Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн Барселона багийн тоглогчид цалингийнхаа 70 хувийг коронавирусийн цар тахлын үед багийнхаа спортын бус арын албаны хүмүүсийн цалинд хандивлахаар болжээ.
Энэ тухай тус багийн ахлагч Лионель Месси "Юуны өмнө бид цалингаа багасгахад бэлэн эсэхээ тодорхой болгомоор байсан юм. Учир нь бид онцгой нөхцөл байдалд байгаагаа бүрэн ойлгож байгаа. Тоглогчдын хувьд тусламж хүсэхэд бид үргэлж туслах болно. Бидний зүгээс энэ аюултай цаг үед цалингийнхаа 70 хувийг хасахаар тохиролцсон. Мөн багийн зүгээс биднээс багийн ажилчдын цалинг 100 хувь олгоход туслахыг хүссэн учраас бид туслах болно. Бид өдийг хүртэл ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байсан. Учир нь бид энэ үед багтаа хэрхэн туслах арга замыг хайж, энэ хөл хорионы үе хэнд хамгийн их нөлөөлж байгааг харсан” хэмээжээ.
Барселонагийн удирдлагууд, мэргэжлийн багуудынх нь гишүүд, ялангуяа Барселона сагсан бөмбөгийн багийн гишүүд өөрсдийн цалингаа багасгахыг зөвшөөрсөн байна. Барселона багаас гадна Италийн Ювентус, Германы Байерн Мюнхен, Боруссиа Дормтунд гэх зэрэг багуудын тоглогчид цалингаа багасгахаа зарлажээ.