Шинэ төрлийн коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч буй энэ үед улс орны эдийн засаг, ард иргэд, хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр дараах долоон шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан. Үүнд:
- Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл НДШ-ийг ААН-үүдийг тэглэж байна.
- Дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
- Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуй нэгжүүдээс татвар авахгүй.
- Ажлын байрыг хадгалж буй хувийн аж ахуй нэгжүүдэд гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг.
- Малчдад гурван хувийн хүүтэй гурван тэрбумын зээл олгоно.
- Бүх шатны боловсролын байгууллагыг түр зогсоосонтой холбоотойгоор гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ.
- Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны литр тутамд тодорхой хэмжээнд бууруулна.
Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай 5.1 их наяд төгрөгийг шийдвэрлэхэд төсөвт тодотгол хийхгүй гэж Засгийн газар мэдэгдсэн бол АН-ын хувьд төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай гэдгийг хэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын төсөв одоогоор 275 тэрбум төгрөгөөр тасарсан. Энэ долоо хоногийн VS буландаа Монгол Улсын 2020 оны төсвийг тодотгох эсэх асуудлаар талуудын эсрэг, тэсрэг байр суурийг онцоллоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
Эдийн засгийг дэмжихэд чиглэсэн долоон арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай 5.1 их наяд төгрөгийг Засгийн газар Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар шийднэ. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд санхүүгийн сахилга батыг улс орон даяар маш сайн бэхжүүлсэн. Эдийн засгийн суурь үзүүлэлтийг сайжруулж чадсан. Нийтдээ 8.2 их наяд төгрөгийн өрийг буулгаж, тулсан өрийн дарамтуудыг нугалж чадсан. Тиймээс одоо байгаа мөнгөн хөрөнгийн бүрэн хэмжээгээр ямар нэгэн саадгүйгээр шийднэ.
Төсөвт тодотгол хийхгүй, бүтээн байгуулалтын ажлуудаа танахыг хүсэхгүй байна. Цаана нь ажлын байр, цалин хөлс байгаа. Бүтээн байгуулалтаа зогсоовол энэ бүхэн зогсоно. Хүн амын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ хүмүүстээ нийгмийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Улс оронд хийгдэх бүтээн байгуулалтыг танах нь эдийн засагт эсрэгээрээ хүндрэл дагуулах учраас зогсоохгүй.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
5.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг хаанаас олж ирэх үү гэдэг асуудал тулгарч байна. 2020 оны улсын төсвийг батлах үеийнхнээс нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал эрс тэс өөр байгаа. Тухайн үед төсвийг орлогод 42 сая тонн нүүрс экспортолно, эдийн засгийн өсөлтөө 6 хувьд барьж чадна гэсэн төсөөлөлтэй байсан. Тэгвэл өнөөдөр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал долоо хоног тутмаар өөрчлөгдөж байна. Ялангуяа Хятад улсын эдийн засгийн уналт хэрхэн үргэлжлэх эсэх нь тодорхой бус ийм үед бид хэтэрхий өөдрөгөөр харж төсвийг тодотгохгүйгээр 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг гаргах ломжгүй.
Төсвийн тухай хуульд “Урьдчилж тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах үед зарлага нэмэгдсэний улмаас төсвийн алдагдал нэмэгдэхээр байвал алдагдлын хэмжээ ДНБ-ний гурван хувиас дээш гарвал төсөвт зайлшгүй тодотгол хийнэ гэж заасан. Оны эхний хоёр сарын байдлаар 400 тэрбум төгрөгөөр төсвийн орлого тасарсан. Цааш үргэлжилбэл 1.5 их наяд төгрөгөөр төсвийн орлого дутах тооцоололтой байна. УИХ-д танилцуулахгүйгээр Засгийн газар дангаар шийдвэр гаргаж байгаа нь процедурын хувьд алдаатай. Өөрөөр хэлбэл хууль нь орж ирээгүй байхад арга хэмжээ нь түрүүлж явагдаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.
Холбоотой мэдээ