Зүүнбаян суманд газар хөдлөлт болжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Зүүнбаян суманд газар хөдлөлт болжээ

Дорноговь аймгийн Зүүнбаян сумаас баруун зүгт ойролцоогоор 30 км газарт өнөөдөр газар хөдлөлт болжээ. Одон орон, геофизикийн судалгааны төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Цэмбэлээс энэ талаар тодруулж асуухад “Өнөөдөр Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутаг дэвсгэр болох координатын 44.5 өргөрөг, 109.6 уртрагийн солбицолд  08:38 цагт 4.9 магнитут буюу 6 баллын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн. Одоогоор бидэнд ирүүлсэн мэдээллээр энэ үед Зүүнбаян  сумын төвийн айл өрх, албан байгууллагагад цонх, хаалга хөдлөх, хүмүүсийн дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдсан байна. Газар хөдлөлт мэдрэгдсэн газраас ижил хэмжээнд байдаг Сайхан дулаан суманд энэ шинж тэмдэг илрээгүй гэсэн мэдээлэл байгаа боловч учир шалтгааныг тогтоохоор манай төвийн судалгааны багийнхан ажиллаж байна. Зургаан баллаас дээш хэмжээний чичирхийлэл газар хөдлөлтийн аюултай үзэгдэлд тооцогддог хэдий ч энэ удаад хүн амын төвлөрөл, хотжилтоос хол эзгүй тал хээр байсан учраас хохирол учирсангүй” гэлээ.

Дашрамд сонирхуулахад 2010 он гарсаар аюулт үзэгдэл буюу зургаан  баллаас дээш хэмжээний газар хөдлөлтийн чичирхийлэл манай улсын нутаг дэвсгэрт мэдрэгдээгүй ч 3.8 магнитутаас доош газар хөдлөлтийн чичирхийлэл 38  тохиолдол бүртгэгдсэн байна. Тус төвд өдөрт дунджаар 60 орчим газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэл тоологддог байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж