Монголбанкнаас мэдээлснээр давхардсан тоогоор 26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсчээ. Үүнээс 65.1 хувь нь буюу хоёр их наяд төгрөг нь аж ахуйн нэгжид, 35 хувь нь буюу 545 тэрбум төгрөг нь иргэнд хамаарч байна. Мөн хуваарийн дагуу хийгдэх ёстой нийт өрийн үйлчилгээнээс 195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байгаа аж.
Иймд Засгийн газар, Монголбанкнаас арилжааны банкууд зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулахыг хүсч байгаа юм. Энэ дагуу арилжааны банкууд онлайнаар зээл хойшлуулах хүсэлт авч эхэлсэн байна. Зээлтэй иргэд доорх зааврын дагуу зээлээ хойшлуулах хүсэлт явуулах боломжтой болжээ. Тухайлбал, Голомтын зээлтэй иргэд https://zeel.golomtbank.com холбоосоор, Худалдаа хөгжлийн банкны зээлтэй иргэд https://www.cardcentre.mn/loanreq/index.php энэхүү холбоосоор орж зээлээ хойшлуулах боломжтой. Харин Хаан банкны зээлтэй иргэд https://www.khanbank.com/mn/personal/news/khaan-bank-ersdeliig-dawan-tuulakhad-ni-khariltsagchdadaa-demjleg-uzuulj-baina холбоосоор орж зээлээ хойшлуулах боломжтой юм байна.
Арилжааны банкууд Монголбанкнаас гаргасан багц шийдвэрийн дагуу холбогдох дотоод журам, дүрэмдээ өөрчлөлт оруулан харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлснээр 1069 иргэний 36.6 тэрбум төгрөгийн зээл, 126 байгууллагын 409.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ