Б.Гантуяа: Хийхгүй хүн шалтаг олдог

Хуучирсан мэдээ: 2020.03.31-нд нийтлэгдсэн

Б.Гантуяа: Хийхгүй хүн шалтаг олдог

    

 Ажил хийж хөдөлмөрлөх сэтгэлтэй хүнд хөгжлийн бэрхшээл нь саад болдоггүйг өөрийн биеэр нотолж яваа иргэд их бий. Тэдний төлөөлөл болсон MÔNROZÉ брэндийн ажилтан Б.Гантуяатай ярилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч бусдыг манлайлж яваа түүний ярилцлагаас та бүхэн эерэг хандлага, зөв үлгэр дууриалал авна гэдэгт итгэлтэй байна.


-Юуны өмнө та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юү?

-Намайг Батмөнхийн Гантуяа гэдэг. Одоо 31 настай. Архангай аймагт нөхөр, ээжийн хамт амьдардаг байж байгаад Улаанбаатар хотод ирж суурьшсан. Одоо хотын иргэн болох гээд амьдарч байна даа.

-Оны өмнөхөн MÔNROZÉ  брэндийн хуудсанд таны бичлэг байршсан байсан. Олны сэтгэгдэл ч маш эерэг байна лээ. Тэгэхээр та анх тухайн брэндтэй хэрхэн холбогдсон, ажилд орж байсан цаг мөчийнхөө сэтгэгдлээс хуваалцаач?

-Яг зургадугаар сард хотод ирчхээд ажил хайж байгаад MÔNROZÉ брэндэд тавигдсан ажлын зарыг олж харсан. Ажлын зарыг хадгалж авчхаад долоо хоног ярих уу, болих уу гэж их ч бодсон. Тэгээд зориглоод залгасан. Тухайн үедээ Сарнай захирал маань утсаа авсан учраас шууд л ажлын зараар холбогдож байгаагаа хэлсэн юм. Тэгэхдээ би өөрөө гар урлалын чиглэлээр юм хийдэг гэж хэлээд хэсэг хугацаанд ярьж байснаа төгсгөлд  нь “Би тэргэнцэртэй юм аа” гэж хэлэхэд “Санаа зоволтгүй ээ, ирээд уулзаарай. Хэрвээ манайх танд боломжтой санагдвал ажиллахад нээлттэй” гэж хэлсэн дээ.  Тэгээд очиж уулзахад намайг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгээс илүүтэй ажил хайж яваа хувь иргэн гэдгээр минь хүлээн авч, ажлын нөхцөлөө тохирсон юм. Гэхдээ би шууд ажилд орох тохиромжгүй гэж бодсон тул захиралдаа “Та намайг ямар ажиллаж байгааг харах хэрэгтэй. Би танд харуулах үүрэгтэй. Та намайг харсны үндсэн дээр хоёулаа цалин хөлс, цаг хугацаагаа тохиръё” гэж хэлсэн учраас долоо хоног туршилтаар яваад үндсэн ажилтан болж байлаа.

-Та гар урлал хийдэг гэж хэллээ. Энэ талаараа ярихгүй юу?

-Би гар урлалын чиглэлээр юм хийгээд 10-аад жил болж байна. Зүү ороож, мөн шүрэн эдлэл хийдэг байсан. Сүүлийн үед цаасан урлал буюу сониноор урлал хийдэг болсон. Аймагт байхдаа нөхөр бид хоёр сониноор бүтээгдэхүүнүүдээ захиалгаар хийж, түүнийгээ зардаг байлаа. Одоо ч ажлын хажуугаар зав гарсан үедээ хийсээр л байдаг. Хаяж чаддаггүй юм аа.

-Оёдлын чиглэлээр ажиллахад юу хүндрэлтэй санагддаг вэ?

-Анх хөл оёдлын машинаар юм оёно гэж бодож яваагүй ээ. Ихэнхдээ гар оёдлын машинаар юм оёдог байсан. Гэхдээ бусад ажилчдын маань хөл машинаар оёж байгаа чимээ маш гоё санагдаад битүүхэндээ оёх хүсэл төрдөг байлаа. Тэгтэл нэг өдөр захирал маань зонтик /шүхэр/-оор түлхээд, "Оёвол хөл машинаар оёж болох юм биш үү" гэж хэлсэн. Тэгээд захирлыг гарсан хойгуур хөл оёдлын машин дээр суугаад, захирлын хэлснээр зонтикоор биш, хөлөө тавьж байгаад гараараа бага багаар түлхэж үзсэн юм. Хүний мэдрэмжээр зохицуулж байгаа учраас надад болж байгаа нь харагдсан, мэдрэгдсэн. Тэр үеэс хойш хөл машинаараа юм оёх болсон доо. Намайг айдсаа давж, турших боломж олгосон захиралдаа маш их баярлаж явдаг.

-MÔNROZÉ брэндэд ажилд орохоос өмнө өөр албан газруудад ажилд орохоор хандаж байсан тохиолдол бий юу?

-Архангай аймагт амьдарч байхдаа МСҮТ болон бусад газартай холбогдож үзсэн. Тэгэхдээ өөрт маань төгссөн их, дээд сургууль байхгүй гэдгээ, харин гар урлалын чиглэлээр сертификат эрхтэй гэдгээ хэлэхэд тэдний зүгээс заавал дипломтой хүнийг ажилд авна гэсэн хариу өгсөн. Бас нэг сургууль дээр гар урлалын сургалт хийх сургаар бүртгүүлээд тэнцсэн хэдий ч бас л тусгай диплом мэргэжилгүй гэдэг шалтгаанаас болж орж чадаагүй.

-Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай орон зай хэр бүрдсэн гэж боддог вэ. Асран хамгаалагчгүй явах нөхцөл бараг л байдаггүй шүү дээ?

-Нэг үеэ бодоход сайжирч байгаа гэж боддог. Албан байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, шат бий болгож, замын гарц хашлагаараа ч налуу зам хийж өгсөн харагддаг. Дан ганц эдгээр зүйлс дээрх дэвшлээс гадна хүмүүсийн хандлага ч өөр болсон нь ажиглагддаг. Арван найм, есөн настай байх үед гадуур явж дэлгүүр хоршоо ороход хүмүүсээс өргөөд өгөөч гээд туслалцаа гуйхад завгүй байна гэх, үл тоох байдлаар хажуугаар зөрөх тохиолдол их байсан. Харин одоо машинаас тэргээ буулгаад сууж байхад хүмүүс ирээд буулгаж, туслаад өгөх хэмжээний соёлтой болчхоод байгаад нь баярладаг юм.

-Нийгмийн харилцаанд оролцоход эдгээрээс бусдаар хүндрэлтэй зүйл юу байдаг вэ?

-Зарим нэг барилга байгууламжид налуу шат, орц, гарцаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай стандартаар нь барих хэрэгтэй байна.

-Нөхрийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Бид хоёр анх 2014 онд танилцаж байсан. Түүнээс хойш хамтдаа бүгдийг бүтээнэ гээд зүтгэж явна даа. Нэг гэрт ороод, ханилаад зургаан жил болж байна. Энэ хугацаанд нөхөр маань намайг ямарваа нэгэн зүйл хийхэд хамгийн их урам өгч дэмждэг. Ер нь хань ижилтэй байна гэдэг өөрөө маш сайхан зүйл гэж санагддаг. Ажилдаа явахад манай нөхөр машинаараа өглөө оройд хүргэж өгч, авдаг. Хамгийн том ажлыг нугалж байгаа хүн шүү дээ.

-Та одоо дуртай, сонирхсон чиглэлээрээ ажлаа хийж байна. Таны хувьд хүссэн ажлаа хийж байхдаа  ямар мэдрэмж авдаг вэ?

-Захиралтайгаа загвараа ярилцаж гаргачхаад тухайн хувцсаа бүрэн хийж дуусгасны дараа бүх зүйлийг нь өөрийн гараар хийсэн гэж бодохоор л цаанаасаа маш сайхан, үгээр хэлшгүй мэдрэмж авч чаддаг юм.

-Өөрийн хөгжлийн бэрхшээлээс шалтгаалан ажил хөдөлмөр хийхээс татгалздаг, зугтдаг залуус байдаг. Энэ тал дээр таны байр суурь ямар байдаг вэ?

-Би энэ асуудал дээр эсрэг байр суурьтай байдаг. Хүний  гар хөдөлж, тархи ажиллаж чаддаг бол ажил хийх боломжтой. Хичнээн хөлөөрөө алхаж чадахгүй ч гэсэн тэргэнцэр бол  хөлийн минь оронд хөл болж байгаа зүйл. Тийм учраас бусадтай л мөр зэрэгцэн нийгэмд гарч, болж байгаа тохиолдолд ажлыг хийх ёстой. Ингэхдээ би залуучуудыг битгий ажил голоосой гэж хэлмээр санагддаг. Ажил олгогч ямар цалин олгож байгаа нь чухал биш. Харин тухайн хүнд өөрийгөө ямар чадвартай вэ гэдгээ харуулбал болно гэж боддог.

-Шалтгаанаа шалтаг болгож байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна вэ?

-Урдаа тавьсан зорилгогүй байдалтай нь холбоотой юм болов уу даа. Хэн ч, ямар ч бэрхшээлтэй бай түүнийгээ ялан гарах сэтгэлтэй байж, зорилгоо маш томоор тавиад, түүнийхээ төлөө тууштай зүтгэвэл болох байх гэж боддог юм.

-Нийгэмд ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон байдаг ч гадна байдлаас нь дүгнэж ажилд авахгүй байх нь элбэг. Ажил олгогчдын зүгээс ямар өөрчлөлт хийх ёстой гэж та боддог вэ?

-Тийм газруудтай би хэд хэдэн удаа таарч байсан. Ажлын анкет бөглөхөд хүн бүрт нээлттэй гэсэн байдаг хэдий ч анкетаа бөглөөд ярилцлагад орох гээд очих үед гадна байдлаас дүгнээд ажилд авдаггүй, үүргээ ухамсарладаггүй байгууллага бий. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлыг нэг хийвэл чин сэтгэлээсээ чанартай хийдэг давуу талтай. Тэдгээр чадваруудыг нь харалгүйгээр өнгөцхөн дүгнэхээ болих хэрэгтэй юм шиг санагддаг.

-Шантрах үе тохиолдож байсан уу?

-Надад шантрах үе их гарч байгаагүй ээ. Хичнээн юм болохгүй байсан ч аав, ээждээ хэлдэггүй. Хоёулаа болгохын төлөө гээд л улам хичээдэг. Шантрах гэхээсээ илүүтэй биднийг сайн байхыг сануулдаг, урамшдаг зүйлс маш их бий. Хүн бүрийн өгсөн, итгэсэн сэтгэлээр тийм зүйлтэй нүүр тулах нь бага юм. Архангай аймагт байхдаа би гар урлалын чиглэлээр, манай хүн компьютерийн чиглэлээр сургалт хийдэг байсан. Тэгэхэд биднийг аймгаас хэд хэдэн удаа шагнасан. Түүнд маш их урамшиж цаашид илүү хичээх урам зоригийг авсан. Саяхан MÔNROZÉ брэндээс “Өсөн дэвших ирээдүйтэй ажилтан” гэх шагналыг авчхаад ийм богино хугацаанд надад итгэж, сэтгэл гаргаж байгааг нь хараад үнэхээр сайхан санагдсан.

-Хамгийн их урам зориг өгдөг хүн хэн бэ?

-Мэдээж миний дэргэд байгаа хань минь. Бас аав, ээжээ энд дурдахгүй байхын аргагүй. Би таван настайдаа бэртсэн учраас гэртээ байдаг байсан. Сургуульд орох нас болоход сургуульд хөөцөлдөж оруулж, аливаа хийхийг хүссэн зүйлд маань дэмжиж, оролцож багаас минь бусдын л адил нийгэмшүүлж өгсөнд маш их баярладаг. Хөгжлийн бэрхшээлтэй гээд бүх зүйлд нь бэлэнчилж, юм хийлгэхгүй зүгээр суулгадаг байсан бол биеэ дааж чадахгүй байх байсан байх. Миний аав, ээжийн надад заасан, сургасан нийгэмшүүлсэн байдал нь эргээд амьдрал дээр гарахад маш их сургамж болсон гэж санагддаг.

-Та цаашдын тавьсан зорилго, зорилтоосоо хуваалцахгүй юу?

-Ойрын хугацаанд тавьсан зорилго гэвэл өөрийн гэсэн байртай болох. Болохгүй юм аа гэхэд ядаж өөрийн гэсэн хашаа, байшинтай болно л гэж бодож байгаа.

-Ажил хийж хөдөлмөрлөх сэтгэлтэй хүнд хөгжлийн бэрхшээл нь саад болдоггүйг өөрийн биеэр нотолж буй таниас маш олон хүн урам зориг авах байх. Тэдгээр хүмүүст болон уншигчдадаа хандаж юу хэлэх вэ?

-Гэртээ суухгүйгээр аливаа зүйлийг хийж бүтээнэ гэсэн сэтгэлээр ханддаг байгаасай. Өглөө бүр нэг зорилготой гарч, түүнийгээ бүтээхийн төлөө зүтгэвэл болохгүй зүйл гэж байхгүй. Хөдөлмөрлөхгүй юм аа гэхэд олны дунд нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхахад стресс бухимдал багасч, нүүр хагаран, бусадтай харилцаж чадах учраас гэртээ бүү гараа хумхиж суугаарай гэж хэлье. Мөн хичнээн боловсрол нимгэнтэй байсан ч хүн өөрийн чаддаг чадвараа бусдад харуулж чадвал амжилтад хүрнэ. Аливааг чин сэтгэлээсээ хийдэг чанарыг маань бусад хүмүүс ч үнэлдэг юм. Тийм учраас залуустаа би өглөө бүрийг зорилготой угтаж, өдөр бүр гэрээсээ гарахдаа зорилгынхоо төлөө алхах сэтгэлтэй байгаарай гэж хэлмээр санагддаг.

Та бидний уншаад орхидог цаасан сониноор ямар урлал хийж болохыг харуулсан түүний бүтээлүүдээс сонирхуулъя.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж