Европын хэд хэдэн орны засгийн газар Хятадад үйлдвэрлэсэн эмнэлгийн хэрэгслүүдийг голон буцаажээ.
Хэдэн мянган оношилгооны тест, эмнэлгийн маск стандартаас доогуур, алдаатай үйлдвэрлэгдсэн хэмээн Испани, Турк, Нидерландын эрх баригчид мэдээлж байна.
Өнгөрсөн долоо хоногт Нидерландын эрүүл мэндийн яам БНХАУ-аас 600 мянган маск гуравдугаар сарын 21-нд худалдан авч эмнэлэгт тэргүүн шугамд ажиллаж буй эмч нартаа тараасан хэмээн мэдэгдсэн билээ.
Гэтэл тус маскууд эмч нарын нүүрэнд таарахгүйн дээр чанарын баталгаатай хэрнээ шүүлтүүр нь зөв ажиллахгүй байсан гэнэ. Тиймээс Нидерланд үлдсэн захиалгаа даруй цуцалсан байна.
Харин Испаний засгийн газар Хятад компаниас худалдан авсан оношлуурууд ажиллахгүй байсныг мэдэгджээ. Испани хэдэн зуун мянган оношлуур худалдан авсан ч хэрэглэсэн оношлуурын ихэнх нь буюу 60 мянга нь ажиллахгүй байжээ. Энэ талаар БНХАУ дахь Испаний элчин сайдын яам "Оношлуур зарсан "Шенжен Биоийзи Биотехнологи" компани бүтээгдэхүүнээ зарах албан ёсны зөвшөөрөлгүй байжээ" хэмээн жиргэсэн бөгөөд Хятадын засгийн газар, Алибаба группын хандивласан бараа нь дээрх компанитай хамааралгүй гэдгийг тодруулсан байна.
Мөн Турк Хятад компаниудаас авсан оношлуурууд ажиллахгүй байгааг мэдээлсэн аж.
Зарим хүмүүс Хятадыг цаашид олон улсад нөлөөлөх нөлөөгөө нэмэгдүүлэхэд коронавирусийг ашиглаж байна хэмээн шүүмжилсний дараа ийнхүү олон чанарын шаардлага хангаагүй бараа гарч ирж буй нь сонин.
Европын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жосеп Боррелл "Хятад улс өөрсдийгөө АНУ-ыг бодвол хариуцлагатай, найдвартай түнш хэмээн тууштай өмгөөлж байна. Харин бид Европыг элдэв аюулаас үнэн бодит баримтаар хамгаалах үүрэгтэй" хэмээн бичжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ