БСШУСЯ: 903 мянган хүүхдээс 69 хувь нь хичээлээ үзэж байна | News.MN

БСШУСЯ: 903 мянган хүүхдээс 69 хувь нь хичээлээ үзэж байна

БСШУСЯ: 903 мянган хүүхдээс 69 хувь нь хичээлээ үзэж байна

БСШУСЯ: 903 мянган хүүхдээс 69 хувь нь хичээлээ үзэж байна

“Covid-19” халдвар цар тахлын хэмжээнд хүрч, боловсролын салбарын үйл ажиллагаа үндсэндээ доголдоход хүрээд байна. Халдварт өвчний хямрал дэлхий нийтийг нөмөрсөн энэ үед өдгөө 1.2 тэрбум хүүхэд цахимаар сурч байна. Монгол Улсын хувьд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор боловсролын салбар анх удаа урт хугацаанд хүүхдүүдэд зайны сургалт явуулж буй.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд цэцэрлэг болон сургуулийн насны 903 мянган хүүхэд шинэ төрлийн коронавирусээс шалтгаалж хөл хорионд орж, теле хичээл үзэж байна. Тэдний 640 мянга нь сургуулийн, 263 мянга орчим нь цэцэрлэгийн насны хүүхдүүд байгаа юм.

Хичээл гурван сар гаруйн хугацаанд тасалдаад буй энэ үед теле хичээлээр бага ангийнхны хичээлийн хоцрогдлыг нөхнө гэдэг эргэлзээтэй. Энэ асуудлаар сургуулийн багш нар ч бас хоёр талд хуваагдаж, нэг хэсэг нь шүүмжилж байхад нөгөө хэсэг нь дэмжиж байгаа юм.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын лицей сургуулийн зарим багш, мэргэжилтнүүд теле хичээлийг үр дүнгүй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь хичээлийн хоцрогдлыг нөхөх боломжтой гэсэн байр суурь илэрхийлж байв.

  ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ ЗӨВХӨН БАГШ НАРТ ДААТГАХ БУС ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

МУБИС-ийн харьяа ЕБС-ийн Бага ангийн багш С.Балжиннямаас хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлын асуудлаар дараах асуудлыг тодруулав.

-Теле хичээлээр хүүхдийн хичээлийн хоцрогдлыг нөхөх боломжтой юу. Бага ангийнхны хувьд теле хичээлээ үзсэн ч ойлгож амжилгүй хурдан дуусчихдаг хэмээн хэлж байгаа?

-Манай хүүхэд гурван настай. Теле хичээл үзэж байгаа. Их сонирхолтой, ойлгомжтой хэлбэрээр хичээлийг зааж байгаа. Энэ нь ямар ч бүлгийн хүүхэд аль ч түвшний хичээлийг үзэх боломжтой гэсэн үг. Гурван настай хүүхдэд зориулсан хичээлийг зургаан настнууд ч үзэж болно. Тэгэхээр хүүхэд өөрийнхөө чадварын түвшинд сонирхсон хичээлээ үзэх боломжтой. Теле хичээлээр сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийнхны хичээлийн хоцрогдлыг нөхөх бүрэн боломж байна. Учир нь, теле хичээлийг Лүүк тв болон Юнившн-ээр нөхөж үзэх, хичээлээ ойлгохгүй бол дахин давтах байдлаар үзэж болно.

-Гэртээ интернэтгүй, орон нутагт сүлжээгүй газарт амьдарч буй айл өрхийн хүүхдүүд теле хичээл үзэх боломжгүй. Тэгэхээр хичээлийн хоцрогдлыг теле хичээлээс өөрөөр нөхөх боломжтой юу?

-Орон нутгийн хүүхдүүдийн хувьд теле хичээлээ үзэх боломж хомс байгаа болов уу. Тиймээс анги удирдсан багш нар нь хүүхдүүдтэйгээ эргэх холбоотой ажиллах ёстой. Ангийн багш нь хүүхэд нэг бүрийн сурлагын түвшнийг мэдэж байгаа шүү дээ.

Гэхдээ зөвхөн ангийн багш, теле хичээлд найдах биш эцэг эхчүүдийн оролцоо ч бас чухал. Эцэг эх, багш нарын оролцоо сайн байснаар хүүхдийн хичээл хоцрогдохгүй.

          БАГШ НАР ТӨЛБӨР АВЧ Л БАЙГАА БОЛ ИЛҮҮ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАХ ЁСТОЙ

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос теле хичээлийн үр дүнгийн талаар тодрууллаа. 

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаад байна. Энэ хугацаанд хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг теле хичээлээр нөхөх боломжтой юу. Бага ангийнхны хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр салбарын яамнаас ямар чиглэл баримталж байна вэ?

-Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 3020 цагийн нийт 52210 минутын телевизийн хичээл зохион байгуулна. Үүний 70 хувь нь шинэ буюу хичээлийн жилийн хугацаанд судлах ёстой агуулга. Үлдсэн хувь нь телевизийн хичээлээр үзсэн агуулгаа зайнаас бататгах буюу бататгах агуулгууд байгаа юм. Тэгэхээр хүүхэд нэг хичээлээ үзээд өнгөрнө гэхээс илүүтэй шинэ агуулгыг ямар агуулгаар бататгаж телевизийн хичээл үзэх вэ гэдэг боломж эцэг эх, хүүхдүүд, анги удирдсан багш нарт гарч ирж байна. Хоёрдугаарт, теле хичээлийн агуулгуудыг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласан нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн баталсан. Теле хичээлийн агуулгыг телевизүүдээр цацахаас долоо хоногийн өмнө орон нутагт хүргүүлсэн. Мөн нэмэлт 14 хоногийн хичээлийн агуулгыг орон нутгууд руу урьдчилан хүргүүлсэн. Одоо дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэлх таван долоо хоногт үзэх хичээлийн агуулгуудаа орон нутаг болон багш нарт өгөөд байна. Энэ мэтчилэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр боломжтой бүхий л сайн хувилбарыг судалж байна.

-Дөрөвдүгээр сарын 30-наас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд хичээлийн хоцрогдлыг давтлага байдлаар нөхөх үү?

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа товлосон хугацаандаа эхэлж, хэвийн үргэлжилбэл дунд, ахлах анги зургадугаар сарын 13-ны Бямба гариг хүртэл хичээллэнэ. Бага ангийнхан зургадугаар сарын 6-ныг хүртэл хичээллэнэ гэж тооцож байгаа. Цэцэрлэг тавдугаар сарын 31-ний өдрөөс амарна. Энэ хугацаанд 40 орчим хоног танхимаар хичээллэнэ. Энэ хугацаанд зайны сургалтын агуулгаа хэрхэн бататгах вэ, хичээлийн нэмэлт агуулгаа танхимаар зайны сургалттай уялдуулах тал дээр нэгдсэн арга зүй боловсруулж байна. Мөн энэ чиглэлээр аймаг, сумын  сургуулийн түвшинд анхаарч бодлого төлөвлөлт хийх зөвлөгөө, заавар өгч байна.

-Хичээлийн хоцрогдлыг теле хичээлээр нөхөх тал дээр зарим сургуулийн багш нар шүүмжлэлтэй хандаж байгаа?

-Теле хичээлийг улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн насны 900 гаруй мянган хүүхдэд 180 багш л зааж байна. Тэгэхээр хичээлийн хоцрогдлыг арилгах асуудлыг зөвхөн теле хичээл зааж буй багш нар хариуцна гэсэн үг биш. Ийм байдлаар хандвал ямар ч үр дүн гарахгүй. Тийм учраас эцэг эх, анги удирдсан багш нар хичээл давтлагад онцгойлон анхаарах учиртай. Ингэснээр телевизийн хичээл үр дүнд хүрнэ. Дөнгөж нэгдүгээр ангийн зургаан настнууд, долоохон настай хоёрдугаар ангийн хүүхдүүд бие дааж теле хичээлийн ард гарна гэж байхгүй. Дээрээс нь хувийн сургуулиуд болон МУБИС-ийн Лицей сургууль нэмэлт төлбөр авч сайдын батлагдсан агуулгууд дээр нэмэлт хичээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүний тулд эцэг эхчүүдээс төлбөр авдаг.

Нэгэнт төлбөр авч байгаа бол хичээлийн нэмэлт агуулгуудаа хүүхдүүдэд хэрхэн хүргэх тал дээр анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Энэ утгаараа багш нар нэмэлт ачаалал авч ажиллах ёстой.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын агуулгын дор зааж буй батлагдсан хичээлийн агуулгууд бол ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр юм. Танхимын багш нар ч бас мөн ачаалал авч ажиллаж байгаа. Жишээ татахад, нэг бүлгийн 300 орчим хүүхэд бүрт анхаарч ажиллах ёстой болж байна.

-Зайны сургалтаар хичээлийн хоцрогдлыг нөхөж байгаа тохиолдолд бие даалтын хичээлд нь ямар хяналт тавих вэ. Бага ангийнхан теле хичээл үздэггүйгээ хэлдэг?

-Теле хичээлийн үр дүнгийн талаар олон талын судалгаа, мониторинг хийж байна. Сургуулийн удирдлага, багш нараас авсан албан бус судалгаа, орон нутгийн 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс авч буй судалгаагаар теле хичээл хамгийн багадаа 69 хувийн үзэлттэй байна. Ихдээ 85 хувийн үзэлттэй байгаа юм. Хичээлийн чанар, үр дүн, багш, эцэг эх, сурагчид эргэх холбоотой байгаа юу гэдэг асууддлыг бид бодож судлах ёстой.

Дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс сурагчдын хичээл эхлэхэд хичээлийн хоцрогдлыг богино хугацаанд нөхөхөд онцгойлон анхаарах ёстой.

-Сургуулийн өмнөх боловсролын теле хичээлийн агуулгад хэрхэн анхаарч байна вэ?

-Сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийг хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэл дээр анхаарч байгаа. Тухайлбал, яаж зөв хүн болж төлөвших вэ, яаж хөгжлийг нь хангах вэ гэдгийг теле хичээлээр дамжуулан заадаг.  Харин ямар нэгэн агуулгад баригдаж асуудал яригдахгүй.

-Теле хичээлийн программыг DVD хэлбэрээр сурагчдад тараана гэдгийг салбарын сайд мэдэгдсэн даруйд олон нийтийн цахим сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Яагаад DVD хэлбэрийг сонгосон бэ?

Бид ахлах ангийн хүүхдүүд рүү чиглэсэн маш олон цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна. Теле хичээлээр 10-12 дугаар ангийнханд нийт 583 цагийн хичээлийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зохион байгуулна. Элсэлтийн ерөнхий шалгалтын агуулгад зөвхөн ахлах ангийн хичээлийн агуулга ирдэггүй. Тиймээс төгсөх ангийнхан 10-12 дугаар ангийн хичээлүүдээ теле хичээлээр нөхөж үзсэнээр өмнөх хичээлүүдээ бататгах, сэргээн санах бүх боломж нь нээлттэй. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан хичээлүүдийг бэлтгэгдсэн багш нар зааж байна. Түүнчлэн өдөр тутамд лайв хичээл явуулж байна. Теле, лайв хичээлээс гадна гарын авлага хүүхдүүдийн гарт очиход бэлэн болж байна. Гарын авлагад 100 гаруй видео бичлэг хичээл, нээлттэй даалгаврын сан, ЭЕШ-д зориулсан бүх зөвлөмж багтсаны дотор DVD дагалдаж байгаа юм. Магадгүй интернэтгүй орчинд CD рамтай компьютер байхад DVD ашиглаж, хоцрогдсон хичээлүүдээ нөхөж үзэх боломжтой. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан сонин сард хоёр удаа ахлах ангийнханд тараана. Ингэснээр мэдээллээс хоцорч байгаа хүүхдүүд 14 хоног тутамд гарах сонины дугаараар дамжуулан мэдээлэл авах боломжтой юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-31 64.119.21.134

4 сарын 30 наас хоцрогдол арилгана нэрээр хүүхдүүдийг улам шахаж хүүхдийг өөрийн хичээл зүтгэлгүй сургуульд дургүй болгох вий гэж санаа зовинож байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж