З.Энхболдын ҮЙЛИЙН ҮР

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

З.Энхболдын ҮЙЛИЙН ҮР

З.Энхболдын ҮЙЛИЙН ҮР

Ерөнхийлөгчийн гэгддэг “С1” телевизээр гөвүүлснээсээ хойш “хөл хорионд” орсон З.Энхболд хаа нэг жиргэсэн шигээ өдрийг өнгөрөөдөг болжээ. Өмнө нь тэр өдөр болгон шахуу Тавантолгойн хууль бус хувьчлалын тухай телевизээр ярьж, У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нар таван тэрбум ам.доллараар биш нэг тэрбум ам.доллараар 6.4 тэрбум нүүрсний нөөцтэй стратегийн ордыг хулгайгаар зарах гэж буйг мэдээлдэг байв.

Одоо олон нийтийн сүлжээнд хааяахан МАН-ыг гоочилсон шигээ суух тэрбээр буланд шахагдсан боксчин шиг  болсон байна. Хамгийн сүүлд “Хэрэвзээ би У.Хүрэлсүх байсан бол бүх айлын ипотекийн зээлийг хойшлуулах байлаа” гэсэн жиргээг нь дэмжсэн хүн цөөн, ихэнх нь түүнээс ам асуусан байв. Товчхондоо,  З.Энхболд У.Хүрэлсүхийн суудал дээр суух боломж байсан. Х.Баттулгатай нийлж АН-ыг амьдаар нь булшилчихаагүй бол шүү дээ.

Халхын заяа их гэж үг бий. Хэрэвзээ З.Энхболд У.Хүрэлсүхийн суудал дээр сууж байсан бол Монгол Улс аль хэдийнэ Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн нэг гишүүн болох байсан. Тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа “Бид бүс нутгийнхаа интеграцаас хойш суучихаад эдийн засгаа хөгжүүлнэ гэж байхгүй. Ямар ч бизнесмэнээс асуухад Монголын зах зээл жижигдээд байна гэж хэлдэг. Ядаж л жил бүр гардаг 10 сая арьс ширээрээ гурван тэрбум хүнд зориулж гутал хийвэл жинхэнэ дэлхийн хэмжээний компани болно. Гацсан эдийн засгаа урагшлуулъя, махаа заръя. Манайхаар дэд бүтэц дайрахад ажлын байр бий болно. Газраараа дамжуулсан төлбөрөө аваад сууна. Ингэж дэлхийн хэмжээнд биш юм гэхэд бүс нутгийн хэмжээнд сэтгэхгүй бол бид 1.5 сая хавтгай дөрвөлжин км газартаа яаж ч тонгочсон уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр зардаг юмгүй хэвээр байх нь” гэсэн тайлбар хэлж байсан юм.

Товчхондоо, Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний Тамгын газрын дарга З.Энхболд хоёрт Шанхайн ломбардад улсаа тавих сонирхол нэн их байсан гэсэн үг.

З.Энхболд Ерөнхий сайдаар томилогдсон бол Ерөнхийлөгчийн хүссэнээр цаазын ялыг аль эрт сэргээчих байсан биз. Энэ тухайд З.Энхболд “Ерөнхийлөгч “Цаазын ялтай болгоё. Эрүүгийн хуулиас цаазын ялыг хассан нь буруу” гэх байр суурийг илэрхийлж байсан. Гэхдээ зөвхөн насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах заалтыг оруулах нь зөв гэж үзэж байсан. Түүнээс бүх гэмт хэрэг дээр гэж хэлээгүй. Хууль зүйн сайдад хандсан ч үгүй гэдэг хариу өгсөн. Яагаад цаазын ялыг сэргээхгүй байгааг холбогдох газраас нь асуух ёстой. Ерөнхийлөгчийн байр суурь өөрчлөгдөөгүй. Ийм гэмт хэргийг өршөөж болохгүй, цаазын ял оноож байх ёстой” гэсэн тайлбар өгч байжээ.

Хүн ч олдвол хэрэг тохоход амархан гэгчээр өнөөдрийн улс төрд өрнөж буй болоод хууль хүчнийхний гаргаж буй ааш араншинг харвал С.Баяр, С.Баярцогт, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нарт аль эрт “эх орноосоо урвасан” гэх шошго зүүгээд цаазаар авч мэдэх байв. “Ч.Сайханбилэг гадны улсаас иргэншил хүсээд тус улсын хуулийн компанид хандсан байна лээ” гэж хэвлэлийнхний өмнө цуурхал тараагаад зогсож байсан хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд.

Засгийн газрын тэргүүнээр З.Энхболд ажиллаж байсан бол Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улс Х.Баттулгын засаглалд шилжих байв.  Учир нь, өнгөрсөн 2019 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар ид хэлэлцэх үед “Парламентын засаглал хамгийн мундаг нь гээд хэн хэлсэн юм. Засаглалын хэлбэрийг ард түмнээсээ асууя. 30 жилийн турш бид янз бүрээр оролдлоо. Монголын ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалтай байх юм уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг асууя” гээд зогсож байсан билээ. Тэр ашгүй яаж Ерөнхий сайд байгаагүй юм. АН-ын гишүү, парламентын спикер явсан З.Энхболд  Ардын намын У.Хүрэлсүхээс ч илүү коммунист болохоо хангалттай харуулсан.

Харин одоо З.Энхболд “хүн тэжээвэл толгой цусддаг” болохыг яс махаараа мэдэрч байгаа биз. Үндсэндээ, өнөөдөр З.Энхболд шиг ганцаардсан хүн алга. Түүнд үнэнч найз, адаглаад л өмөөрөх нөхөр алга. Монголын улс төрд хатуу самар гэгдэж явсан тэр  хавханд орсон шархтай чоно шиг л харагдаж байна. З.Энхболд уг нь их хашир, ухаантай хүнсэн. Даанч, Х.Баттулгыг нөхөр, дайсан алин  болохыг дэндүү хожуу ухаарч. Унаж яваа хүнийг дэвслэх муухай. Гэхдээ тэр дэвсэлдэг байсан, З.Энхболдын үйлийн үр гэж!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж