АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын итгэмжлэгдсэн, Тампа булангийн номлогч Родней Ховард Браун хөл хориог зөрчин, засгийн газрыг үл хүндэтгэж, олон хүн цуглуулсан хэргээр баривчлагджээ. Өнгөрсөн сард тэрбээр АНУ-ыг коронавирусээс аварна хэмээн ам гарч байсан юм.
2017 онд Цагаан ордонд Трампыг адислаж явсан, мөн энэ сарын эхээр "Сүмээ хаахгүй. Бид боловсролтой хүн бүтээхийн төлөө ажилладаг" хэмээн мэдэгдэж байсан Ховард Браун баривчлагдаад удалгүй 500 ам.доллараар батлан даалтад гарсан байна.
Түүнд олон хүн цуглуулах нь сайн зүйл дагуулахгүй бөгөөд хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болно хэмээн эрх баригчид нэг биш удаа сануулсан ч тэрбээр өнгөрсөн долоо хоногийн сүүлээр өөрийн асар том сүмд хоёр ч үйл ажиллагаа зохион байгуулснаар зогсохгүй шүүх хуралдаа оролцуулахаар өөрийн сүмийн 4000 гишүүнийг автобусаар шүүхийн байр луу зөөсөн байна.
АНУ ард иргэдээ гэртээ байхыг уриалж, бусдаас дор хаяж хоёр метр зай барихыг зөвлөж байгаа билээ. Харин Ховард өөрийгөө сүмийн үйл ажиллагааг "шаардлагагүй үйлчилгээ биш" хэмээн "Төгсгөлийн өдрүүд дугаар 3" гарчигтай фэйсбүүк нийтлэл дээрээ өмөөрсөн байна.
"Би коронавирусээр нас барж байгаа хүмүүсийг үгүйсгээгүй. Бид ердөө л энэ бүхэн хэрээс хэтэрч байгааг ярьж байна. Сүмийн үйл ажиллагаа үргэлжилж байж Америк цаашид хөгжих болно. Тэд биднийг цахимаар залбир гэхийг би тэвчихгүй. Хэрвээ биднийг цахимаар, эсвэл өөр аргаар үйл ажиллагаагаа явуул гэж байгаа бол тонилж үз. Тийм юм байдаггүй юм" хэмээн Ховард ярьсан байна.
Эх сурвалж: RT