Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр ирэх Баасан гариг (2020.04.03)-т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт шүүнэ. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 20-ны өдөр болох байсан ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өвчтэй учир оролцох боломжгүй гэх шалтгаанаар хойшилсон юм.
Хэргийг эргэн сануулбал, УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж худалдан авсан 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байв.
Гэвч иргэн Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргаж, Улсын Дээд шүүхээс түүний Зайсан дахь 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргасан юм. Улмаар түүний хаус худалдан авсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.
Эрүүгийн хуулийн 265.2-т "Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх , үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ