"Халдвар авсан мэт санаа зовох нь хүний биед сөрөг нөлөөтэй"

Хуучирсан мэдээ: 2020.11.14-нд нийтлэгдсэн

"Халдвар авсан мэт санаа зовох нь хүний биед сөрөг нөлөөтэй"

"Халдвар авсан мэт санаа зовох нь хүний биед сөрөг нөлөөтэй"

Covid-19-өөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр амны хаалт хэрэглэх, дархлаагаа дэмжих, сэтгэл санаагаа тайван байлгах гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм. Гэсэн ч дотоодод халдвар гарч,  хатуу хөл хорио тогтоосноор иргэдийн сэтгэлзүйн айдас түгшүүр нэмэгджээ. Тиймээс Клиник сэтгэлзүйч Т.Хонгорзул ард иргэдийг аль болохоор тайван, стресстэхгүй байхыг зөвлөж байна.


-Цар тахлын үед сэтгэл зүйгээ стрессээс чөлөөлөх, амар тайван байхыг ЭМЯ-наас байнга зөвлөж байгаа. Сэтгэл санаа тайван байх нь хувь хүний болон нийгмийн эрүүл мэндэд чухал үүрэгтэй байх, тийм үү?

-Хүний сэтгэц эрүүл бол сэтгэл зүйд нь тодорхой өөрчлөлт гардаг. Аливаа зүйлийг сонсож, айж, санаа зовж байгаа нь хэвийн үзэгдэл. Харин ийм үед огт санаа зовохгүй, хариу урвал үзүүлэхгүй байвал асуудалтай байх боломжтой. Мэдээж, өнөөдрийн нөхцөл байдалд хүмүүсийн сэтгэл зүйд их, бага хэмжээгээр өөрчлөлт гарснаар сэтгэн бодох мэдрэмж алдагддаг. Сандрал, айдас, түгшүүр, уур бухимдалд автах үед сөрөг мэдрэмж давамгайлж, бодлогогүй үйлдэл хийж эхэлдэг.

Тиймээс юуны түрүүнд гүнзгий амьсгаа авч тайвшрах хэрэгтэй. Хамгийн гол нь хүн тайвширсны дараа сэтгэн бодох мэдрэмж нэмэгддэг учраас ухаантай үйлдэл хийж эхэлдгийг мартаж болохгүй. Өнгөрсөн гуравдугаар сард Герман улсын Сангийн сайд “Улс орныхоо санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулж чадахгүй нь”  гээд захиа бичиж үлдээгээд амиа хорлосон хэрэг гарсан. АНУ-д сэтгэл гутрал, БНХАУ-д гэр бүл салалт маш их нэмэгдэх болсныг гадны хэвлэлүүд онцлох болсон. Онцгой байдлын энэ хүнд хэцүү үе, шар хар, бор гэлтгүй бүх улс орнуудын хүмүүсийн сэтгэлзүйд маш сөргөөр нөлөөлж байна.

-Сүүлийн үед сөрөг, худал мэдээллүүд иргэдийг улам стресстүүлж байгаа харагддаг. Сөрөг, буруу мэдээллээс өөрийгөө хамгаалах, тайвшруулах, сэтгэл зүйн дархлаагаа тогтвортой байлгах ямар аргууд байдаг вэ?

-Нэгдүгээрт, бид зөвхөн биеэрээ тусгаарлагдсанаас биш сэтгэлээрээ тусгаарлагдаагүйг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөл хорионд орсон энэ үед гэр бүлийн хүмүүс хамгийн түрүүнд бие биедээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх ёстой юм. Гэртээ, хоорондоо сэтгэл санааны байдлаа хуваалцах хэрэгтэй. Жишээлбэл, гэрийн эзний ажил төрөл нь бүтэхгүй, санхүүгийн хувьд хямралтай байгаа эхнэрээсээ нуух хэрэггүй, илэн далангүй ярь.  Асуудлаа дотроо хадгалаад байвал тэрэндээ шаналж явсаар нэг  мэдэхэд түгшүүр болон сэтгэл гутралд өртдөг. Хэрэв энэ байдлаасаа гарч чадахгүй бол амьдрал утгагүй мэт санагддаг. Тиймээс нэг, нэгэндээ сэтгэлээ нээж ярих  нь хамгийн чухал.

Хоёрдугаарт, сэтгэл санаа хямрах, уймрах үед хүний итгэл алдарч хэн нэгнээс хамааралтай болдог. Бусад хүмүүс надад тусална гэх хандлагатай болчихдог гэсэн үг. Гэтэл бодит нөхцөл байдал дээр тухайн асуудлаас би өөрөө гарч чадна гэсэн итгэл үнэмшлийг олох нь хамгийн чухал. Таны амьдрал таны гарт шүү дээ.

Гуравдугаарт, хөл хорио тогтоох үеэр иргэд маш их хүнс нөөцөлсөн. Хүн хүнс нөөцлөх тусмаа идэх нь ихэсдэг. Нөгөөтэйгүүр, нөөцөлсөн хүнсний ихэнх нь эрүүл бус хүнс байна. Монгол Улсад хүнсний хангалттай нөөц байгаа учраас их юм худалдаж авах, нөөцлөх шаардлагагүй. Чихэр жимснээс илүү эрүүл хүнс буюу дархлаагаа дэмжих хүнс сонгох нь зөв. Тухайлбал, газтай ундаа, чихэрлэг жимс, архи, тамхи, кофе зэрэг нь хүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, бие махбодь сулрах, дархлаа буурахад нөлөөлдөг. Улмаар сэтгэл гутрал үүсгэх эрсдэлтэй.

Дөрөвдүгээрт, сөрөг мэдээллээс зайлсхийх хэрэгтэй. Янз бүрийн эх сурвалжгүй мэдээлэл тарааж байгаа нь иргэдийг айдаст автуулж төөрөгдүүлээд байна. Тиймээс баттай, эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авч бусдадаа хуваалцах хэрэгтэй.  

Хэт их мэдээ, мэдээлэл цахим сүлжээгээр дамжуулан хүлээж авахаар хүмүүс айдас түгшүүрээ давж чадахгүйд хүргэх магадлалтай. Тиймээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, дэлгэцийн хэрэглээг багасгахад гэмгүй.

Харин зөв мэдээллийг харилцан солилцож байх ёстой. Үүсч байгаа нөхцөл байдлын үед өөр өөрсдийнхөө түвшинд өөрийгөө тайвшруулах техникүүдийг сурах нь чухал. Хүн таагүй байдалд орсон үедээ уртаар амьсгаа авахад тайвширдаг шүү дээ. Өөрийгөө тайвшруулах энгийн арга нь энэ. Мөн дасгал хөдөлгөөн чухал гэдгийг энд онцолмоор байна.

ХЭТ ИХ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ТУСАМ СЭТГЭЛИЙН  ТҮГШҮҮР НЭМЭГДДЭГ ТАЛТАЙ

-Covid-19 халдвар тусчих вий гэсэн айдас нийгэмд их байна. Энэ айдсаасаа болж хүмүүстэй харилцахаас хүртэл зайлсхийх, хямрах хандлага гарах болсон. Айдас, түгшүүртэй, сэтгэлзүйн хувьд тогтворгүй байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ?

-Тархи мэдээллийг харах, сонсох зэрэг мэдрэхүйн эрхтнээр дамжуулан хүлээн авдаг. Тухайлбал “Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан тоо нэгээр нэмэгдлээ” гэсэн мэдээг сонссон иргэн Батын хариу үйлдэл нь түгших, айх зэрэг хэлбэрээр илэрнэ. Тухайн мэдээллийг Бат өөрөө Covid-19 халдвар туссан мэт хүндээр хүлээн авч байвал түгшүүрийн илрэл юм. Covid-19 халдварын мэдээг сонсох бүртээ эргээд тайвширч чадахгүй түгшүүр нь удаан үргэлжлээд байгаа бол тухайн хүн магадгүй суурь стресс, түгшүүртэй байна гэсэн үг. Тиймээс миний санаа зовнил коронавирусийн халдвар гарахаас өмнө байсан уу, байсан бол юунаас болж байгаа вэ гэдгийг олох нь чухал. Зарим хүмүүс суурь түгшүүртэй гэдгээ мэдэхгүйгээр бүх зүйлийг Covid-19-ээс болоод байна гэж андуурч байхыг үгүйсгэхгүй.

Сэтгэлийн түгшүүр хэт удаан үргэлжилвэл тухайн хүнд ямар сөрөг нөлөөтэй вэ?

Өөрөө Covid-19 халдвар авсан мэтээр байнгын санаа зовж ургуулж бодсоор байвал тухайн хүний зан үйлд нөлөөлж эхэлнэ.

Жишээлбэл, гараа хоёр минут угаах ёстой байтал 20 минут угаах, амны хаалтаа хоёр, гурваар нь давхарлаж зүүх зэрэг нь тухайн хүний амьдралын хэвшилд сөргөөр нөлөөлдөг. Ер нь хэт их өөрийгөө хамгаалах тусам сэтгэлийн  түгшүүр нэмэгддэг талтай.

Сэтгэл түгшүүртэй байгаагийн илрэл нь толгой, зүрх, гэдэс, цээжээр хатгуулдаг. Энэ нь түгшүүрийн шинж тэмдэг бие дээр шууд илэрч байна гэсэн үг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн гол нь тайвшрах хэрэгтэй. Өөрт төрөөд байгаа мэдрэмжээ бусадтай хуваалцах нь чухал. Найз нөхөд болон гэр бүлийнхэн нь ойлгож сонсдоггүй, буруутгаж шүүмжлэгддэг хүмүүс сэтгэл санааны хямралд хамгийн ихээр өртдөг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж