Нийслэлийнхний амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын нэг нь фитнесс клуб. Энд хүмүүс жингээ хасах гэхээсээ илүүтэй идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, биеэ хөгжүүлэх зорилгоор үйлчлүүлэх нь түгээмэл. Коронавирусийн халдвараас сэргийлэн хүн олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг хаагаад байгаагийн дотор фитнесс клубүүд багтаж байна.
ФИТНЕСС, БАССЕЙН, БААР ЗЭРЭГ ГАЗРЫН ХОРИОГ СУНГАВ
Хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ үед дөрвөн хананыхаа дунд шигдэхээс өөр сонголтгүй болсон залуус уулын амуудаа нээж, фитнесс клубуудээ ажиллуулахыг цахим орчноор дамжуулан шаардаж эхэлсэн билээ.
Иргэдийн хүслийг харгалзан стандартад нийцсэн фитнесс, саун, соёл урлагийн газарт 2-3 хүн цуглаж болно гэж хотын удирдлага тооцоолж, мэргэжлийн байгууллагуудтайгаа зөвлөлдөн нээхээр төлөвлөж байсан ч хорио цээрийн дэглэмийг дахин сунгалаа.
Хотын дарга С.Амарсайханы өчигдөр /2020.03.30/ хийсэн мэдэгдлээр олон нийт цуглах боломжтой фитнесс, спорт заал, сургалтын төв, саун, амралт, баар, цэнгээний газар, сүм хийд, соёл урлагийн газрын үйл ажиллагаанд тавьсан хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгаж байгаагаа мэдэгдлээ. Харин нийслэлийн ногоон бүсүүдийг хязгаарласныг цуцалж, иргэд амралт чөлөөт цагаараа ууланд алхах боломж бүрдээд байна.
ДАСГАЛЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАМГИЙН ГҮЙЛГЭЭТЭЙ БАРАА БОЛЖЭЭ
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ дархлаагаа дэмжиж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг эмч нар зөвлөсөөр байгаа. Залуусын хувьд фитнесс клубт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжгүй тул гэртээ фитнесс орчин бүрдүүлэхийг эрмэлзэх болжээ.
Тухайлбал, фитнесс хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, уураг витамин худалдааны группт гантель, штангийн гол, цагираг, штанг, штанг тогтоогчтой дасгалын вандан зэрэг тоног төхөөрөмж хамгийн эрэлттэй байна. "Дүнжингарав", "Sunday" зэрэг худалдааны томоохон төвүүдэд дээрх дасгалын тоног төхөөрөмж дуусч, захиалахаас өөр сонголт үлдээгүй байна.
Харин фэйсбүүкт дасгалын тоног төхөөрөмж худалдаалж буй хүмүүсийн ихэнх нь өөрсдийн хэрэглэж байсан зүйлсээ зарж борлуулах нь түгээмэл. Гэхдээ захиалгаар бараа бүтээгдэхүүн оруулж ирж, борлуулж байгаа хүмүүс ч байгаа юм.
Жишээ нь, хүмүүсийн хамгийн их сонирхдог цээжний шахалт, гарын бүх төрлийн дасгал, хэвлийн дасгал зэрэг олон төрлийн дасгал хийх боломжтой штанг тогтоогчтой дасгалын ванданг захиалахад урд хөршөөс 10-14 хоногийн дараа ирэх аж. Үнийн хувьд 160 мянган төгрөг аж. Мөн спиннинг дугуй ч бас цөөхөн үлдсэн, эрэлттэй бараануудын нэг болжээ.
Залуусын хувьд заавал спорт зааланд биш гэртээ болон олон нийтийн гудамж талбай, нийслэлийн ногоон бүст алхах зэргээр хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх боломжтой гэж үзэж байна.
ХААНА Ч ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙЖ БОЛНО
Иргэн Н.УУГАНБАЯР:
-Халдварт өвчний эрсдэлтэй үед фитнесс клуб, бассейн, соёл урлагийн газруудыг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хаахаар болсныг дэмжиж байна. Заавал спорт заал гэлтгүй гэрийн нөхцөлд ч дасгал хийж, хөдөлгөөнтэй байж болно. Миний хувьд фитнесс клубт явдаг ч одоогоор гэртээ гар дээр суниаж, өдөрт дор хаяж 30 минут алхаж байна. Гэртээ дасгал хийхэд тийм ч олон фитнессийн тоног төхөөрөмж хэрэггүй. Гэхдээ гарын дор гантель, гудас байхад илүүдэхгүй. Хамгийн гол нь алхах хэрэгтэй. Алхахад бодисын солилцоог идэвхжүүлж, өөх эрчимтэй шатаадаг. Ер нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд хотын төвдөө, гэрийнхээ ойролцоо, ууланд алхах, гэртээ ном унших зэрэг олон боломж бий. Харин тамирчдын хувьд спорт зааланд бэлтгэл хийх зайлшгүй шаардлагатай.
Иргэн Ц.НЯМСҮРЭН:
-Фитнесс клубүүдийн үйл ажиллагааг сунгасан шийдвэрийг дэмжихгүй байна. Аль болох дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө л нээх хэрэгтэй. Гэхдээ стандартын дагуу томоохон фитнесс клубүүдийг нээх нь зөв. Харин хотын ногоон бүсэд гарах хоригийг цуцалсныг дэмжиж байгаа. Амралтын өдрүүдээрээ цэвэр агаарт гарч, ууланд алхаж боломж нээгдэж байна. Хэдийгээр фитнесс клубүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон ч гэртээ дасгал хийе гэхэд гадуур тоног төхөөрөмжийн худалдаа Монголд хангалтгүй байна. Миний хувьд гэртээ хоол хүнс, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжиж байна. Хэдийгээр дасгал хийх орчин байдаггүй ч гүйх талбай хангалттай байгаа болохоор өөрт ойрхон газарт гүйж хөлсөө гаргадаг. Гэртээ бол бие халаах дасгалууд хийнэ.
Иргэн Г.ГАН-ЭРДЭНЭ:
-Чөлөөт цагаа спорт зааланд өнгөрүүлдэг ч халдварт өвчний эрсдэлтэй үед фитнесс клубүүдийг нээх болоогүй. Ажил ихтэй болохоор өдөр бүр дасгал хийж амжихгүй. Амарч байгаа үедээ гэрийн нөхцөлд гар дээр суниалт, хэвлийн дасгал хийдэг. Гадуур худалдааны төвүүдээр фитнессийн тоног төхөөрөмж ховор байдаг шүү дээ. Фитнесс клубүүд хөл хорио цуцлагдсан үед л үйл ажиллагаагаа явуулбал илүү дээр байх. Хотын ногоон бүс дэх хоригийг цуцалсан шийдвэрээ ч бас эргэн харах хэрэгтэй.
Иргэн С.НАРАНТУЯА:
-Гэртээ хүүхдүүдээ харж өдрийг өнгөрүүлж байна. Манайх "Ургах Наран" хороололд байдаг учраас өдөр бүр хүүхдүүдээ салхилуулах, алхах байдлаар эрүүл агаарт байнгын л хөдөлгөөнтэй байдаг.
Ер нь фитнесс клубүүдийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан нь зөв. Монгол хүний дархлаа гурав, дөрөвдүгээр сард сулардаг учраас халдварын дэгдэлт буурсан үед фитнесс клубүүдийн үйл ажиллагааг нээх нь зүйтэй гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ