Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн ширүүн лиг болох Английн Премьер лиг ирэх тавдугаар сарын эхний долоо хоногт үзэгчгүй хаалттай цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэн явагдаж, долдугаар сарын 12-ны Ням гаригт өндөрлөх төлөвлөгөөтэй байна.
Дээрх төлөвлөгөөг энэ долоо хоногийн Баасан гаригт Премьер лигийн 20 багтай онлайн хурал хийж танилцуулах аж. Тус лиг нь ирэх долдугаар сарын сүүл гэхэд улирлаа дуусгахгүй бол дараа жилээс эхлэн хэрэгжих телевизийн шууд дамжуулалтын 3 тэрбум фунтын шинэ гэрээгээ алдах аюултай. Мөн үлдсэн тойргийн тоглолтуудаа үргэлжлүүлэхгүй бол телевизийн шууд дамжуулалтаас 762 сая фунтын алдагдал хүлээнэ.
Одоогийн байдлаар Английн Премьер лигийн 20 багт 10-аад тоглолт дутуу үлдсэн. Ирэх долдугаар сарын 31-ний өдөр гэхэд Английн Премьер лигийн зүгээс Sky Sports, BT Sport болон бусад дэлхийн улс орнуудын шууд дамжуулах эрхтэй телевиз, стриймин үйлчилгээний байгууллагуудад дараа жилийнхээ тоглолтуудын хуваарийг хүргүүлсэн байх ёстой аж.
Английн Премьер лигийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулдаг телевиз, стриймин үйлчилгээний байгууллагууд аль болох хурдан лигээ үргэлжлүүлэхийг шаардаж байгаа аж. Учир нь тус лигийн тоглолтуудыг шууд дамжуулдаг үйлчилгээнүүдийн үзэлт буурч, санхүүгийн хямралд оржээ.