Коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Тайвань 2020 гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хилээр орж ирж буй бүх иргэнээ гэртээ өөрсдийгөө 14 хоног тусгаарлахыг шаардаж байна. Цар тахлыг хянах удирдлагын төвийн дэд дарга Чэнь Зунянь хэлэхдээ улсын хэмжээнд энэ сарын 24-ний өдрийг хүртэл 40 мянга гаруй хүн гэртээ өөрийгөө тусгаарлаж байна. Үүнтэй холбогдуулаад Засгийн газрын ачааллыг багасгахын тулд Тайванийн Засгийн газар, хувийн хэвшил хамтарч гэртээ хянах смарт төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлж, Юньлин болон Пинтунг хотод туршилтыг эхлүүлж, улмаар Сингапур зэрэг улсаас худалдан авалт хийжээ.
Тайванийн эдийн засгийн яамны тайлбарласнаар “смарт гэр дохиолол” нь эхэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон сургуулийн хүүхдүүдийг төөрч алга болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг байсан бол өдгөө хорио цээрийн дэглэмийн үед авч ашиглахаар шийдвэрлэсэн байна.
Тус “смарт гэр дохиолол”-ыг суурилуулах үйл явц нь одоогийн гар утсаар хянах механизмтай ижил төстэй бөгөөд тухайн дүүрэг хорооны холбогдох ажилтан тусгаарлагдах шаардлагатай иргэний гэрт хүргэн өгч, дохиоллын мэдрэгчийг гэртээ цахилгаан үүсгүүрт залгаж, мөн цаг хэлбэрийн төхөөрөмжийг гартаа зүүснээр нийт суурилуулалт 5-10 минутад дуусгавар болох ба хоёр минут зүүгээгүй тохиолдолд дохиолол дуугарч мэдэгдэх юм. Үүнээс гадна, тусгаарлагдаж буй иргэн орон сууцны барилга дотор дээш, доош хийх хөдөлгөөнийг ч тандах боломжтой аж.
А.ТУЛГА
Холбоотой мэдээ