Хог хаягдал ангилан ялгах бункерийн хоёр өөр төрх

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Хог хаягдал ангилан ялгах бункерийн хоёр өөр төрх

Хог хаягдал ангилан ялгах бункерийн хоёр өөр төрх

Хаврын эхэн сар гараад дундаа оржээ. Жил бүрийн өдийд утаанаас илүү хөрсний бохирдол, хог хаягдлын асуудал нийслэлийнхний өмнө тулгамддаг. Энэ жил ч бас уг асуудал дахин сөхөгдөж байна. Хог хаягдлыг бууруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд нийслэлээс шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь хог ангилан ялгах төсөл юм.

Энэ хүрээнд “Хогоо ангилж, Хотоо цэмцийлгэе” аяныг өнгөрсөн жил хэрэгжүүлж, хог ангилан ялгах савыг олон нийтийн гудамж талбай болон орон сууц, албан байгууллагын үүдэнд байршуулсан. Энэ жил нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд 77 байршилд хог ангилан ялгах бункерүүд байршуулаад байна. Хог ангилан ялгах бункер байршуулснаар орчны бохирдол, ил задгай хог хаягдал буурсан эсэхийг тодруулахаар Баянзүрх дүүргийн нэг болон гуравдугаар хороог сурвалжиллаа.

ХОГ АНГИЛАН ЯЛГАХ ХАЙРЦАГ БАЙРШУУЛСАН Ч ХУР ХОГ ҮҮСЧЭЭ

Олны нэрлэж заншсанаар 13 дугаар хороолол буюу Ус сувгийн удирдах газрын ар талд байрлах хуучны угсармал гурван давхар орон сууцны хороолол дунд хог ангилан ялгах бункер байрлуулжээ. Ердөө долоо хоног өнгөрч байгаа ч хог ангилан ялгах хайрцгийг шинэ будгийн өнгөөр нь л танив.  Түгжээ нь мултарч эвдрээд, хуучин зэвэрсэн бункерээс огт ялгарахааргүй болж хур хог үүсчээ.

Энд тэндгүй хаягдсан хогон дээр болжмор, тагтаа цугласан байх нь халдварт өвчний эх үүсвэр болохыг ч үгүйсгэхгүй. Дээр нь шил лааз түүдэг хүмүүс амны хаалтгүй шахам хог ухаж, хуванцар савыг нь ялган авч байлаа. Тэдний нэг болох иргэн Ч.Болдбаатар “Хог ангилан ялгах хайрцаг байрлуулсан ч нэмэргүй байна. Хүмүүс хогоо ангилан ялгаж хаяхгүй нэг дор уутанд бөөгнүүлээд хаясныг харж байгаа биз дээ. Энэ нь бидэнд ч бас хэцүү байдаг. Уг нь хогоо ангилан ялгачихвал бидний ажлыг хөнгөвчилнө. Олон хог ухахгүй, хуванцар лааз, архины шилээ л авчихна” гэлээ.

Тус хороонд шинээр байршуулсан хог ангилан ялгах хайрцагт оршин суугчид хогоо ангилан ялгасан эсэх, орчны аюулгүй, цэвэр байдалд 48,48а байрны жижүүр Ц.Баяраа өдөр бүр хяналт тавьдаг бол хорооны хэсгийн ахлагчид бас давхар хяналт тавьж байгаа аж. Гэсэн ч оршин суугчид болоод шил лааз цуглуулдаг хүмүүс байрны жижүүр өвөөгийн үгийг үл тоодог уу, эсвэл иргэд хогоо ангилан ялгасан ч шил лааз түүдэг хүмүүс сүйдэлдэг үү аль нь мэдэгдэхгүй хур хог үүссэнд хэн хэн нь буруутай болов уу.

ОРШИН СУУГЧДАД ШААРДЛАГА ТАВЬСАН Ч ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ

Байрны жижүүр Ц.Баяраа:

-Хорооноос хог ангилан ялгах хайрцаг байршуулаад долоо хоног өнгөрч байна. Оршин суугчид хогоо ангилан ялгаж сураагүй, уутанд бөөгнүүлээд л хогоо хамаагүй хаячихдаг. Зарим тохиолдолд хайрцаг руу зүглүүлээд хогоо шидчихдэг. Шаардлага тавьсан ч хүлээж авдаггүй. Шил лааз түүдэг хүмүүс ангилж ялгаад цэвэрлэсэн хогийг задалж, хур хог үүсгэдэг. Байрны СӨХ болон жижүүр ажилчид нөөц боломжийнхоо хэрээр хичээж ажиллаж байна. Хорооноос хуурай хлорамин өгснийг нь хогийн цэг рүү цацаж ариутгалаа. Хамгийн чухал нь оршин суугчид ухамсартай байх хэрэгтэй. Иргэд хогоо ялгаж хаяад сурчихвал шил, лааз түүдэг хүмүүс ч бас хог тарих шаардлагагүй гэлээ.

Хэдийгээр хог хаягдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн шат шатны удирдлагууд өчнөөн төсөл боловсруулж хэрэгжүүлдэг ч түүндээ хяналт тавихгүй, иргэд нь ухамсаргүй байвал ямар ч сайхан ажил бодит амьдрал дээр замхардгийн тод жишээ энэ.

ХОГОО АНГИЛАН ЯЛГАХ НЬ ИРГЭНИЙ УХАМСРААС ШАЛТГААЛЖ БАЙНА

Гагцхүү хогоо ангилан ялгах нь иргэдийн ухамсар хандлагаас шууд хамаарч буйг дүүргийн нэгдүгээр хорооноос харж болно. Орон сууцны иргэд орцныхоо гадна хогоо бөөгнүүлээд хаячихдаг, ил задгай хур хог нь халуун наранд өмхийрч үнэртэн, хаврын салхи, шуурганд энд тэндгүй хог хийсдэг асуудлыг ганцхан бункерээр шийдчихжээ.

Тус хорооны ойролцоох 18 дугаар байрны оршин суугчдын хогоо бөөгнүүлдэг газарт хог ангилан ялгах хайрцаг байршуулснаар иргэд нь шилэн хог хаягдлаа тусад нь, цаасан болон хуванцар хог хаягдлыг тусад нь зааврын дагуу хаяжээ. Бункерт хуванцар сав, шилэн сав гэж ангилан ялгах бичиг наасан нь хэнд ч ойлгомжтой. “Ногоон хороо” хөтөлбөр гэсэн бичигтэй шинэхэн бункерийг байршуулаад долоо хоног өнгөрч байгаа аж.

Оршин суугчдын зүгээс эхлээд шөнийн цагаар хулгайгаар хогоо хамаагүй хаях зөрчил гарч байсан бол СӨХ-ийн ажилтнууд болон хорооноос хүн бүрт шаардлага тавьж, зөвлөгөө өгдөг болсноор хүмүүс хогоо ангилан ялгаж дадаж байгааг хорооны Засаг дарга хэлж байв.

ИРГЭД ХОГОО АНГИЛАН ЯЛГАЖ ДАДААГҮЙ БАЙНА

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны Засаг дарга Б.Отгонхүү

-Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 77 байршилд хог ангилан ялгах хайрцаг байршуулсан. Манай хороонд зургаан байршилд хог ангилан ялгах хайрцагтай болсон. Үүнээс гадна нийлэг уутны хэрэглээг багасгах, хог хаягдлыг бууруулах зорилгоор 900 ширхэг даавуун тор оёулсныг оршин суугчдадаа үнэгүй тарааж байна. Өөрөөр хэлбэл, хог хаягдлын 10-15 хувийг гялгар уут эзэлж байгаа тул энэ хаягдлыг бүрмөсөн арилгах зорилготой гэсэн үг. Даавуун торыг иргэд хэдэн ч удаа ашиглаж болно. Харин нэг удаагийн уут нь хөрсөнд шингэдэггүй, хог хаягдлын үндсэн шалтгаан болж байна. Та бүхний харж байгаагаар 18 дугаар байрны орчимд хог ангилан ялгах хайрцаг байршуулснаар оршин суугчид хогоо ангилан ялгаж хаясан байна. Гэхдээ иргэдийн хувьд хогоо ангилан ялгаж дадаагүй. Зарим нь хогоо ангилан ялгалаа ч нэг л автомашинаар ачиж байгаагаас хойш ямар ч ялгаагүй гэх шүүмжлэл хэлдэг. Энэ нь үнэн боловч цаашид тусгай автомашин явдаг болно. Одоогоор нөөц боломж хомс байна. Ер нь хогоо ил задгай хаях уу, ангилж ялгах уу гэдэг иргэн бүрийн ухамсраас шалтгаална. Хогийг ангилан ялгах тал дээр СӨХ-ийн ажилтнуудад үүрэг болгосны дагуу хяналт тавьж, иргэдэд мэдээлэл тогтмол өгч байгаа. Хог ангилан ялгалт хороо бүрт харилцан адилгүй байгаа нь тухайн хорооны хяналт болон иргэдийн хандлагатай холбоотой. Хүн бүр хогоо ангилан ялгадаг болсноор нийгэм, эдийн засагт олон эерэг өөрчлөлт авчирна.

Нийслэлчүүдийн хаяж байгаа нийт хог хаягдлын 80 хувь нь огт ангилагдахгүйгээр хогийн цэгт хүргэгддэг байна. Мөн нийт хог хаягдлын 40-45 хувь нь эдийн засгийн дахин эргэлтэд орох боломжтой гэх судалгаа бий. Тухайлбал, цаасан болон хуванцар хог хаягдлыг дахин боловсруулалтаар ашиглах боломжтой. Хог хаягдлыг ангилан ялгаж дахин боловсруулснаар байгалд учруулах хор хохирлыг шууд багасгах төдийгүй эдийн засгийн эргэлтэд оруулж, хэмнэл үүсгэх давуу талтай.

Хүн бүр халдварт өвчнөөс өөрийн болон гэр бүл, бусдын эрүүл мэндийг хамгаалах гэж дор бүрнээ хичээж байгаа шиг хогоо ангилан ялгаж сурвал эргээд агаар орчны бохирдлыг бууруулаад зогсохгүй нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.

Б.ГАН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж