Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх танаа

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх танаа

Та сайхан хаваржиж байна уу. Дэлхий дахинд дэгдээд буй коронавирусийн тохиолдол Монголд ч илэрсээр буй нь аюул, гамшгийн тухай бидний уламжлалт ойлголт ихээхэн өөрчлөгдөх шаардлагатайг нотлож буй. Онцгой байдлын салбарыг хариуцаж байсан хүний хувьд ч та үүнийг маш сайн ойлгож ажиллаж байгаа гэж харж байна. Төрийн эрх барьж буй МАН-ын даргын хувьд парламентыг яаралтай хуралдуулж, вириусийн үед Засгийн Газар тань үр нөлөөтэй ажиллахыг дэмжсэн тогтоол гаргах шаардлагатай байна. Хууль тогтоох байгууллагынхаа дэмжлэггүйгээр энэ аймшигт өвчинтэй тэмцэх нь үр дүнгүй юм.

Гэвч наана нь Их хурлыг хүлээлгүй Ерөнхий сайдын хувьд Та өөрөө манлайлж вирусийн эсрэг ямар бодлого, төлөвлөгөөтэй байгаагаа ард түмэндээ танилцуулах бодит шаардлага үүсээд удлаа. Гурван сая монголчууд, хоёр зуу гаруй эмч, эмнэлгийн ажилтан, 2000 гаруй тусгаарлагдсан иргэн нийлж аюулт вирустэй өдөр, шөнөгүй тэмцэж байгаад талархавч баршгүй. Монгол үндэстний зовох цагтаа нэгдэх гайхалтай чадварт үл эргэлзмүй. Гэвч сүүлийн үед Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны удирдлагын зүгээс хэвлэл мэдээллээр дамжуулан өгч буй мэдээлэл хангалттай бус санагдах боллоо. Мэдээлэл авах Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй иргэн хүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаас асуух дөрвөн асуулт байна.

  1. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас хийж буй сүүлийн хэвлэлийн хурлуудаар хорионд байгаа иргэдийн зохисгүй зан авиртай холбоотой загнасан, гомдоллосон мэдээллийг түгээх боллоо. Зохисгүй зан авир гаргасан иргэдэд захиргааны арга хэмжээ авахын оронд яагаад олон нийтэд шууд мэдээлж, сошиал орчинд жигшүүлж байна вэ? Эдгээр иргэд хорионоос гарсны дараа сошиал орчинд дүүжил, шатаа, буцаад онгоцонд нь суулгаад зайлуул гэж заналхийлэгчдээс баталгаатай хамгаалагдаж чадах уу? Ер нь хорионд удаан байгаа иргэдтэй сэтгэл зүйч ярилцаж байгаа юу?
  2. Гадаад орны тэргүүн, ерөнхий сайдууд иргэддээ өөрийн орны вирустэй тэмцэх стратеги, нөөц чадавхийг нээлттэй мэдээлж байна. Ерөнхий сайд аа, коронавирусээр Монголд яг хэчнээн хүн өвчлөх магадлалтай, хэр хугацаанд үргэлжилнэ хэмээн тооцож ажиллаж байна вэ? Монгол Улс ямар нэртэй эмийг эмчилгээнд хэрэглэж байна вэ? Тэр эм хэрэгслийн хэдий хэмжээний нөөцтэй байгаа вэ?
  3. Одоо яаралтай нэмж авах, захиалах ямар тоног төхөөрөмж, эд материал байгаа вэ? Вирус тархсан үед үхэл амьдрал шийдэх амьсгалын аппаратын тоо хэд байх ёстойгоос хэд дутуу байгаа вэ? Бид хаанаас, гадаад аль орноос тодорхой ямар төрлийн тусламж  хүсэх ёстой вэ?
  4. Өдөр, шөнөгүй вирустэй нүүр тулан тэмцэж буй эмч нар, эмнэлгийн ажилтнууд, онцгой, цагдаагийн ажилтнуудын нэмэлт урамшуулал, ажиллах нөхцөлийг хэрхэн нэмэгдүүлэх бодлого баримталж байна вэ? Тэдний вирус тусахгүй байх аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ? Та эмч нарын баяраар цахимаар мэнд дэвшүүлснээс өөрөөр ямар бодитой арга хэмжээнүүд одоогоор аваад байна вэ?

Энэхүү ил захидлыг хэвлэл мэдээллээр дамжуулан эрхэм Ерөнхий сайд танд илгээлээ. Асуултын хариуг ч мөн тодорхой, уянгын халил багатай, товч байдлаар энэ долоо хоногтоо багтаан авахыг хүсч байна.

Хүндэтгэсэн., Баянзүрх дүүргийн иргэн О.Чулуунбилэг. 2020.03.31

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
26
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж