“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад 12 дугаар тойрог буюу Сүхбаатар аймгийг онцолж байна.
Сүхбаатар аймаг энэ удаагийн сонгуульд хоёр мандаттай буюу парламентад хоёр төлөөлөгчтэй байхаар хуульчилсан. Сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд тус аймаг хүн амын тооноосоо шалтгаалж нэг л төлөөлөгчтэй байсан ч энэ удаад том тойргоор сонгуульд оролцож байгаа учраас хоёр мандаттайгаар сонгуульд оролцоно.
Сүхбаатарчуудын хувьд сонголтдоо үнэнч хүмүүс. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Ч.Улааныг зургаан удаа тасралтгүй сонгож, УИХ-д төлөөллөө болгож байлаа. Сүхбаатар аймгийн хувьд МАН-ын дарга У.Хүрэлсүх нэлээд ач холбогдол өгч байгаа. Нэг хэсэг МАН-ын дарга У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийг зорихоор болсон бөгөөд Ч.Улааны хувьд тойргоо сайдын суудлаар наймаалцсан гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж байсан ч нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тиймээс энэ удаад МАН-аас Ч.Улаан, түүнтэй хамт нэр дэвших хүн одоогоор тодорхой болоогүй байна.
Мэдээж энэ удаа хоёр мандаттай болсон учраас Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Ж.Чинбүрэн тийшээ явж магадгүй байна. Харин Ардчилсан намаас Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь болон Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Н.Ганибал гэсэн залуучууд өрсөлдөхөөр яригдаж байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх тус аймгийг зорьсон бол Ардчилсан намынханд найдвар “байхгүй” байлаа. Харин тэр нэр дэвшихгүй бол сүхбаатарчууд энэ удаад сонголтоо цэнхэртүүлж, залуучуудад итгэл хүлээлгэхээр байгааг тус аймагт хийсэн олон судалгаанаас харж болохоор байна.
МАН-ААС Ч.УЛААНТАЙ ХАМТ НЭР ДЭВШИХ ХҮН ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Сүхбаатар аймагт МАН-аас хэн хэн нэр дэвших вэ гэдэг таамаг олон янзаар өөрчлөгдөж буй. МАН-ын дарга У.Хүрэлсүх нэг хэсэг Сүхбаатар аймагт нэр дэвшинэ гэж байсан ч тэрбээр Хэнтийг зорихоор болсон гэх. Тиймээс Ч.Улаан гишүүн тойрогтоо дахин нэр дэвшихээр санаархаж байгаа гэнэ. Гэвч намын гишүүд төдийгүй сүхбаатарчуудын хувьд түүнд тааламжгүй, хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж байгаа учраас шинэ нэр дэвшигч явуулах уу, эсвэл гэсэн таамаг өрнөж байна.
Ч.Улаан гишүүний хувьд олон удаа Сүхбаатар аймагт нэр дэвшсэн ч сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хувийн эрх ашигтаа түлхүү анхаарч, сүхбаатарчуудыг тоохгүй байгаа гэх сонгогчид тус аймагт олон байгаа гэнэ. Тэр ч бүү хэл тойргоо сайдын суудлаар наймаалцсан гэх яриа нь Тусгаар тогтнолын ордноос хальж, сүхбаатарчуудын чихэнд хүрсэн гэх. Тиймээс Сүхбаатарчууд энэ удаад залуучуудаа дэмжиж, сонголтоо өөрчилж магадгүй байна.
Түүнтэй хамт нэр дэвших хүн тодорхойгүй байгаа ч ХӨСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэнгийн нэр яригдах болсон. Тэрбээр он солигдохоос өмнө гавьяат эмч цолоор шагнуулсан, мөн “Алтан сарнай”-н эзэн, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг шинэ жилээр “Гангар хун” цомын эзэн болсон билээ. Мөн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Тэгэхээр түүнд зориулж МАН-аас мандат хуваарилсан байх магадлал өндөр байгаа юм.
АРДЧИЛСАН НАМААС Ж.БАТСУУРЬ, Н.ГАНИБАЛ НАР ЗЭХЭЖ БАЙНА
Ардчилан намын хувьд энэ удаагийн сонгуульд залуу бэлтгэгдсэн, сүхбаатарчуудын эчнээ танил залуусаа илгээхээр болжээ. Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь энэ удаагийн сонгуульд өрсөлдөнө. Тэрбээр 2008-2016 оны хооронд тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед орон нутгаа хамгийн сайн удирдсан Засаг даргаар цоллуулж, 2016 оны сонгуульд баталгаатай ялалт байгуулах хүний тоонд орж явсан.
Гэвч тэрбээр хуулийн байгууллагын үүд сахиж, Босоо хөх зэрэг эх орончидтой багагүй дайсагналцсан түүхтэй ч, намжсан байдаг. Түүнтэй хамт Ардчилсан намын арын албан хэрэг эрхлэх газар зэрэг анхан шатны байгууллагаас өгсөж яваа залуу боловсон хүчин Н.Ганибал нэр дэвшихээр яригдаж байгаа гэнэ. Түүний хувьд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм.
СҮХБААТАР АЙМГААС УИХ-Д СОНГОГДОЖ БАЙСАН ГИШҮҮД:
- 1992 он: МАХН-ын гишүүн Ж.Гомбожав
- 1996 он: МАХН-ын гишүүн Ч.Улаан, МУНН-ын гишүүн О.Дашбалбар
- 2000 он: МАХН-ын гишүүн Ч.Улаан, Ш.Бадам
- 2004 он: МАХН-ын гишүүн Ч.Улаан, Р.Буд
- 2008 он: МАХ-ын гишүүн Ч.Улаан, Р.Буд
- 2012 он: МАХН-ын гишүүн Ч.Улаан, Ардчилсан намын гишүүн М.Зоригт
- 2016 он: МАН-ын гишүүн Ч.Улаан
- 2020 он: ?
Ш.ЧИМЭГ