“Коронавирус бол хүн төрөлхтний дайсан” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) дарга Тедрос Адханом мэдэгдсэн. Дэлхийн 200 гаруй оронд тархсан ‘covid-19’ өвчний цар тахлын улмаас олон сая хүн хүнд цаг үеийг туулж байна. Халдварын тархалтыг зогсоохын тулд олон улс хилээ хааж, хатуу хөл хорио, карантин тогтоох замаар тэмцэж байгаа нөхцөлд хүний суурь эрхийг зөрчихгүй байхыг Европын хүний эрхийн зөвлөлийн комиссар Дуня Миятович сануулжээ. Мөн Засгийн газрууд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээндээ ялгаварлан гадуурхал, хэт үндсэрхэг үзлийг дэврээхгүй байхыг тусгах хэрэгтэй болсныг ч онцлов. Тухайлбал, коронавирусийн халдвар анх Хятадад гарч олон улсад тархсанаас үүдэн Ази хүмүүсийг гадуурхах, биед нь халдах зэрэг үйлдлүүд АНУ болон Европын орнуудад гарах болсон юм.
Цар тахлын эсрэг зарим оронд иргэдийнхээ эрхийг зөрчсөн хэтийдсэн арга хэмжээнүүдийг ч авч байна. Тухайлбал, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич энэ гуравдугаар сарын 15-нд хүмүүс онц байдал тогтоосон. Сербийн Ерөнхийлөгчийн байр суурь бэлгэдлийн чанартай боловч сүүлийн өдрүүдэд Александр Вучич өдөр бүр шинэ зарлиг гаргаснаа танилцуулж, түүнийг нь Засгийн газар автоматаар баталж байна. Үүнийг сөрөг хүчний зүгээс улсын бүрэн эрхийг гартаа авсан хэмээн шүүмжилжээ. Өдгөө Сербийн Белград хотноо буу барьсан цэргүүд гудамжаар эргүүл хийж, 12 цагийн турш цагдаагийн хяналт дор хөл хорио тогтоож, 65-аас дээш насны хүмүүсийг гэрээсээ гарахыг хоригложээ. Сербид үзэсгэлэнгийн танхимуудад эмнэлгийн ор байршуулж, армийн цэргүүд манаж байна.
Гэтэл онц байдал нь шаардлагатай нөхцөлд, тодорхой зорилгын хүрээнд зарлагдах ёстой. Онц байдал зарласнаар улс орнууд нийтийн эрх ашиг, хүний эрхийг хязгаарласан арга хэмжээнүүд авч хэрэгжүүлдэг. Энэ нь хилээ хаах, хөл хорио тогтоох, хяналт шалгалтаа нэмэгдүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумих зэргийг авч эхэлдэг. Халдварын голомт Хятад улсад өвчлөл бүртгэгдсэн зарим хотуудыг хөл хорьсон бол Энэтхэгт үүнийг орон даяар хэрэгжүүлж байна. Түүнчлэн зарим оронд иргэдээ хянахын тулд гар утасны байршил тогтооч ашиглаж, өөрийгөө тусгаарлах дэглэмийг зөрчвөл шоронд хорих хүртэл арга хэмжээ авч байна. Олон улсын хүний эрхийн Эмнести интернейшнл байгууллагаас онц байдал тогтоох нь Үндсэн хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн арга хэмжээ ч үүнийг энгийн үзэгдэл мэт болгож болохгүй гэдгийг анхааруулжээ.
Европын холбооны гишүүн Унгар улсын парламент гэхэд онц байдал зарласан хугацаанд зарлиг гаргах эрх мэдлийг Ерөнхий сайдад өгсөн. Мөн онц байдал тогтоосон хугацаанд худал мэдээлэл тараасан хүнийг таван жил хүртэл хугацаагаар шоронд хорих, карантин арга хэмжээнд саад болбол найман жил шоронд хорих зэрэг хатуу хуулийг баталжээ. Дээрх хууль нь иргэдийг хамгаалах зорилготой боловч хүний эрхийг зөрчих, хэвлэлийн эрх чөлөөг боомилоход урвуулан ашиглахад хялбар аж. Үүнийг Европын парламентын гишүүн Таня Фарон дүгнэхдээ “Европт ардчилал нүдний минь өмнө нуран унаж байна” хэмээжээ.
Израйлийн Засгийн газар сүүлийн өдрүүдэд коронавирусийн эсрэг олон арга хэмжээг ар араас нь батлан танилцуулж байна. Эн тэргүүнд Израйлийн Засгийн газраас иргэдийг электрон төхөөрөмжөөр тандаж, мөрдөх, шүүхийн үйл ажиллагааг удаашруулах, хойшлуулах зэрэг арга хэмжээг авчээ. Ингэснээр Биньямин Нетаньяхугийн авлигын хэргийн шүүх хурал хойшилж, хүмүүсийг жагсаал цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлэхээс сэргийлжээ.
ОХУ-д коронавирусийн талаарх худал мэдээлэлтэй тэмцэх нэрийдлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад дарамт үзүүлж, олон нийтийн сүлжээн дэх хэрэглэгчдийн хяналтыг нэмэгдүүлсэн. Мөн ОХУ-ын нийслэл Москвад хөл хорио тогтоосон ба бусад хотууд дагаад карантин арга хэмжээ зарлажээ. Худал мэдээллийн эсрэг хуулийн хүрээнд хууль тогтоогчид хувь хүний нийгмийн сүлжээнд байршуулсан үзэл бодол, мэдээлэл зэргийг хянах бөгөөд далд санаа нь Засгийн газрын эсрэг шүүмжлэлийг ч дарах.
Польшид гар утасны аппликейшн ашиглан иргэдийг гэртээ өөрийгөө тусгаарлах карантин арга хэмжээг хянаж байна. Харин хүний эрхийн Паноптякон сангаас тус аппликейшн нь хувь хүний талаар хэтэрхий их мэдээллийг Засгийн газар олж авах боломжийг олгоно хэмээн шүүмжилжээ.
Үүний зэрэгцээ Засгийн газрууд халдвараар өвчилсөн хүмүүсийн тоог нуун дарагдуулах, дарах зэргээр хүний мэдэх эрхийг зөрчиж байна. Тухайлбал, Сербид оношлуурын хүрэлцээ хангалтгүй байгаагаас зарим өвчтөнүүдийг энгийн хатгаа, амьсгалын замын бусад өвчин гэж үзэж байгааг Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид хэлжээ.