Азийн хөгжлийн банк (АХБ)-наас шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих зорилгоор нэг сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн байна.
Энэхүү буцалтгүй тусламжийг Ази Номхон далайн Гамшгийн хор уршгийг арилгах сангаас олгох аж. Энэ хүрээнд өвчний оношлогоо, яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, хувийн хамгааллын хэрэгслүүд зэрэг эмнэлгийн чухал тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нэн даруй худалдан авах үйл ажиллагаа хэрэгжих нь.
АХБ-ны Зүүн Азийн газрын дарга Жеймс Линч “АХБ covid-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх Монгол Улсын хүчин чармайлтыг тууштай дэмжих болно” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр “Энэхүү буцалтгүй тусламж нь нийгмийн эрүүл мэндийн салбарт учирч буй, харьцангуй удаан хугацаанд үргэлжилж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авах чиглэлд Монгол Улсын Засгийн газарт үзүүлж буй дэмжлэг юм” хэмээн онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газар вирусийн халдвар дэлхий нийтэд тархаж байгаатай уялдан Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу гамшгийн зэрэглэлийг хамгийн өндөр хэм хэмжээнд тогтоож, улсын төсвөөс 4.3 сая ам.долларын эх үүсвэрийг нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилтэд хуваарилаад байгаа билээ.
АХБ-наас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 5 дахь шатны төсөл”-ийн хүрээнд өвчний эрт илрүүлэг, яаралтай тусламж, амьсгалын замын хүнд өвчний тусламж үйлчилгээнд ашиглагдах нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авахад зориулж 1.4 сая ам.долларыг дахин хуваарилж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хяналт тандалтыг хэрэгжүүлэх үндэсний чадавхи, тогтолцоог дэмжих 225 мянган ам.долларын техник туслалцааны төслийг баталсан тухай 3 дугаар сарын 18-ны өдөр нийтэд мэдээлсэн билээ. Энэхүү 1 сая ам.долларын буцалтгүй тусламж нь өмнө гаргасан эдгээр шийдвэрийн үргэлжлэл болж хэрэгжих ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ