Ирэх сард буюу дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн Сөүл болон Токио хотоор дамжуулан хилийн чандад байгаа, хүндэтгэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг авчирна. Хуваарийн дагуу ирэх сард гурван удаагийн нислэгээр 750 гаруй иргэн тусгай үүргийн онгоцоор ирэх юм. Тодруулбал,
- Дөрөвдүгээр сарын 2-нд 08.00 цагт БНСУ руу
- Дөрөвдүгээр сарын 3-нд Япон улс руу,
- Дөрөвдүгээр сарын 4-нд 08.30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээнэ. Нийт гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг эх оронд нь авчирна.
ӨЧИГДРИЙН БАЙДЛААР 45 ГАЗАР НУТГААС 5600 ИРГЭН ИРЭХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАСАН
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл, дөрөвдүгээр сарын 3-нд Токио руу тусгай үүргийн онгоц нисгэж, иргэдээ татан авах бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ онгоцоор өмнө нь Элчин сайдын яам дээр өөрийн биеэр очиж, дугаарлаж, бүртгүүлсэн иргэдээ татан авна.
Өмнө нь УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл, Токио, Истанбулаас ирэх иргэд Элчин сайдын яамд дээр бүртгэл хийлгэсэн. Тухайн иргэдийг авчрахад нэг онгоц хангалтгүй байсан. Жишээлбэл, Сөүлийн Элчин сайдын яам дээр 500 гаруй иргэнийг бүртгэж байсан. Иймээс тухайн үед бүртгүүлсэн хэр нь эхний ээлжийн онгоцод багтаагүй хүмүүсийг энэ удаа татан авна.
Онгоцны тийзийг бичих явцад зарим иргэд нутаг буцахаа болих зэрэг асуудал гарч байна. Энэ тохиолдолд дараагийн иргэнд боломж олгож байна. Энэ ажилд МИАТ, ЭСЯ-ны ажилчид авлига авсан асуудал байхгүй. Гуравдугаар сарын 16-нд Токиогоос эхний тусгай үүргийн онгоцоор 250 иргэнийг авсан. Тухайн үед ЭСЯ-нд 750 хүн бүртгүүлж байсан. Одоо дөрөвдүгээр сарын 3-нд ирэх иргэд өмнө нь бүртгүүлчихсэн байсан. Тухайн зорчигчидтой нэг бүрчлэн холбогдож, билетийг нь баталгаажуулж байна. Бусад орноос ирэх иргэд яах вэ гэдэг гомдлыг хүлээн авч байна. Гомдол, саналыг нэгтгэж байна. Өчигдөрийн байдлаар 45 газар нутгаас 5600 иргэн ирэх хүсэлтээ гаргасан. Эдгээр иргэдийг газар газраас нь очоод авах боломж байхгүй гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Хамгийн боломжит арга хэмжээг авч байна.
БНСУ-д очих хүсэлт гаргасан иргэн олон байгаа тул МИАТ компанитай яриад зохицуулалт хийхээр болсон. Гэхдээ БНСУ-д очоод тусгаарлагдана гэдгийг анхаарах ёстой. Хэрвээ БНСУ-д байнга оршин суудаг бол гэртээ 14 хоног тусгаарлагдана. Харин түр хугацааны визтэй бол очингуутаа 14 хоног тусгаарлагдана. Тусгаарлагдсан хугацааны төлбөрөө өөрсдөө төлнө. Нэг хоногийн 100 мянган вон. Хэрвээ тусгаарлагдах дэглэмийг зөрчвөл визийг нь цуцлах, албадан нутаг буцаах болно гэдгийг БНСУ-ын Онцгой байдлын газраас анхааруулсан” хэмээв.
ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЭХ ИРГЭДИЙГ 21 ХОНОГ ТУСГААРЛАНА
Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна. Тухайлбал,
- Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт нэг сая 50 мянган төгрөг,
- 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөг байна.
Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газар /ХААН БАНК 5084538375/-ын дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна. Төлбөр хийхдээ тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаар болон байрны төлбөр зэргийг заавал тодорхой бичихийг анхааруулж байгаа юм.
ГУРАВДУГААР САРД ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНТАЙ ИРГЭДЭЭ ДӨРВӨН УДААГИЙН НИСЛЭГЭЭР АВЧИРСАН
Түүнчлэн шинэ төрлийн коронавирус буюу Covid-19-т халдвартай холбоотойгоор Улсын онцгой комиссын шийдвэрээр гаднын оронд байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн сарын 15-наас эхлэн авчирч байгаа. Тухайлбал, БНСУ, Япон, ОХУ, Бүгд найрамдах Турк улс болон Европын орнуудад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ дөрвөн удаагийн нислэгээр авчирсан. Тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр ирсэн иргэн болон нислэгийн багийн гишүүнтэй нийлсэн 1000 гаруй иргэн бүгд тусгаарлалтад байгаа юм. Тухайлбал,
- Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 244 иргэнийг эх оронд нь авчрав.
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 231 монгол иргэн ирэв.
- Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц Японоос 257 иргэнээ авчрав.
- Гуравдугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 252 иргэн ирсэн юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ