Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаанаас өнөөдөр (2020.3.31) гадаадын иргэдэд 100 мянган ширхэг шүүлтүүртэй амны хаалт тараах болсноо мэдэгдлээ. Дахин ашиглах боломжтой, таван удаа солих шүүлтүүртэй даавуун маскийг Сөүл глобал төв болон 40 их сургуульд тараах аж. Өмнөд Солонгосын Засгийн газраас тарааж буй амны хаалтыг авахын тулд гадаадын иргэд бүртгэлийн карт болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх ёстой гэнэ. Гэхдээ богино хугацаанд оршин суух гадаадын иргэд олонх нь эрүүл мэндийн даатгалгүй байдаг аж.
Өмнөд Солонгос нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд амны хаалт тараах системийг гуравдугаар сарын 9-нөөс эхлүүлжээ. Системийн дагуу Өмнөд Солонгосын иргэд эмийн сангаас долоо хоногт хоёр удаа амны хаалт худалдан авах боломжтой аж. Ингэснээр амны хаалтын зохиомол хомсдол үүсэхээс сэргийлжээ. Тус улсад 10 мянга шахам хүн коронавирусийн халдвараар өвчилжээ. Өмнөд Солонгост гадаадын иргэдэд халдвар авахаас сэргийлэн гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна.
Эх сурвалж: Yonhap