Д.Бауыржан: Хүнд хэцүү үед хамгаалах төртэй байх сайхан  

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Д.Бауыржан: Хүнд хэцүү үед хамгаалах төртэй байх сайхан  

Д.Бауыржан: Хүнд хэцүү үед хамгаалах төртэй байх сайхан   

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржантай ярилцлаа.


-Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гаригт эдийн засагт авч хэрэгжүүлэх багц арга хэмжээгээ зарласан. Засгийн газрын тэргүүний мэдэгдлийг орон нутгийнхан, тухайлбал танай аймгийнхан яаж хүлээж авав?

-Шинэ коронавирус дэлхий нийтийн эрүүл мэнд, эдийн засагт том эрсдэл учруулж байна. Улс орон бүр онцгой байдлын энэ үед иргэдийнхээ амь насыг хамгаалахаас гадна эдийн засгаа авч үлдэх талаар олон арга хэмжээ авч эхэллээ. Ихэнх улс орон аж ахуйн нэгж, компаниудыг татвараас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, иргэддээ бэлэн мөнгө тараах зэргээр эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийж байгаа. Монгол Улс хөл хорио тогтоогоод гурван сар гаруй болсон. Орон нутагт гэлтгүй улс орон даяар компаниудын орлого тасалдаж, иргэд цалингүй болж, ажилгүйдэл нэмэгдэж байна. Тиймээс Засгийн газраас ямар арга хэмжээ авах бол гэсэн хүлээлт асар их байсан. Ерөнхий сайд цагаа олж мэдэгдэл хийлээ гэж би хувьдаа талархаж сууна. Монголын Засгийн газар онцгой байдлын энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүдээ татвараас зургаан сар чөлөөлөх, шатахууны түлшний үнийг буруулах, зээл төлөлтийг хойшлуулах зэргээр бодит дэмжлэг үзүүлэхээр болсон. Ерөнхий сайдын хэлсэн үг олон хүнийг баярлуулж, огшоосон байх. Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, амь нас хамгаас чухал гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн. Хүнд хэцүү үед хамгаалах, дэмжих төр засагтай байна гэдэг сайхан шүү дээ. Цар тахлын үед Монголын төр засаг мэдрэмжтэй, шуурхай, зоригтой ажиллаж байна. Гол нь иргэдээ, эх орноо гэсэн халуун сэтгэлийг төр засгаасаа мэдэрч байгаадаа бахархах хэрэгтэй.

-МАН өнгөрсөн долоо хоногт 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүлээлгэж өгсөн. Энэ удаагийн сонгуульд оролцох танай намыг мөрийн хөтөлбөрийн онцлог юу байна. Бодитоор хэрэгжиж чадах бодлогын хөтөлбөр болж чадсан уу?

-Товчхон хариулахад чадсан. Цар тахлын энэ хэцүү үед олон нийтийг хамарсан, олон хүн цугларсан үйл ажиллагаа явуулахыг УОК-оос хориглосон. Төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгээд манай намын Бага хурал цахимаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө баталлаа. МАН цахим нам болох бодлого хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Миний хувьд 2020 оны сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрт оруулах санал боловсруулах Баян-Өлгий аймгийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Тиймээс Бага хуралдаа биечлэн оролцсон.

МАН бол зүүний үзэлтэй нам. Тиймээс МАН нийгмийн бүх давхрагад эрх тэгш хандах үзэл баримтлалтай. Улстөрийн намын мөрийн хөтөлбөр нь сонгогчдын хүсэл сэтгэл, зорилгод нийцүүлж, сонголтоо хийхэд туслах баримт бичиг. Улстөрийн нам бодлогын нам байх ёстой гэсэн шаардлагын хүрээнд МАН мөрийн хөтөлбөрөө боловсруулан, нэр дэвшигчиддээ шалгуур тавьж байна. Манай намын мөрийн хөтөлбөр таван цөм хэсэг, 31 дэд хэсэг, 700 гаруй заалтаас бүрдсэн. Хүнд хэцүү үеийг давах туулах, эдийн засаг, улс төр, нийгэмд тулгамдсан асуудлуудыг зөв тодорхойлсон, бодит дэмжлэг болж чадсан бодлогын мөрийн хөтөлбөр болсон гэж би хувьдаа дүгнэж байна.  МАН бол 100 жилийн түүхтэй, улс төрийн манлайлагч хүчин. Монголын намуудаас институцийн хэмжээнд төлөвшиж, бодлогын үйл ажиллагаа явуулдгаараа ялгардаг.

Өнгөрсөн дөрвөн жил МАН эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг дээшүүлэх, халамжийн оновчтой бодлого хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа ч эдийн засгаа зөв гольдролд оруулах, улс орноо хөгжүүлэх, бүтээн байгуулалтыг өрнүүлэх ажлыг хийх болно. Тиймээс ард түмэн МАН-д дахин итгэл хүлээлгэнэ гэдэгт итгэлтэй байна.

-МАН-ын хөтөлбөрт Баян-Өлгий аймгийн хөгжлийн талаар ямар асуудлуудыг анхаарч тусгав. Танай аймгийн хамгийн  тулгамдсан хүндрэлтэй асуудал юу байна?

-Монгол Улс нь Хүннү, Сяньбигээс 2000 жилийн түүхтэй, төр ёсны тусгаар улс. Энэхүү төрт ёсны түүх, соёл, уламжлалынхаа хүрээнд үндэстний цөөнх казахын ард түмнийг дэмжиж, хамгаалж, хөгжүүлж авч явж байна. Монгол төрийн бодлогыг боловсруулах, улс орныг хөгжүүлэх, бүтээн байгуулахад казахын ард түмний төлөөлөл чухал байр суурь эзэлж ирсэн гэж би боддог. МАН дөрвөн жилийн өмнө засгийн эрх авахдаа Баян-Өлгий аймгийн тусгамдсан 10 асуудлыг жагсаасан. Ихэнх асуудлууд нь шийдэгдээд явж байна. Харин хамгийн хэцүү бөгөөд хамгийн их тулгамдаж буй асуудал  өнөөдөр Баян-Өлгийд ажилгүйдэл болсон.

-Баян-Өлгий бол Монголын хамгийн алслагдсан аймаг. Танай аймагт төдийгүй баруун аймгуудад ажилгүйдэл маш их байдаг. Үүнийг дагаад ядуурал ч их байна?

-Өнөөдөр манай аймагт 20 мянган хүн ажилгүй байгаа нь бусад аймгуудаас их тоо. Ажлын байрыг нэмэгдүүлж байж ажилгүйдлийг бууруулна гэж ярьдаг. Гэвч хүнээ хөгжүүлж, боловсруулахгүй бол ажилгүйдэл буурахгүй нь. Ажлын байранд тэнцэх хүн олдохгүй байна шүү дээ.

Баян-Өлгий аймагт хүний хөгжлийн бодлогыг нэгдүгээрт эрэмбэлэх ёстой. Хүнээ хөгжүүлэх асуудлыг шийдэхгүй бол төрийн албаны орон тоог нэмж, үйлдвэр бариад ч ажилгүйдлийг дорвитой бууруулж чадахгүй.  

-Хүнээ хөгжүүлж, боловсруулахгүй бол ажилгүйдэл буурахгүй байна гэж та түрүүнд ярьсан. Казах иргэдийн боловсролыг сайжруулахын тулд юу хийх ёстой гэж аймгийн ИТХ-ын даргын хувьд бодож байна?

-Монгол төрийн бодлогыг Баян-Өлгий аймгийн хөгжлийн бодлоготой уялдуулж, казах хүүхдүүдийг хөрвөж ажиллаж, амьдрах чадвартай болгох шаардлагатай байна. Хоёр, гурван хэлтэй болгох, дэлхийн улс орнуудад амьдрах чадвартай иргэн бэлтгэх хэрэгтэй. Жишээ нь, төрснөөсөө хойш казах иргэдийн дунд амьдарсан хүүхэд Улаанбаатарын их, дээд сургуульд сурахад маш хүндрэлтэй байна. Хэлний бэрхшээлээс болж зарим нэг нь их сургуулиа орхиж байна. Тиймээс хаана ч очоод амьдарч чадах иргэн бэлтгэх нь өнөө маргаашийн бэрхшээлээс илүү тулгамдсан асуудал болсон.

-МАН-ын дарга У.Хүрэлсүх эх орноосоо хулгай хийгээгүй, урваагүй хүмүүсийг намаасаа нэр дэвшүүлнэ гэдгээ зарласан. Танай намынхан намын даргынхаа мэдэгдлийг хэр дэмжиж байна вэ?

-Намын дарга У.Хүрэлсүх сонгуульд нэр дэвшигчдэд гурван гол шалгуурыг тавихаа мэдэгдсэн. Нэр дэвшигчид нэгдүгээрт, ёс зүйтэй, хоёрдугаарт, итгэлтэй, гуравдугаарт, ажил амьдралын туршлагатай байх ёстой гэж зарласан. Энэ зарчимд нийцэх хүмүүс бүхэл бүтэн аймагт байлгүй л яах вэ. Эх орноо худалдахгүй, улсаасаа хулгай хийхгүй, багаар ажиллахад итгэл даах сэтгэл зүтгэлтэй, ямарваа нэг салбартаа амжилт гаргасан, туршлагатай хөдөлмөрч иргэд олон бий. Гагцхүү бид зөв хүнээ төрд илгээх хэрэгтэй байна. Өнөөдөр төр түшилцэж яваа манай гишүүдийг энэ шалгуурт хэр нийцэж буй эсэхийг эргэн харах цаг болсон. Аливаа юманд цаг хугацаа ээлж дараа, шалгуур гэж бий. Алсын хараагүй, бодлого, зорилгогүй бол хэн ч  улстөрд хол  явахгүй. Хүн нутаг орноо, ард иргэдээ гэсэн чин сэтгэлтэй байх ёстой. Энэ хүн зөв ажиллаж байна уу, эсвэл буруу яваад байна уу гэдгийг сонгогчид ялгаж, салгадаг болсон. Шүүмжлэх юм ч байна. Сайшаан дэмжих зүйл ч бий. Магтаал сайшаал хэзээ ч оройтохгүй гэдэг.

-Танай аймгаас сонгогдсон хүмүүсийг нутаг орон, казах түмнийг хэр сайн төлөөлж чадсан гэж та бодож байна?

-Би олон улстөрчийг харсан. Арав гаруй жил улс төрийн тогоонд чанагдаж явж байна. Өөрөөр хэлбэл, намын анхан, дунд шатанд, төрийн орон нутгийн удирдлагад ажиллаж ирлээ. Улстөрч гэж хэн байх, ямар сэтгэл зүтгэлтэйг ялгаж салгаж дүгнэх туршлага, ухаан суусан гэж боддог.

Баян-Өлгийнхний хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хүн бол УИХ-ын гишүүн асан А.Тлейхан гэж боддог. Тэр хүний алсын хараа, ухааныг би хүндэлж явдаг. Баян-Өлгий аймгийн төвлөрсөн багийн төв, сумд, хилийн завставыг хүртэл 24 цагийн гэрэл цахилгаантай болгож чадсан. XXI зуун гарчихаад байхад гэрэл цахилгаангүй амьдарч байсан баруун хязгаарын ард түмний хөгжлийн гарааг эхлүүлсэн. Энд А.Тлейхан гишүүний нөр их хөдөлмөр нэмээд мэргэжлийн ур чадвар оршиж байгаа юм. Нөгөөтэйгүүр, үндэстний эв нэгдлийн асуудалд анхаарах цаг болсон байна. Бие, биенээ үгүйсгэх, эх орон нэгтнээ ялгаварлан гадуурхах хандлага сүүлийн үед улам даамжирч байна. Үүнд би их эмзэглэж явдаг. Бид  Монгол Улсын гурван сая гаруй иргэний нэг хэсэг нь. Хэл соёл, зан заншил, ахуй амьдрал ялгаатай боловч, эх орон нэгтэй хүмүүс. Сошиал орчинд энэ талаар сэтгэл эмтэрмээр зүйлүүд бичсэн харагддаг. Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө яс үндсээрээ ялгаварлалгүй хамтдаа зүтгэх учиртай. Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон төрийн төлөөллүүд энэ асуудалд санаа тавьсангүй гэх гомдол, шүүмжлэл цөөнгүй гардаг.

Дараагийн нэг хэлэх зүйл бол сонгуульд нэг тойрогт нэр дэвших багийн тухай их бодолцох хэрэгтэй.

-Танай аймагт сонгогчдын оролцоо хэр сайн бэ. Сонгуульд залуус саналаа хэр идэвхтэй өгдөг вэ?

-2016 оны сонгуулийн ирц ихэнх тойрогт 70 хувиас давсан үзүүлэлттэй байсан. Ялангуяа залуучуудын санал өгөх сонирхол эрс өссөн. Яагаад залуусын сонгуулийн оролцоо эрс өссөнийг дараа нь судалж үзсэн л дээ. Гэтэл сошиалын нөлөөгөөр нэр дэвшигч болгоныг  залуучууд сайн судалсан байна лээ. Тиймээс өөрийн үнэлэмжээ илэрхийлэх гэсэн залуучууд сонгуульд идэвхтэй оролцсон байна.  Өнгөрсөн дөрвөн жил улстөр, нийгмийн бүх хар, цагаан мэдээлэл сошиалд ямар цензургүй  явсан. Хэвлэл мэдээллийн салбарынхан  бодит мэдээллийг авах боломжийг бүрдүүлсэн. Мэдээллийн илэн далангуй, шуурхай байдал нь улстөрчид хэн нь хэн бэ гэдгийг маш сайн ялгаж өгсөн байх гэж боддог.

Тэгэхээр улстөрчдийн өнгөрсөн дөрвөн жилийн үнэлгээ дээр нь сонгуулийн сурталчилгааны үеэрх үнэн, худлыг ялгааг харах боломж их байгаа учраас хэн нэгнээр халхавчилсан сул хүнийг нэр битгий дэвшүүлээсэй гэж бодож байна. Сүүлийн үеийн судалгааны байгууллагуудын дүгнэлтээс харахад нэр цэвэр, мэдлэг боловсролтой, шинэ хүмүүс нэр дэвшээсэй гэсэн хүлээлт хамгийн их байна.

Таныг бол аймгийнхан чинь сайн таньж, мэдэх байх. Харин манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Аймгийн ИТХ-ын даргаар ажиллаад нутаг орныхоо хөгжил юу хийж, ямар хувь нэмэр оруулсан бэ?

-Би 12 жилийн өмнө аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр анх сонгогдсоноос хойш тасралтгүй улс төрд явж байна. Алдаа, оноо аль аль нь байсан байх аа. Сүүлийн дөрвөн жил аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байна. Ажлаа авахдаа иргэдээ ажилтай орлоготой байлгахын тулд гол анхаарлаа хандуулж ажиллалаа. Хүнд хамгийн чухал нь эдийн засгийн эрх чөлөө. Энэ эрх чөлөөг олсны дараа дараагийн боломжууд аяндаа бүрддэг. ИТХ бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хамгийн том субъект. Хүний эд эрхтэнтэй зүйрлэх юм бол тархи нь юм. Өнгөрсөн дөрвөн жилийн аймаг, орон нутгийн хөгжлийн бүх бүтээн байгуулалт, үйл ажиллагаа ИТХ-ын бодлого шийдвэрээр хэрэгжиж байна. Эрх, үүрэг нь ч тийм шүү дээ.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй, ямар сургууль хаана төгссөн хүн бэ. Төрд боловсрол, мэдлэггүй хүмүүс гарч ирлээ гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд их байдаг болохоор ингэж асууж байгаа юм шүү?

-Би жирийн нэг хөдөө сумын дунд сургуулийн багшийн хүүхэд. Хөдөө өсч, Улаанбаатарт их дээд сургуульд ирж суралцаад авто инженерийн мэргэжил эзэмшсэн. Нэг хэсэг Англид сурч, ажиллаж амьдарч байсан. Амьдралаа бор зүрхээрээ авч яваа залуучуудын нэг. Хэн ч намайг гадаадад сурахад дэмжиж, туслаагүй. Хэн ч “чи ийм бизнес хий” гэж зөвлөөгүй.

Би бизнес болон улстөрд лифтээр биш шатаар өгсч яваа гэж өөрийгөө дүгнэдэг.

МАН-аас нэр дэвшигчид Баян-Өлгийн төлөө юу хийгээсэй гэж та хүсч байна. Орон нутагтаа ажиллаж амьдарч буй хүний хувьд арай илүү харж, бодитоор сэтгэж байгаа болов уу?

-Ирэх сонгуульд манай аймгаас хэн ч нэр дэвшсэн бай, аймгийн хөгжлийн алсын хараа буюу гурван бодлогыг заавал баримтлах ёстой. Монгол Улсын Засгийн газар 20:50 гэсэн хөгжлийн бодлогын баримт бичиг баталлаа. Энэ баримт бичигтэй Баян-Өлгийн хөгжлийг холбох нь зайлшгүй юм.

Нэгдүгээрт, тухайн аймгийн хөгжлийн гарц юу вэ гэдгийг бодолцох ёстой. Баян-Өлгий аймаг хамгийн алс хязгаар нутаг. Газар нутгийн онцлогоороо аялал жуулчлал хөгжих хамгийн боломжтой газар орон. Энд үндэстний цөөн  казах нь ч байна. Ястны цөөнх урианхай, дөрвөд, тува нь ч байна. Өөрөөр хэлбэл, ёс заншил, хэл соёл ангид хүмүүс нэг нутагт амьдарч байна.

Монгол Улсын дээвэр болсон Алтай Таванбогд сүндэрлэж байна. Их нуурын хотгорт ойр, хоёр улстай хиллэлдэг гэх зэрэг хүний үзэж сонирхох байгалийн үзэсгэлэнт газар, ёс заншил, соёлын ялгаа зэргийг зөвхөн манай аймгаас л харж болно.  Монгол Улсын Засгийн газар Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөвдэх бүс болгон зарлах хэрэгтэй байна.

-Аялал жуучлалыг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц нэн чухал шүү дээ?

-Үнэн. Аялал жуулчлалын дөрөвдэх бүс болвол аймгийн нисэх онгоцны буудлыг өргөтгөж, шөнийн нислэг үйлдэхээр гэрэлтүүлэг хиймээр байна. Мөн Алтай Таванбогд тийш хатуу хучилттай зам тавихад тэр зүгийн сумд хоорондоо хатуу хучилтай замаар холбогдоно. Зам дагаж хөгжил гэдэг.

Нууруудын хотгор буюу Ачит , Өрөг , Увс, Толбо, Хар ус, Даян, Хотон, Хурган нуур гээд олон нуур байна. Ховд, Баян-Өлгий аймаг хоорондоо хатуу хучилттай замаар холбогдсон. Энэ зам үргэлжлээд Цамбагарав хайрхан, Хөх сэрхийн дархан цаазат газар, Булган голын эх, Монгол Алтай нурууны байгалийн цогцолборт газрууд бүгд хатуу хучилттай замаар холбогдох байж аялал жуулчлалын хөгжлийн эхлэл болно. Энэ бол 10-15 жилийн хөгжлийн бодлого байх ёстой.

Дараагийн нэг зайлшгүй анхаарах асуудал хатуу хучилттай замыг барьж байгуулмаар байна. Хил залгаа Увс, Ховд аймгийн ихэнх сумд хатуу хучилттай замаар холбогдсон. Харин Баян-Өлгий аймаг 13 сумтай. Гэтэл манай аймгийн дөнгөж хоёрхон сум л хатуу хучилттай замтай. Дараа дараагийн УИХ-д сонгогдох гишүүд маань аймгийнхаа сумдын талыг ч болов хатуу хучилттай замаар холбуулахад ажиллаасай гэж хүсч байна.

-2020 оны сонгуулийн үр дүнг зарим хүмүүс хэдийнэ таамаглаад эхэлжээ. Баян-Өлгийд МАН ялалт байгуулах боломж хэр байна вэ?

-Нефтийн үйлдвэр, төмөр замын төслүүдийг МАН гарч ирээд хөдөлгөлөө. Улаанбаатарын утааг буурууллаа. Гэхдээ үүнээс хамгийн чухал нь Монголын улс төр, нийгэмд шударга ёсыг манай нам тогтоож байна.

1990 онд их хувьчлал нэрийдлээр иргэдийн таван хувь нь Монгол Улсын 70 жилийн их бүтээн байгуулалт, хөрөнгийг үнэгүйдүүлж авсныг хүмүүс мэднэ.

Энэ их хөрөнгөөр ард түмний оюун ухаан, эрх мэдлийг булааж авсан. Ингэж авсан эрх мэдлээрээ дахин тендер, хөтөлбөрөөс мөнгө угааж, өчүүхэн хэсгийг нь халамж нэрээр ард түмэнд амсуулсан. Тэгээд угааж, авлигад авсан мөнгөөрөө дахин эрх мэдэл худалдаж авч байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ бүхнийг сөрж босч чадлаа. Шударга ёсны төлөө зоригтой хэлж ярьж байна. Манайд шударга ёс одоо л биелэлээ олж байна гэж би хардаг. Өнөөдөр ард түмэн мэдээлэлд ойр байна, аливаа зүйлийг үнэлэж ялгаж салгаж хардаг болсон. Тиймээс МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүнд сайн байна.

Манай Баян-Өлгий аймгийн ард түмний итгэлийг авсан төрийн түшээд ч гэсэн шударга ёсны төлөө ярих, тэмцэх цаг нь болсон.

Казахын ард түмний дунд “Тура биде туган жоқ Туганды биде иман жоқ” гэдэг зүйр цэцэн үг байдаг. Энэ нь монголчилбол “Хунштай ноён олонтойгоо, хуудуутай ноён төрөлтэйгөө” гэсэн үг юм уу даа. Ямар ч байсан шударга хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг ой тоонд ортол хэлсэн зүйрлэл. Тиймээс би төрд зүтгэж яваа бүх хүн энэ сургаалийг баримтлаасай гэж хүсдэг.

Б.ТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж