Дэлхийн банк: Монголд "Covid-19"-ийн улмаас түүхий эдийн үнэ унах эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк: Монголд "Covid-19"-ийн улмаас түүхий эдийн үнэ унах эрсдэлтэй

Дэлхийн банк: Монголд "Covid-19"-ийн улмаас түүхий эдийн үнэ унах эрсдэлтэй

БНХАУ-д нийлүүлэлтийн тасалдал анх үүсгэж байсан шинэ төрлийн коронавирусийн тархалт дэлхийн эдийн засагт нөлөөлөхүйц томоохон цочрол болж хувирчээ. Зүүн Ази, Номхон Далайн хөгжиж буй орнууд дэлхийн худалдааны хурцадмал байдлын нөлөөллөөс алгуур сэргэж байсан ч Covid-19 халдварын тархалттай тэмцэж, цаашид дэлхийн санхүүгийн зах зээлийн цочрол, хямралтай нүүр тулгарах төлөвтэй болсон талаар Дэлхийн банкнаас мэдээлэв.

Тус банкнаас Covid-19-ийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг сааруулах арга хэмжээг улс орнууд яаралтай авах шаардлагатайг анхааруулжээ.

Зүүн Ази, Номхон далайн бүсийн ихэнх улс орнуудын хувьд макро эдийн засгийн бодлогын сахилга батыг сайтар хадгалж, санхүүгийн зохистой хэрэгслүүдийг нэвтрүүлсээр ирсэн тул тодорхой хэмжээний эдийн засгийн цочрол, хэлбэлзлийг даван туулах чадамжтай болсон. Гэвч өдгөө сөрөг нөлөө нь харилцан эрчимжсэн, уламжлалт бус үйл явдлууд тулгараад байна.

Бүх улс орнууд эдийн засгийн ноцтой хүндрэлээс бүрэн зайлсхийх боломж хомс болсон учраас уг халдварын нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөг нь сааруулах зорилгоор эрүүл мэндийн салбарын чадамж, үр ашгийг сайжруулах хөрөнгө оруулалт, халдварын улмаас хамгийн их хохирол амсч буй хэсгийг оновчтой зорилт болгосон бодлогын арга хэмжээ, түүн дотроо төсвийн оновчтой арга хэмжээг яаралтай авах шаардлагатай гэдгийг энэ удаагийн Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг Covid-19 тархалтын үед сэдэвт Эдийн засгийн тойм (2020 оны 4 дүгээр сар) тайланд онцолжээ.

Нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа тул эдийн засгийн төлвийн нарийвчилсан төсөөлөл гаргахад хүндрэл учирч байгаа аж. Иймд тус тайланд суурь төсөөлөл болон нөхцөл байдал хүлээлтээс муудах тохиолдолд гарч болзошгүй сөрөг хувилбарын аль алиныг нь танилцуулжээ.

Урьдчилсан гүйцэтгэлээр хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг 2019 онд 5.8 хувиар өссөн бол 2020 онд суурь төсөөллөөр 2.1 хувийн өсөлт үзүүлэх боломжтой ч нөхцөл байдал хүндэрвэл 0.5 хувиар агшиж ч болзошгүй байгаа аж. БНХАУ-ын эдийн засаг 2019 онд 6.1 хувиар өсч байсан бол 2020 онд суурь хувилбараар 2.3 хувиар өсөх, сөрөг хувилбараар 0.1 хувиар эдийн засаг нь агшиж мэдэх нь. Цар тахлын тархалтыг бууруулснаар бүс нутаг тогтвортой сэргэх боломжтой ч санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал нь өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэл өндөр хэвээр байна.

Түүнчлэн Covid-19 ядууралд ноцтой нөлөөлөхөөр байгаа аж. Цар тахал гараагүй байх тохиолдолтой харьцуулахад 2020 онд бүсийн хэмжээнд цар тахал дэгдсэнээс шалтгаалан суурь төсөөллөөр ядуурлаас гарах иргэдийн тоо 24 саяар бага буюу ийм тооны хүн ядуурлаас гарч чадахгүй байх (нэг өдөрт 5.50 ам. доллар гэсэн ядуурлын шугамаар тооцсон) тооцооллыг тус тайланд онцолжээ.

ЯДУУ ИРГЭДИЙН ТОО 11 САЯ ОРЧМООР НЭМЭГДЭХ ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ТООЦООЛЖЭЭ

Хэрэв эдийн засгийн нөхцөл байдал цаашид улам доройтож сөрөг хувилбар руу дөхөж очвол ядуу иргэдийн тоо 11 сая орчмоор нэмэгдэх эрсдэлтэй гэж тооцоолсон байна. Өмнөх төсөөллөөр 2020 онд ойролцоогоор 35 сая хүн Зүүн Ази, Номхон далайн бүсэд, үүнээс 25 сая гаруй хүн БНХАУ-д дангаараа ядуурлаас гарна гэж тооцож байв.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий эдийн засагч Аадитя Маттоо “Улс орнуудын авч хэрэгжүүлж буй зоримог арга хэмжээнээс гадна олон улсын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх нь энэхүү халдварт аюулын эсрэг хамгийн үр дүнтэй вакцин болох юм. Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнууд, дэлхийн өнцөг булан бүрт энэ өвчинтэй хамтран тэмцэж, худалдааг нээлттэй байлган макро эдийн засгийн бодлогоо уялдуулан зохицуулах нь зүйтэй" гэжээ.

Цар тахлын тархалтын үед эмнэлгийн гол хэрэгсэл, үйлчилгээний үйлдвэрлэл ба нийлүүлэлтийг эрчимжүүлж, улмаар нөхцөл байдал дээрдсэний дараа санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд олон улсын хамтын ажиллагаа, хил дамнасан шинэ төр-хувийн хэвшлийн түншлэлийг энэхүү тайлан уриалж байна. Бүх улс орнууд эмнэлгийн болон бусад хангамж авах боломжийг бүрдүүлж, бүс нутгийн эдийн засгийг хурдацтай сэргээхийн тулд худалдааны бодлого нээлттэй байх нь чухал байна.

Тайланд дэвшүүлсэн өөр нэг бодлогын зөвлөмж бол зээлийн нөхцөлийг зөөлрүүлэх замаар өрхийн хэрэглээг огцом бууруулахгүй, тогтмол хадгалах, пүүс компаниуд санхүүгийн шууд цочролыг даван туулахад нь дэмжлэг болох явдал юм. Гэвч Зүүн Ази, Номхон далайн бүсийн олон орнуудад өрх, байгууллага, корпорациудын өрийн дарамт аль хэдийн өндөр түвшинд хүрээд байгааг анхаарч цаашид хямрал гүнзгийрэх эрсдэлийг харгалзан үзэж дээрх арга хэмжээг оновчтой хяналт, зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх нь зохистой гэж үзэж байна. Ялангуяа ядуу буурай орнуудын хувьд өрхүүд болон аж, ахуй нэгжүүд өрийн дарамтаа бууруулахад анхаарах нь чухал бөгөөд ингэснээр санхүүгийн эх үүсвэрийг цар тахлын эдийн засаг, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг сааруулах, шийдвэрлэхэд чиглүүлэх боломж нэмэгдэх юм.

Covid-19 халдварт хамгийн ихээр өртөх салбаруудаас өндөр хамааралтай өрхүүдийн хувьд ядууралд орох магадлал ихтэй байгаа аж. Тухайлбал, Тайланд, Номхон далайн арлын орнуудад аялал жуулчлалын салбар, Камбож, Вьетнам улсад боловсруулах үйлдвэрлэлийн салбар, мөн бусад бүх улс оронд албан бус хөдөлмөрөөс хамааралтай өрхүүд нь дээрх эрсдэлт бүлэгт тооцогдож мэдэх нь. Зарим улс орнуудад Covid-19 халдварын сөрөг нөлөөнөөс гадна тухайн орны онцлогоос шалтгаалсан сөрөг хүчин зүйлс бий болжээ. Тухайлбал, Тайландад ган гачиг, Монголд түүхий эдийн үнэ буурах зэрэг нөлөө үзүүлж буй юм байна.

Дэлхийн Банк Групп нь хөгжиж буй орнуудад Covid-19 халдварын эсрэг хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх, эргэн сэргэх хугацааг богиносгох зорилгоор 14 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилтийн багц гаргажээ. Энэ хүрээнд цар тахлын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг сааруулах чиглэлээр улс орнуудад санхүүжилт олгох, бодлогын зөвлөмж, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх юм байна.

Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) нь цар тахлын тархалтын нөлөөнд өртсөн хувийн хэвшлийн компаниудад туслах, ажлын байрыг хадгалахад зориулан 8 тэрбум ам.долларын санхүүжилт олгох аж. Мөн Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк (ОУСБХБ) ба Олон улсын хөгжлийн ассосиаци (ОУХА) нь эрүүл мэндийн хариу арга хэмжээ авахад зориулан эхний 6 тэрбум ам.долларын санхүүжилт олгох юм байна. Улс орнуудад өргөн цар хүрээтэй дэмжлэг шаардлагатай байгаа тул Дэлхийн Банк Групп нь ядуу болон эмзэг бүлгийнхнийг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг түргэсгэх зорилгоор 15 сарын хугацаанд 160 тэрбум хүртэлх ам.долларыг төвлөрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж