“Амьсгал дэмжих тоног төхөөрөмжүүд шаардлагатай байна”

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

“Амьсгал дэмжих тоног төхөөрөмжүүд шаардлагатай байна”

“Амьсгал дэмжих тоног төхөөрөмжүүд шаардлагатай байна”

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдол дэлхийн 200 улсад бүртгэгдээд байна. Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн вирус улс орнуудын эмнэлгийн байгууллагууд онцгой нөхцөл байдалд хэрхэн ажиллаж буйд “дүн” тавьж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс энэ цаг үед халдварын халуун цэг дээр ажиллаж байгаа эмч, ажилтнуудын эмнэлгийн хувцас хэрэглэлийн нөөц хангалттай бий эсэх талаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв /2020.03.30/-өөр ороход гар ариутгагч, халуун хэмжигч барин зогсох сувилагч нар угтав. Тус эмнэлгээр гарын таван хуруунд багтахаар цөөн тооны хүмүүс үйлчлүүлэхийн сацуу бүгд амны хаалт зүүжээ. Коронавирусийн халдвар Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн цагаас хойш хүмүүс  эмнэлгийн байгууллагаар явах нь эрс багассан нь илт байв. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь дүүргийнхээ 160 мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ажээ.

ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХАМГААЛАЛТЫН ХУВЦСЫГ ЗӨВХӨН ОНЦ ШААРДЛАГАТАЙ ҮЕД Л ХЭРЭГЛЭНЭ

Чингэлтэй дүүргийн эмнэлгийн төвийн эрхлэгч Х.Ариунаа “Эрүүл мэндийн яам нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгсэл, амны  хаалт, бээлий зэргийг хангалттай өгч байгаа. Манай эмнэлгийн хувьд санхүүгийн нөөц бололцоондоо тулгуурлан хангалттай хэмжээнд нөөцөө бэлдсэн. Одоохондоо дутагдсан зүйл алга. Гэхдээ халдваргүйжүүлэлт хамгаалалтын хувцсыг зөвхөн онц шаардлагатай үед хэрэглэнэ. Жишээ нь, коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн хүнийг тусгаарлаад, дараагийн эмнэлэг рүү шилжүүлэх хүртэл өмсөөд устгалд оруулна” хэмээн онцоллоо.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас өчигдөр /2020.03.30/ гэхэд Чингэлтэй дүүргийн эмнэлэгт даавуун амны хаалт 450 ширхэг, нэг удаагийн амны хаалт 2500 ширхэг, хамгаалалтын хувцас 36 ширхэг, 96 градусын спирт 25 литр, нүүрний хаалт 40 ширхэг, үзлэгийн бээлий 50 ширхэг, нэг удаагийн бээлий 2000 ширхэг, зайнаас халуун хэмжигч 15 ширхэгийг өгчээ.

Харин нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс мэдээлэл авах гэсэн боловч татгалзсан хариу өгснийг энд онцолъё.

МАСКАА ЗҮҮЖ, ГАРАА УГААЖ, ХУВИЙН АРИУН ЦЭВРЭЭ САХИХ НЬ ЧУХАЛ

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас коронавирусийн халдварын үед зайлшгүй байх ёстой тоног төхөөрөмжийн жагсаалт гаргасныг харсан. Хоёрдугаарт, нэгдсэн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтын хэрэгцээ тоон мэдээллүүдийг мөн гаргасан. Энэхүү тооцоололд үндэслэн аймаг, сум, дүүргийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийн хуваарилалт хийсэн. Мөн хилийн сумдад тоног төхөөрөмж хуваарилсан. ДЭМБ-аас гаргасан зөвлөмж болон халдвар гарсан улс орнуудыг харж байхад иргэд нь амьсгалын дутагдалд их орж байна. Тийм учраас амьсгал дэмжих тоног төхөөрөмжүүд шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн баллонууд авлаа. Мөн коронавирусийн халдвар нь уушгийг илүү гэмтээж байгаа тул уушгины эмгэгийг илрүүлэх рентген аппарат, халдварт өвчтэй хүнийг өөр газар луу зөөвөрлөхгүйн тулд зөөврийн рентген аппарат авсан” гэв.

Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсч байгаа эрүүл мэндийн салбарынхан энэ удаад туршлагатай, шуурхай мэргэжлийн үүргээ сайн биелүүлж байна. Харин иргэдийн хувьд өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд маскаа тогтмол зүүж хэвших, гараа тогтмол угааж, хувийн ариун цэврээ сахих нь чухал байна гэдгийг албаныхан хэлж байна.

Б.ГАН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж