Нью-Йорк хотод оршин суудаг 51 настай Петер Левин гэх эр Спрингфилдийн коллежид сурдаг 21 настай хүү Мэттийг гэртээ оруулахаас татгалзсан байна. Учир нь Мэтт хаврын амралтаараа Техасын Өмнөд Падре арал дээр зугаацаж байгаад иржээ.
"Би түүнтэй өдөр бүр утсаар ярьж, гэртээ шууд ирэхийг сануулж байсан. Байдал улам бүр аюултай болж буй энэ үед би түүнд маш их санаа зовж байсан. Харин Мэтт хөгжим сонсч, олон хүнтэй зугаацаж буй зургаа явуулсан" хэмээн Левин ярьжээ.
Түүний ярьснаар тэрбээр хүүгээ болон бусад найзуудыг нь гэртээ орохыг хориглосон байна. Тэдний гэрт Мэттийн өвөө эмээ нь цуг амьдардаг тул өндөр эрсдэлтэй хэмээн Левин үзжээ.
Мэтт болон түүний найзууд аяллаа дуусгаад Нью-Йоркод ирсэн ч хэн ч тосч аваагүй тул өөрсдөө унаанд сууж гэртээ ирсэн гэнэ. Гэтэл Левин хүүгээ гэртээ оруулалгүй машиныг нь өгөөд буцаан явуулжээ. Тийнхүү хөвгүүд хоёр цаг хагас явж, сургуулийн дотуур байрандаа хүрсэн аж.
"Би хүүдээ маш их хайртай. Гэвч энэ нь тэд энд бидэнтэй цуг амьдарч болно гэсэн үг биш" хэмээн Левин ярьжээ. Мэтт найзуудтайгаа машиндаа суугаад явах болоход банк нь шатахуун дүүрэн, хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнийг нь нөөцлөөд, 300 ам.долларын хамт машинд нь хийсэн байжээ.
"Залуусын байрны түрээс ирэх зургадугаар сард дуусна. Гэвч эцэг эх нь тэднийг гэртээ хүлээж авахыг хүсэхгүй байгаа" хэмээн Левин хэлсэн байна.
Эх сурвалж: BUSINESSINSIDER.COM
Холбоотой мэдээ