NBA: 2019, 2020 оны улирлын шилдгүүд хэн бэ? | News.MN

NBA: 2019, 2020 оны улирлын шилдгүүд хэн бэ?

NBA: 2019, 2020 оны улирлын шилдгүүд хэн бэ?

NBA: 2019, 2020 оны улирлын шилдгүүд хэн бэ?

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA үйл ажиллагаагаа covid-19-ийн улмаас түр зогсоосноос хойш 20 гаруй хоног өнгөрчээ. Одоогийн байдлаар хэзээ үргэлжлэх нь тодорхойгүй ч зургадугаар сарын сүүлээр, эсвэл долдугаар сарын эхээр үргэлжилж, есдүгээр сард аваргын төлөөх цуврал явагдана хэмээн ESPN таамаглаж байна. Ялангуяа сүүлийн үед АНУ-д covid-19 өвчний халдвар авсан хүмүүсийн тоо огцом нэмэгдэж, Хятадыг давсан нь аюул. Бид та бүхэндээ энэ удаад NBA-ийн баг тамирчдын энэ улиралд гаргасан амжилтыг нь харгалзан, дараах таамгуудыг хүргэж байна.


“УЛИРЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ”-ЛЕБРОН ЖЭЙМС

Энэ шагнал эзнээ олсон гэхээсээ илүү цагаа олсон шагнал гэж бодож байна. Өдгөө 35 настай Леброн Жэймс энэ улиралд 25.7 оноо, 7.9 самбараас бөмбөг авалт, 10.6 оновчтой дамжуулалт дунджилж Лос Анжелес Лэйкерс баг нь ширүүн өрсөлдөөнтэй өрнөд бүсийг 49-14 гэсэн амжилттай тэргүүлж байна. Магадгүй зарим хүмүүс Яннис Адетокумбог энэ улиралд дахин тус шагналыг авна гэж бодож байгаа байх. Гэхдээ энэ чинь NBA, энтертайнмент голлосон лиг шүү дээ.

Сүүлийн жилүүдэд “Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч” шагналын өрсөлдөөн дэндүү ширүүн байгаа учир лиг ч хэн хэнийг нь гомдоохгүйн тулд жил болгон л шинэ MVP тодруулж байгаа. Хамгийн сүүлд 2014-2016 оны хооронд Стефен Көрри л хоёр дараалж “Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч” болсон. Лигт 17 дахь улиралдаа хүчин зүтгэж буй Леброн Жэймс энэ улиралд оновчтой дамжуулалтаар лигийг тэргүүлж, баг нь зэрлэг өрнөдийн тэргүүн байранд бичигдэж байна. Олон жилийн турш хүмүүс түүнийг дорнод бүсэд амар аргаар, өрсөлдөгчгүй аваргын төлөө гарч ирж, муухан багуудыг “дээрэлхэж” байна гэдэг байсан. Харин одоо тэр өрнөд бүсэд өөрийгөө харуулж байна. Лос Анжелес хот том зах зээлтэй, хүчирхэг сэтгүүл зүйтэй, сэтгүүлчидтэй хот. Цаг нь болохоор сэтгүүлчид хэнд саналаа өгөхөө шийднэ.

Дашрамд хэлэхэд, Леброн Жэймс хамгийн сүүлд 2013 онд лигийн “Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч” шагналыг дөрөв дэх удаагаа хүртэж байлаа.

“УЛИРЛЫН ШИЛДЭГ ХАМГААЛАН ТОГЛОГЧ”-ЭНТОНИ ДЭВИС

Лос Анжелес Лэйкерс багийн хамгаалалт энэ улиралд дэндүү онцгой байгаа гэдгийг онцолъё. Тэд энэ улиралд өрсөлдөгч багтаа 105.5 оноо алдаж байгаагаараа лигт гуравдугаарт, нэг тоглолтонд гүйцэтгэж буй бөмбөг таслалт нь 8.6 байгаа нь лигт дөрөвдүгээрт, нэг тоглолтонд хийж буй хаалт нь 6.8 байгаа нь лигийг тэргүүлж байна.

Энэ бүх сайн хамгаалалтын гол ноён нуруу нь Энтони Дэвис. Тэрбээр өөрөө энэ улиралд 2.4 хаалт дунджилж буйгаараа лигт гуравдугаарт, харин 1.5 бөмбөг таслалт дунджилж байгаа нь төвийн тоглогч дундаа хоёрдугаарт бичигдэж байна. Түүнтэй “Улирлын Шилдэг Хамгаалан Тоглогч”-ийн шагналд хамгийн хүчтэй өрсөлдөөнийг Яннис Адетокумбо болон Руди Гобер нар л үзүүлж байна. Гэхдээ Лос Анжелес Лэйкерс баг хоёр гол шагналыг авахын тулд NBA-ийн хамгийн шилдэг амжилттай баг байх хэрэгтэй, хэрэв үгүй бол Яннис Адетокумбо дээрх хоёр шагналын аль нэгийг нь авах эрхтэй хүн.

“УЛИРЛЫН ШИЛДЭГ АМЖИЛТ НЬ АХИСАН ТОГЛОГЧ”-ЛУКА ДОНЧИЧ

21 настай энэ словени залуу лигт орж ирээд анхны жилдээ “Шилдэг Залуу Тоглогч”-ийн шагнал хүртсэн бол одоо хоёр дахь жилдээ “Улирлын Шилдэг Амжилт нь Ахисан Тоглогч”-ийн шагналыг хүртэхэд гайхах зүйлгүй. Өнгөрсөн жил 21.2 оноо, 7.8 самбараас бөмбөг авалт, 6.0 ашигтай дамжуулалт дунджилсэн тэрбээр энэ улиралд 28.7 оноо, 9.3 самбараас бөмбөг авалт, 8.7 ашигтай дамжуулалт дунджилж байна. Харин Даллас Маврикс баг нь өрнөд бүсийн долдугаар байранд 40-27 гэсэн амжилттай дээрээ яваа багуудтай тун ойрхон өрсөлдөж байгаа. Улирлын эхний хагаст “Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч”-ийн шагналд хүчтэй өрсөлдөж байсан тэрбээр гэмтэл аван цөөнгүй тоглолтыг өнжиж энэ ярианаас бараг хасагдсан. Гэвч түүний хамтаар энэхүү шагналын төлөө өнгөрсөн жилийн “Улирлын Шилдэг Амжилт нь Ахисан Тоглогч”-ийн шагналын эзэн Торонто Рэпторс багийн Паскаль Сиакам, Атланта Хавкс багийн холбон тоглогч Лука Дончичийн драфтын нэг ангийн залуу Трае Ян болон энэ жил анх удаагаа бүх одод болсон Нью-Орлеанс Пеликанс багийн Брэндон Инграм нар өрсөлдөнө.

“УЛИРЛЫН ШИЛДЭГ ЗУРГАА ДАХЬ ТОГЛОГЧ”-ДЭННИС ШРЁДЕР

ESPN сайтын зүгээс NBA-ийн 2019-2020 оны шинэ улирлын багуудын таамгийг гаргахад Оклахома Сити Тандер багийг 33-49 гэсэн амжилттай өрнөд бүсийн 13-р байранд бичигдэнэ хэмээн таамаглаж байсан боловч тэд энэ улиралд одоогийн байдлаар 40-24 гэсэн амжилттай бүсийнхээ тавдугаар байранд бичигдэж байна. Тус багийн энэ бүх гайхалтай амжилтын нууц хөзрүүдийн нэг бол өдгөө 26 настай, герман холбон тоглогч Деннис Шрёдер. Тэрбээр энэ улиралд сэлгээнээс 19.0 оноо дунджилж, лигийн сэлгээний оноо авагчдыг тэргүүлэхээс гадна 4.1 оновчтой дамжуулалт дунджилж байна. Өнгөрсөн жил Рассел Уэстбрукийн сэлгээ байсан тэрбээр энэ жилээс Крис Полын сэлгээ болж энэ үүргээ ч үнэхээр сайн гүйцэтгэж байгаа. Түүнтэй хамт Детройт Пистонс багийн холбон тоглогч Деррик Рөүз болон Лос Анжелес Клипперс багийн хамгаалагч лигийн гурван удаагийн “Улирлын Шилдэг Зургаа дахь тоглогч”-ийн шагналт Лу Уильямс нар гол өрсөлдөөнийг үзүүлнэ.

“УЛИРЛЫН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ”-НИК НӨРС

Өнгөрсөн жил үнэхээр гайхалтай гэнэтийн бэлгийг дэлхий нийтэд барьж багаа NBA-ийн аварга болгосон Торонто Рэпторс багийн дасгалжуулагч Ник Нөрст энэ жил “Улирлын Шилдэг Дасгалжуулагч”-ийн шагналыг өгөх нь зүй ёсны хэрэг. Түүний баг энэ улиралд 46-18 гэсэн амжилттай дорнод бүсийн хоёрдугаар байранд бичигдэж байна. Өнгөрөгч зун багийн гол тоглогчид болох Кавай Леонард болон Дэнни Грин нарыг алдсан ч амжилт нь огтхон буурсангүй. Түүнийг хүмүүс Кавай Леонардын ачаар өнгөрсөн жил гайхалтай амжилтыг үзүүлсэн гэж ярьж байсан ч энэ жил тэрбээр өөрийгөө батлан харуулж энэ лигийн шилдэг дасгалжуулагчдын нэг гэдгээ харуулсан. Тус багийн хамгаалалт энэ жил сайн байгаагаа харуулж өрсөлдөгч багтаа 104.9 оноо алдаж байгаа нь лигт хоёрт, багаараа 8.8 бөмбөг таслалт дунджилж байгаа л мөн л лигт хоёрт бичигдэж байна. Ник Нөрсийн ур ухаан, тактик, мэдрэмж энэ улиралд үнэхээр сайн ажиллаж багийнх нь 11 тоглогч 10-аас дээш минутыг талбайд өнгөрүүлж байгаа аж. Үүнээс харахад тэрбээр багийнхаа тоглогчдыг жигд тоглуулж байгаа нь харагдаж байна. Гэвч түүнд энэхүү шагналыг Милвауки Бакс багийн Майк Буденхольцер, Лос Анжелес багийн Фрэнк Вогел нар амар өгөхгүй нь мэдээж.

“УЛИРЛЫН ШИНЭ ШИЛДЭГ ЗАЛУУ ТОГЛОГЧ”-ЖА МОРАНТ

Мемфис Гриззлес багийн залуу тоглогч лигт өнгөрүүлж буй анхны улиралдаа 17.6 оноо, 3.5 самбараас бөмбөг авалт, 6.9 оновчтой дамжуулалт дунджилж багаа өрнөд бүсийн плэй-оффын наймдугаар байранд бичигдэхэд голлох үүргийг нь гүйцэтгэж байна. Мэргэжлийн тамирчныхаа эхний 19 тоглолтод 23.6 оноо дунджилж буй Нью Орлеанс Пеликанс багийн Зайон Уиллиамсон түүнтэй өрсөлдөх болоогүй гэдгийг ESPN сайтын судалгаа харуулсан. ESPN сайт 70 хүнээс “Улирлын Шинэ Шилдэг Залуу Тоглогч” хэн бэ гэж санал асуулга авахад бүгд Жа Морантыг илүүд үзжээ. Өөрийнхөө тэсрэлт, үзүүштэй тоглолтоороо аль хэдийнэ өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон тэрбээр энэ улиралд “Улирлын Шинэ Шилдэг Залуу Тоглогч”-ийн шагнал авах нь тодорхой биз.

Бүх NBA-ийн нэгдүгээр баг:

  1. Жэймс Харден
  2. Лука Дончич – Түүний оронд Дамиан Лиллард ч байж болно гэхдээ ESPN-ний үзэж буйгаар талбай дээрх нэмэх хасах үзүүлэлтээрээ Лука Дончич лигт дөрөвдүгээрт жагсч байгаа бол Дамиан Лиллард 17-рт жагсч байна. Мөн Даллас Маврикс баг бүсийнхээ долдугаар байранд бичигдэж байгаа бол Портланд Трэйлблэйзерс баг есдүгээр байранд явж байна.
  3. Леброн Жэймс
  4. Яннис Адетокумбо
  5. Никола Ёокич

Бүх NBA-ийн хоёрдугаар баг:

  1. Дамиан Лиллард
  2. Рассел Уэстбрук – Түүнтэй энэхүү байрлалын төлөө Атланта Хавкс багийн холбон тоглогч Трае Ян өрсөлдөх боломжтой. Рассел Уэстбрук энэ улиралд 27.5 оноо, 7.9 самбараас бөмбөг авалт, 7.1 оновчтой дамжуулалт дунджилж байгаа бол Трае Ян 29.6 оноо, 9.3 оновчтой дамжуулалт, 4.3 самбараас бөмбөг авалт дунджилж байна. Хувийн амжилтыг нь харгалзан үзвэл Трае Ян энэ багт нэрлэгдэх эрхтэй боловч багийн амжилтаараа Рассел Уэстбрук илүү байна.
  3. Кавай Леонард
  4. Энтони Дэвис
  5. Жоэл Эмбийд

Бүх NBA-ийн гуравдугаар баг:

  1. Трае Ян
  2. Крис Пол
  3. Жимми Батлер
  4. Жэйсон Тэйтум
  5. Бам Адебаёо

Бүх NBA-ийн гуравдугаар баг дээр Кайл Лоури, Крис Миддлетон, Паскаль Сиакам, Руди Гобер гэх зэрэг тоглогчид ч багтах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Amarmend 2020-03-31 66.181.161.67

American Basketball very good.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж