Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2020 оны гуравдугаар сарын 24-ны өдөр Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал, гүйцэтгэх захирал нарт өөрийн хөрөнгийн дутагдалд орсон, чанаргүй зээлийн хэмжээ өндөр байгаа эрсдэлтэй банкинд байршсан мөнгөн хөрөнгийг нэн яаралтай татах чиглэлийг өгсөн байна.
ТУС ЧИГЛЭЛД “Монголбанкнаас арилжааны банкуудад өөрийн хөрөнгөө эрсдэл даах хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх үүрэг, шаардлага өгч ажиллаж байгаа ч зарим банк өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг хангахгүй болох, харилцагчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа асуудал гарч байна. Түүнчлэн төрийн өмчит хуулийн этгээдүүдээс банкуудад байршуулсан хөрөнгийн хэмжээ тухайн банкны төлбөрийн чадвар, хөрөнгийн хэмжээтэй харьцуулахад өндөр, эрсдэлтэй түвшинд байгаа талаар Сангийн яамнаас анхааруулж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт зөвлөмж ирүүлсэн болно.
Иймд төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй өөрийн хөрөнгийн дутагдалд орсон, чанаргүй зээлийн хэмжээ өндөр байгаа эрсдэлтэй банкинд байршсан мөнгөн хөрөнгийг нэн яаралтай татах, өөрийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг банкуудад байршуулах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай бол Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа байдал тухайн банкны зээлийн нөхцөл, чанаргүй зээлийн хэмжээ зэргийг харгалзан үзэж эрсдэлгүй, хамгийн өгөөжтэй байх харилцагч банкийг сонгон шалгаруулалтын аргаар сонгож, цаг тухай бүр банкууд дээрх мөнгөн хөрөнгийн хэмжээг зохистой удирдаж, эрсдэлээ тогтмол хянан ажиллаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх тайлангаа 2020 оны тавдугаар сарын 30-ны өдрийн дотор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт газарт ирүүлэхийг чиглэл болгож байна.
Эрсдэлтэй банкинд мөнгөн хөрөнгө байршуулж аж ахуй нэгжийг хохиролд оруулсан тохиолдолд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх үндэслэл болохыг анхаарч ажиллана уу” гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, Монголын банкны сектерт бас нэг эрсдэл үүссэн гэсэн үг. Харин энэ нь ямар банк болохыг одоогоор Монголбанкнаас ихэд нууцалж байна.
Монголбанк ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 2017 онд банкуудын активын чанарын үнэлгээг олон улсын хөндлөнгийн зөвлөх компаниар хийлгүүлэхэд Худалдаа хөгжлийн банк, Голомт, Улаанбаатар хотын банк, Капитрон, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал зэрэг банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тогтоож байсан билээ.
Улмаар дээрх банкуудын хөрөнгийн хэмжээг 2021 оны эцэс гэхэд 100 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг Монголбанкнаас өгч, шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж буй. ОУВС, Монголбанкны шаардлагыг хангаагүй тул УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн Капитал банкийг 2019 оны хавар албадан буулгасан. Капитал банкны чанаргүй зээл нь 208 тэрбум төгрөгт хүрч, нийт хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөг, өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн учраас төв банкны зүгээс ийм арга хэмжээ авсан юм.
Дампуурсан Капитал банкинд Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 135 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4 тэрбум, МУБИС-ийн 2 тэрбум төгрөг зэрэг нийт төрийн 31 байгууллага, 375 тэрбум төгрөг байршиж, алдагдалд орсон.
Банкны секторын доголдол ганц Капитал банкаар дуусаагүй. Энэ оны нэгдүгээр сард Ариг банкинд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор тус банкны удирдлагын менежментийг Төв банк хариуцан ажиллаж бүрэн хяналтдаа авсан гэсэн үг юм. Ариг банкийг Эрэл групп, Номин холдинг компаниуд хамтран эзэмшдэг юм. Хөрөнгө оруулагчдын дунд маргаан гарсны сацуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх Төв банкны үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тул дээрх шийдвэрийг гаргасан гэдэг.
Тухайн үед Төв банкны гаргасан мэдэгдэлд дурдсанаар “Ариг" банк Монголбанкны ерөнхийлөгчийн өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хувь нийлүүлэгчдийн хооронд маргаан үүссэнээс хувьцаа эзэмшигчдийн хурлаар маргаантай асуудлаа шийдвэрлэж чадахгүй төлөөлөн удирдах зөвлөл эрх зүйн чадамжгүй болсон тул зохисгүй засаглал алдагдсан. Иймд Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөс хамгаалах үүднээс Банкны тухай хуульд заасны дагуу нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсныг дурдсан.
"Ариг" банкнаас ирүүлсэн мэдээллээр 2019 оны эцсийн байдлаар тус банк Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгө, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж байна. Бүрэн эрхт төлөөлөгч нь "Ариг" банкны үйл ажиллагааг хүлээж авсан бөгөөд нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэдгийг тодотгосон. Ийнхүү Монголын банкны салбарт бас нэг эрсдэл нэмэгдэж байгаа бололтой.
Холбоотой мэдээ