Олон улсын санхүүгийн байгууллагууд болон шинжээчид 2020 онд дэлхийн эдийн засаг агших тѳлѳвтэй байгааг анхааруулсаар байна. Шинжээчдийн үзэж буйгаар, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв саарахад БНХАУ-ын эдийн засгийн өсөлт оны эхний улиралд огцом агших, COVID-19 вирусийн тархалт хүчтэй дэгдэж буй Евро бүс, АНУ-ын эдийн засаг 2020 оны II, III улиралд эрэлт болон нийлүүлэлтийн томоохон сөрөг шоконд өртөж, эдийн засаг агших төлөвтэй байгаа нь голлон нөлөөлөхөөр байгаа ажээ. Гэвч шинжээчид эдийн засгийн нөхцөл байдал өдөр бүр хувьсан өөрчлөгдөж, тодорхой бус байдал өндөр байгаа тул дэлхийн эдийн засгийн өсөлт хэр гүнзгий унах вэ гэдэг дээр өөр өөр байр суурьтай байгаа аж.
Энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулах, төгрөгийн заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар бууруулж, 324 тэрбум төгрөгийн эх үүсвэр чөлөөлөх, бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +/-1 нэгж хувиар шинэчлэн тогтоох багц шийдвэр гаргасан. Харин гуравдугаар сарын 20-ны өдөр банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авав.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч захын арилжаа зогссон, Төв банкны үнэт цаас цөөн банканд төвлөрсөн. Өнөөгийн энэ нөхцөлд COVID-19 вирусийн халдварын хурдацтай тархалтаас үүдэн дотоод эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанк барьцаат зээлийн журамд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түр хугацааны өөрчлөлт оруулсан билээ.
Дэлхийн санхүүгийн зах зээлд коронавирусээс үүдэлтэй эрсдэл, тодорхойгүй байдал нэмэгдсэнээр голлох хөрөнгийн биржийн индексүүд сүүлийн нэг сарын хугацаанд 30%-иар унажээ. Хөрөнгө оруулагчид эрсдэлтэй багцаа зарж (sell off), илүү хөрвөх чадвар өндөртэй хөрөнгөд эх үүсвэрээ байршуулж эхэлсэн байна. Үүнээс үүдэн Монгол Улсын Засгийн газар болон компаниудын бондуудын үнэ унаж, өгөөж 2020 оны гуравдугаар сараас эхлэн огцом өссөн үзүүлэлттэй гарчээ.
Хэрэв дэлхийн санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал даамжирвал Монгол Улсын дахин санхүүжилтийн өртөг нэмэгдэх эрсдэлтэйг Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн тоймд мэдээлсэн байна. Эдийн засаг, бизнесийн идэвхжил саарсан хэдий ч нийлүүлэлтээс шалтгаалсан инфляц бага зэрэг өсчээ. Жилийн инфляц хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.4%, Улаанбаатар хотын хэмжээнд 6.9% буюу өмнөх сартай харьцуулахад 0.9 нэгж хувиар өссөн дүнтэй байна.
Эдийн засгийн идэвхжил, ерөнхий төлөв саарах хандлагатай байгаа хэдий ч иргэд, ААН-үүд нийлүүлэлтийн хомсдол үүсэх эрсдэлээс сэргийлж худалдан авалтаа нэмэгдүүлсэн нь богино хугацаанд инфляц бага зэрэг өсөхөд нөлөөлжээ.
ЗЭЭЛДЭГЧ ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМТЭЙ ХОЛБООТОЙГООР ЗЭЭЛИЙН ҮНДСЭН ТӨЛБӨР, ХҮҮГЭЭ ХУВААРЬТ ЗААСНЫ ДАГУУ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН БОЛ…
“Covid-19” цар тахалтай холбоотойгоор нийтээр хязгаарлалт, хорио цээрийн дэглэм мөрдөж буй. Энэ нь зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар тухайн аж ахуйн нэгжүүд болон иргэдийн мөнгөн орлого тасалдаж, төлбөрийн чадвар муудаж, банкуудаас авсан зээлийг гэрээний дагуу төлөхөд хүндрэл үүсчээ. Үүнтэй холбоотойгоор давхардсан тоогоор 26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүссэн байна. Үүнээс 65.1% нь буюу 2.0 их наяд төгрөг нь аж ахуйн нэгжид, 35.0% нь буюу 545 тэрбум төгрөг нь иргэнд тус тус хамаарч байгаа аж.
Мөн хуваарийн дагуу хийгдэх ёстой нийт өрийн үйлчилгээнээс 195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байгаа талаар Монголбанкнаас мэдээлэв.
Төв банкнаас Covid-19 цар тахлын банк, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг бууруулахад шаардлагатай боломжит арга хэмжээнүүд авснаар банкуудын зээлийн хүү 1 нэгж хувиар буурах, зах зээлд хамгийн багадаа 300-400 тэрбум төгрөгийн зээл шинээр гарах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Банкуудад мөрдүүлж буй “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт тавих журам”-ын зарим зохицуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгов.
Өөрөөр хэлбэл, Covid-19 цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосноор зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлжээ.
Түүнчлэн банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг 25 хувь байсныг 20 хувь болгож бууруулах, өөрийн хөрөнгийг хамгаалах нөөц зөрчигдөхөд авч хэрэгжүүлэх арга хэмжээг түдгэлзүүлэх шийдвэр гаргаснаар банкуудын санхүүгийн чадавхид эерэг нөлөө үзүүлэх боломж бүрджээ.
Арилжааны банкууд Монголбанкнаас гаргасан багц шийдвэрийн дагуу холбогдох дотоод журам, дүрэмдээ өөрчлөлт оруулан, харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлснээр 1069 иргэдийн 36.6 тэрбум төгрөгийн зээл, 126 байгууллагын 409.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлсэн байна. Хэрэв зээлдэгч хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор зээлийн үндсэн төлбөр, хүүгээ хуваарьт заасны дагуу төлж чадахгүй нөхцөл үүссэн бол өөрийн үйлчлүүлдэг банканд хандан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ