойгоо илүү ойр дотно байж, бие биедээ итгэх, хамт ямар нэг зүйл бүтээхийг зөвлөж байна. Мөн сарын сүүл үед найз нөхөд, ажлын хамт олны нийллэг тасрахгүй байх тул цагийг зугаатай өнгөрүүлж, стрессээ тайлах хэрэгтэй.
Эрүүл мэнд: сарын эхээр Сугар гаригийн байрлал таныг өөрийгөө улам илүү таньж мэдэх, улмаар өндөр амжилтад хүрэх үйлсэд сайнаар нөлөөлнө. Өнгөрсөн бүх таагүй дурсамжуудыг мартахад хэцүү ч аль болох одоогийн байдалтайгаа холихгүй байж, өөрийгөө болон бусдыг уучлах хэрэгтэй. Бүх зүйлийн эерэг талыг нь харж, өөрийнхөө сэтгэлийг амар байлгаарай.
АРСЛАН
Ажил хэрэг: Сарын эхэн үед Сугар гаригийн нөлөөгөөр төлөвлөгөөгөө дагаж мөрдөх, карьертаа анхаарч ахиц гаргахад тохиромжтой байх болно. Сарын дунд үед огт төсөөлөөгүй шагнал урамшуулал хүртэж, тушаал дэвшиж болзошгүй. Урлагийн үйл ажиллагаа зохион байгуулдаг болон сайн дурын ажил эрхэлдэг арслангуудад энэ сар сайн мэдээ дуулгана.
Хайр дурлал: Энэ сард од эрхсийн нөлөөгөөр ойр дотнын муудалцсан, үл ойлголцсон нэгэнтэйгээ тааламжтай харилцаанд эргэн орно. Ганц бие арслангууд энэ сард олон шинэ хүнтэй танилцаж, найзлаж нөхөрлөж цагийг зугаатай өнгөрүүлнэ.
Эрүүл мэнд: Арслангийн ордныхны хууч өвчин тэр дундаа зүрх судасны эмгэг энэ сард сэдэрч магадгүй тул эрүүл мэнддээ онцгой анхаарах шаардлагатай болж байна. Мөн биеэ чагнаж, шинж тэмдэг бүрийг анхааралтай ажиглаж зохих эмчилгээг хийлгэхийг сануулж байна.
ОХИН
Ажил хэрэг: Сарын эхээр өр төлөх болон бусад яаралтай санхүүгийн бэрхшээлүүд шийдэгдэх болно. Тийнхүү хуучин өрүүдээ төлөхөд танд таагүй санагдаж магадгүй ч байдлыг гартаа авч чадвал энэ бүхэн эргээд танд ашигтай болон байдал эргэхийг санах хэрэгтэй. Сарын дунд үед гэр бүлийн орлого таатай болох бөгөөд зөв хүнд итгэж чадвал төлөвлөсөн ажил саадгүй бүтнэ гэж Буд гариг зааж байна. Ажлын байран дээрээ нарийн төлөвлөгөө гаргаж, түүнийгээ мөрдөөрэй.
Хайр дурлал: Сарын эхээр Буд, Далай ван гаригийн байрлал таны хайр дурлалд өнгө, гэрэл нэмэх бололтой. Гэсэн хэдий ч энэ нь өмнөх асуудлуудыг шийдэхэд төдийлөн нэмэр болохгүй тул нэгнээ сайтар сонсч, эвлэрэхийг хичээгээрэй. Харин ганц бие охины ордныхны бүтээлч байдал эрс нэмэгдэх хандлагатай байна.
Эрүүл мэнд: Төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах нь стресстэхгүй байхад тустай. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд нэн тустай.
ЖИНЛҮҮР
Ажил хэрэг: Энэ сар хувийн болон гэр бүлийн бизнес эрхэлдэг жинлүүрүүдэд ээлтэй сар болно. Мөн ажил дээр хамт олноо, хийдэг ажлаа сольмоор санагдаж магадгүй тул та ямар ч шийдвэр гаргасан бай үр дагавраа сайн тооцоолохыг од эрхэс сануулж байна. Сугар гаригийн нөлөө оюуны ажил хийдэг жинлүүрийн ордныхонд таатай, үр өгөөжтэй байх болно.
Хайр дурлал: Сарын эхэн үед хостой жинлүүрүүдэд хайртай хүнээ баярлуулах, тэдэнтэйгээ ойр дотно болж, ярилцах нөхцөлийг од эрхэс бүрдүүлж өгнө. Мөн энэ сард хостойгоо аяллаар явах, хуримаа төлөвлөх зэрэг ажлыг хийхэд тохиромжтой. Ганц бие жинлүүрийн ордныхон энэ сард өөрөөсөө өөр соёл, шашин шүтлэгтэй нэгэнтэй танилцаж, романс үүсгэж магадгүй.
Эрүүл мэнд: Энэ сард таныг өөрийн удаан дагаж мөрдсөн амьдралын хэв маяг, дадал зуршлаа өөрчилж үзэхийг зөвлөе. Ядаргаанд орж, эрч хүчээ алдаж магадгүй тул эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай.
ХИЛЭНЦ
Ажил хэрэг: Сугар гаригийн ашигтай байрлалд хилэнцийн ордныхон түншүүдтэйгээ хамтран төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулахад нэн тохиромжтой. Сарын дунд үед амжилттай хилэнцүүд шинэ ажлын санал хүлээн авч магадгүй. Хамтрагчид болон удирдлагууд тань энэ сард таны хичээл зүтгэлийг өндөрөөр үнэлэх болно. Харин шуугиан дэгдээх, ур чадвараа дээшлүүлэх, хөндлөнгийн этгээдтэй холбоо тогтоох зэрэг үйлс тохиромжгүй. Оронд нь хэрэгжүүлж буй төсөлдөө анхаарах, бүтээлч байдлаа хөгжүүлэхийг зөвлөж байна.
Хайр дурлал: Хилэнцийн ордныхноос өмнөх маргаантай асуудлууд салахгүй дагаж, төвөг учруулсаар байх бололтой. Энэ үед та өөртөө зөөлөн хандаж, асуудлуудыг шийдэж чадвал бүх зүйл эргээд хэвэндээ орох аж. Сарын дунд үеэр хосуудын харилцаа сайжирна. Харин ганц бие хилэнцийнхэнийг ажлын шинэ түнш, эсвэл гэнэтийн романтик учрал хүлээж байна.
Эрүүл мэнд: Энэ сард хорт зуршлуудаасаа салахад од эрхэс туслахад бэлэн байна. бие махбодийн идэвх өндөр байх тул амьдралын хэв маягаа өөрчлөөд үзэхэд гэмгүй. Сарын сүүл үеэр үе мөч, яс, бэлгэ эрхтэн, амьсгалын замын өвчлөлд эмзэг болох тул биеэ бодоорой.
НУМ
Ажил хэрэг: Дэлхий ван гаригийн нөлөөгөөр энэ сард ажлын байраа солих зэргийн томоохон өөрчлөлт гарч магадгүй. Огт төлөвлөөгүй ажлын санал, орчин зэрэгт азаа үзээд хэрэггүйг анхаарах хэрэгтэй. Мөн өөрийн карьертаа анхаарал хандуулж, ажил дээрээ зарим зүйлсийг өөр байдлаар туршиж үзэн, бүтээмжээ дээшлүүлэхэд тохиромжтой цаг үе тохиож байна. Энэ сард үзэсгэлэн худалдаа, элдэв төсөлд зориулсан хурал цуглаан хийх нь эсрэг үр дүн авчирж болзошгүй.
Хайр дурлал: Нумын ордынхныг энэ сард гэр бүлдээ анхаарал хандуулж, тэдэнтэйгээ аль болох их цагийг өнгөрөөж, эцэг эх дээрээ зочлохыг зөвлөе. Ганц бие нумууд хуучин хостойгоо ахин эргэн холбогдох, романс үүсгэж магадгүй. Иймд од эрхэс танд хянамгай байхыг анхааруулж байна.
Эрүүл мэнд: Дэлхий вангийн байрлалаас харахад хагалгаанд орох гэж байгаа болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа энэ ордныхон сайхан мэдээ дуулдна. Эрүүл мэнддээ анхаарч буй нумууд дэглэм барьж, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөе.
МАТАР
Ажил хэрэг: Энэ сард Матрын ордныхны болон тэдний хайртай хүмүүсийн санхүү тогтвортой байх төлөвтэй байна. Жижгэвтэр зорилгууд саадгүй бүтэх ч арай том ажлууд их цаг шаардана. Бизнест орж ирэх хөндлөнгийн хүмүүстэй болгоомжтой харьцахыг од эрхэс танд сануулж байна. Сураг гаригийн байрлалаас харахад сарын дунд үед таны уран сайханч, бүтээлч чанар дээшлэх бололтой. Тиймээс тэрхүү урам зоригоо ашиглан шинэ төсөлд гар бие оролцоод үзээрэй.
Хайр дурлал: Сарын эхээр хамаатан садан, хөршүүдтэйгээ таатай харилцаатай байх тул урьдын үл ойлголцлоо сайнаар шийдэхийг зөвлөж байна. Харин гэр бүлийн харилцааны хувьд их идэвхтэй болох тул гэртээ засвар хийхэд тохиоромжтой. Хосуудын харилцаа урьд урьдынхаасаа ч илүү халуухан түвшинд хүрэх аж. Харин ганц бие матрынхныг гэнэтийн романтик учрал хүлээж байна.
Эрүүл мэнд: Дөрөвдүгээр сард өөрийн биеийг энхрийлэхийг од эрхэс матрын ордныхонд сануулж байна. Ялангуяа хууч өвчин, ясны сийрэгжилт, нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоондоо онцгой анхаараарай.
ХУМХ
Ажил хэрэг: Энэ сард аз муутай бизнест хөрөнгө оруулж, ашиггүй худалдан авалт хийж болзошгүй. Үүнээс сэргийлж худалдан авалт, хөрөнгө оруулалт хийхдээ хянамгай хандаж, хүмүүсийн зөвлөгөөг сайн анхаарч авч үзэх хэрэгтэй. Ажил дээрээ шинэ академик ур чадвар суух дадалд суралцах, бусад ур чадвараа дээшлүүлэх зэрэгт анхаарах нь таны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж амжилт авчирна.
Хайр дурлал: Сарын эхний долоо хоногт гэр бүл дотор маргаан, зөрчилдөөн үүсч болзошгүй ч удаан үргэлжлэхгүй учир зүйгээ ололцно. Мөн энэ сард гэртээ шинэ зүйл худалдан авах, дотоод заслаа өөрчлөх, шинээр орон сууц авах зэрэг зүйлс болж магадгүй. Хүүхэдтэй хумхын ордныхон хүүхэдтэйгээ илүү ойр дотно болж тэд таньтай хүсэл мөрөөдөл, асуудлуудаа ярилцаж эхэлнэ.
Эрүүл мэнд: Ажлын ачааллаа зохицуулах шаардлага тулгарна. Эс бөгөөс их ажилласны үр дүнд биеийн байдал муудаж, эрүүл мэнд эдийн засгаараа хохирч болзошгүй.
ЗАГАС
Ажил хэрэг: Сарын дунд үеэр санхүүгийн байдал тогтвортой байхаас гадна цалин нэмэгдэж ч магадгүй. Түүний тулд ажлын бүтээмжээ бууруулахгүй байх тал дээр хичээх хэрэгтэйг санаарай. Дөрөвдүгээр сар бол бусадтай хамтран ажиллахаас илүү хувийн ажилдаа санаа тавихад тохиромжтой сар. Ингэснээр та өрсөлдөгчиддөө өөрийгөө хэн гэдгээ харуулж чадна. Хэдий тийм ч болгоомжтой байхгүй бол сайн хамтрагчдаасаа хагацах аюултай.
Хайр дурлал: Хүлээх ёстой үүргээ биелүүлэх нь ирээдүйдээ хийх том хөрөнгө оруулалт гэдгийг санаарай. Та бол зөвхөн хувь хүн, ганц ажилтан биш тул хамтрагчид, найз нөхөд, хайрттайгаа харилцах харилцаандаа анхаарал хандуулах нь зүйтэй. Ингэсэн цагт сарын сүүлээр та эргэн тойрон дахь хүмүүсийнхээ үнэ цэнийг хэзээнээс ч илүү мэдрэх болно.
Эрүүл мэнд: Дөрөвдүгээр сар бол өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийж, өөрийгөө таньж мэдэхэд нэн тохиромжтой сар. Түүнчлэн сэтгэлзүйн эмчилгээ хийлгэх нь өндөр үр дүнтэй.
Холбоотой мэдээ