Коронавирусийн үед "хэтэвч нь түнтийж" буй бизнесүүд | News.MN

Коронавирусийн үед "хэтэвч нь түнтийж" буй бизнесүүд

Коронавирусийн үед "хэтэвч нь түнтийж" буй бизнесүүд

Коронавирусийн үед "хэтэвч нь түнтийж" буй бизнесүүд

Коронавирусийн цар цахлын үеийн хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор дэлхий даяар бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт огцом буурсан ч зарим бараа бүтээгдэхүүний эрэлт эсрэгээрээ нэмэгдэж байгаа ажээ.

"Бид Христийн Мэндэлсний Баярын өмнөх өдөр шиг завгүй байна" гэж онлайн кофе хүргэлтийн бизнес эрхэлдэг нэгэн эмэгтэй ярьж байна. Спорт тоглоомын дэлгүүрийн эзэн ч мөн энэ үеэр хэтэвчээ нэлээд зузаатгаад байгаагаа илэрхийлжээ. Ерөнхийдөө хүмүүсийн худалдан авалт хүнсний бүтээгдэхүүн, ариун цэвэр, ахуйн хэрэглээ гэх мэт наад захын хэрэгцээний бараа бүтээгдэхүүнээс гадна биеийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн, оюунлаг, сэргээх чанарын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нь ихэсчээ. “BBC” агентлаг ариун цэврийн цаас, хоол хүнснээс гадна хамгийн их борлуулалттай байгаа зургаан бүтээгдэхүүний жагсаалтыг  гаргасан байна.

  1. Унадаг дугуй, дасгалын төхөөрөмж

“Идэвхтэй хөдөлгөөн хийх, эсвэл илүү аюулгүй, авсаархан “тээврийн хэрэгсэл”-ийг илүүд үздэг хүмүүс унадаг дугуйг ихээр худалдан авч байна” гэж эвхдэг дугуйн худалдаа эрхлэгч Уилл Батлер-Адамс ярьжээ. Түүний үзэж буйгаар Их Британид л гэхэд дугуйны борлуулалт даруй 15 хувиар нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ Лондонгийн дугуйн замууд ердийнхөөс хоёр дахин хөл хөдөлгөөнтэй болжээ. Түүнчлэн гэрийн дасгалын төхөөрөмжүүдийн борлуулалт огцом нэмэгдсэн байна. Хөл хорионд орж, спорт зааланд хичээллэж чадахгүй байгаа хүмүүс гэртээ ч болов идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг зорьж байгаа бололтой.

  1. Гадна болон дотор байрлуулдаг спорт тоглоомууд

Энди Бересфорд бол спорт тоглоомын дэлгүүрийн эзэн. Түүний дэлгүүрт байсан ширээний теннис бүгд зарагдаж дуусаад, одоо тэрбээр урьдчилсан захиалга аваад эхэлсэн байна. "Би өнгөрсөн долоо хоногт 124 ширээ зарсан. Гэтэл яг нэг жилийн өмнөх энэ үед ердөө 15 ширээ зарж байсан байгаа юм” хэмээн Энди ярьжээ. Мөн тэрбээр биллъярдын ширээ ч мөн давгүй борлуулалттай байгааг онцолжээ.

  1. Цэцэрлэгжүүлэлтийн багаж хэрэгсэл, ургамлын үр, гар урлалын хэрэгсэл

Рексем хотын “JustSeed” хэмээх ургамлын үрийн төрөлжсөн дэлгүүрт л гэхэд лууван, шанцайны ургамал, шош, улаан лоолийн үрийн борлуулалт маш сайн байгаа аж. Их Британийн хамгийн том үрсэлгээний компани болох “Маршалл”, “Саттон” зэрэг компаниуд утасны дуудлагадаа хариулж амжихаа больсон байна. Мөн гадна цэцэрлэгжүүлэлтийн багаж хэрэгслүүд ч өндөр борлуулалттай байгаа аж. Хүмүүс хүнсний хомсдолд орох вий гэж санаа зовсондоо бус зүгээр л цагийг бүтээлч, зугаатай өнгөрөөх үүднээс мод цэцэг, хүнсний ногоо тарих нь ихэсч байна гэж худалдаачид үзэж байна. Үүнээс гадна оёдол, сүлжмэлийн хэрэгслүүд ч мөн өндөр борлуулалттай бараа бүтээгдэхүүний дээгүүрт жагсаж байгаа гэнэ шүү. Лондонд төвтэй “Либерти” их дэлгүүрийн оёдлын хэрэгслийн худалдаа өнгөрсөн оныхоос 380% -иар нэмэгдсэн бол гар урлалын хэрэгслийн худалдан авалт 228% -иар өссөн байна.

  1. Ном бол цаг нөгцөөх хамгийн сонгодог арга

Тийм ээ. Номгүйгээр энэ их уйтгартай цаг хугацааг хэрхэн өнгөрөөх билээ. Хөл хорионы үеэр номын борлуулалт эрс нэмэгдсэн байна. Тэр дундаа цар тахал, халдварт өвчний тухай зөгнөлт зохиолууд бүр илүү зарагдаж байгаа аж. Их Британийн “Amazon” компанийн долоо хоногт хамгийн их зарагдсан номын хоёрдугаарт зохиолч Дин Коонцын “The Eyes of Darkness” хэмээх ном жагсчээ. Энэ ном тэртээ 1981 онд бичигдсэн боловч дэлхийд “Wuhan-400” хэмээх вирус дэгдэж буй тухай гардаг байна. Өөр нэг борлуулалт сайтай байгаа ном нь Францын зохиолч Альберт Камусын бичсэн “Тахал” хэмээх ном юм. Хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногийн “Тахал” номын борлуулалт өнгөрсөн жилийнхээс 150% өссөн бөгөөд номоо шинээр дахин хэвлэж байгаа аж. Энэ номын борлуулалт Франц, Италид ч огцом өсчээ.

  1. Цахилгаан бараа

Их Британийн нэгэн томоохон сүлжээ дэлгүүрийн эзэн “Манай дэлгүүрт ойролцоогоор нэг тэрбум фунт стерлингийн өртөг бүхий хүнсний бүтээгдэхүүн зарагдаж байна. Хорио цээрийн үеэр хүнсээ сайтар базаахыг эрхэм болгож буй хүмүүст энэ их хүнсийг муутгалгүй хадгалах газар зайлшгүй хэрэгтэй шүү дээ” хэмээн ярьжээ. Энэ л шалтгаанаар хөргөгч, хөлдөөгчийн борлуулалт огцом өсч, онлайн дэлгүүрүүд ч хөргөгчний захиалгад дарагдсан байна. Түүнчлэн гэрээс ажиллаж буй хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдсэнээр зөөврийн компьютер, оффисын тоног төхөөрөмжийн эрэлт ч мөн маш их нэмэгдэж байгаа аж.

  1. Кофе

Урт удаан үргэлжлэх уйтгартай өдрүүдийг кофегүйгээр төсөөлшгүй. Киренцестер хотод үйл ажиллагаа явуулдаг “Rave Coffee” үйлдвэрийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн тул ажилчдынхаа тоог нэмэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Ном, кофе хоёрыг салгаж хэрхэн болох билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж