Т.Батцогт: “Z” үеийнхний онцлогт нийцэхүйц боловсролын систем нэвтрүүлэх цаг ирээд байна

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

Т.Батцогт: “Z” үеийнхний онцлогт нийцэхүйц боловсролын систем нэвтрүүлэх цаг ирээд байна

Т.Батцогт: “Z” үеийнхний онцлогт нийцэхүйц боловсролын систем нэвтрүүлэх цаг ирээд байна

Улс төр, нийгмийн амьдралд түүчээлж яваа залуу лидерүүд боловсролын системийн асуудлаар сүүлийн жилүүдэд хүчтэй дуугарах болсон. Тэдний нэгэн төлөөлөл болох НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой ярилцлаа. Бидний ярианы сэдэв боловсролын системийн алдаа хийгээд түүнийг засч, сайжруулах гарц гаргалгааны талаар байв.

Боловсролын системийн алдаа, оноог таны үеийнхэн хамгийн сайн мэддэг нь анзаарагддаг юм. Ёстой л “хатуу гараар” боловсрол эзэмшсэн хүний төлөөлөл нь Та байх, тийм үү?

-Тийм шүү. Би боловсролын хоёр систем дамжсан хүн шүү дээ. 1993 онд боловсролын системд эрс өөрчлөлт орж IV анги хүртлээ уйгаржин Монгол бичгээр бүх хичээлээ үзэж байсан юм. Үүний цаана энэ шилжилт нь өөрөө ямар хэрэгцээ, шаардлага байсан бэ гэдэг асуудал, бас сургалтын арга барилын хувьд онц сурах ёстой, цэх суух ёстой, анги дотроо сайн, муугаараа ялгуулдаг, багшийн угасканы үзүүрээр тоншуулж сурдаг байсан үе юм даа.

-Одоо ч сургалтын энэ арга барилын улбаа үргэлжилсээр байгаа шүү дээ. Онолын сургалт түлхүү орж, хүүхдүүдийг бие дааж сурахад төдийлөн анхаардаггүй тогтолцоо амь бөхтэй оршиж байна гээд шууд хэлчихэж болно. Гэтэл 1995 оноос хойш төрсөн, технологийн эринд хүмүүжиж буй хүүхдүүд буюу “Z” үеийнхэн онцлог ихтэй. Та юу гэж бодож байна вэ?

-Тиймээ, санал нэг байна. Нийгмийн хөгжил, цаг үеийн онцлогтоо нийцэн өөрчлөгдөж байх ёстой салбар бол боловсролын салбар. Магадгүй бүр нэг алхмын өмнө алхаж байх ёстой. Судлаачдын үзэж буйгаар 1995 оноос хойш төрж байгаа хүүхдүүд сэтгэхүйн хувьд тэс өөр, тэдэнтэй харилцах арга барил өөр байх тухай эцэг, эхчүүдэд зөвлөж байна. Тэд илүү индивидуалист үзэлтэй бөгөөд нэгэн хэвийн тогтсон зүйлээс зайлшхийдэг зэрэг онцлогтой байдаг байна.

-Тийм учраас өнөөгийн боловсролын системд Та шүүмжлэлтэй ханддаг байх нь ээ. Манай боловсролын тогтолцооны алдаа юунд байна вэ, таныхаар?

-Хувь хүнийхээ байр сууринаас өнөөдрийн боловсролын системд багагүй шүүмжлэлтэй ханддаг. Яагаад гэхээр, манай боловсролын систем, хүүхдүүдийг сургаж буй арга барил хоцрогдсон санагддаг юм. Боловсролын байгууллага гэдэг нэг төрлийн үйлчилгээний салбар шүү дээ. Гэтэл өнөөдөр хэрэглэгчийнхээ хүсэл, сонирхол, онцлогт нийцэхгүй үйлчилгээгээ хүчээр “шахаж” байна гэсэн үг. Зургаан настнуудыг I ангид элсүүлээд тоо бодох, уншиж сурахыг шахчихдагийг эцэг, эхчүүд мэднэ. Сүүлийн жилүүдэд XII анги төгсөж, ЭЕШ өгч байгаа сурагчдын дундаж оноо буурч байгаа. Анги ахих тусам хүүхэд хичээлдээ сонирхолгүй болж байна гэж харж болохоор байгаа биз. Энэ мэтчилэн асуудал олон бий. Гэхдээ Харвард, Кэмбрижийн боловсролын систем гэхээс илүүтэйгээр бодит Монгол хүүхдэдээ, Z үеийнхэндээ нийцэхүйц системийг бий болгож, нэвтрүүлэх цаг ирээд байна.

-Өнөөдрийн эцэг, эхчүүдэд тулгарч буй бэрхшээл яг ижил байгаа байх. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхийн тулд орой бүр “үзэж тарж” байгаа шүү дээ. Та яаж байна?

-Яг л бусдын л адил. Манайх бага ангийн хоёр ч сурагчтай. Орой бүр л гэр бүлийн хэмжээнд бяцхан асуудал үүснэ. Хүүхдийнхээ их даалгаварыг хийлгэхгүй байх хэцүү, хүчлээд шахаад байх хэцүү. Эхнэр бид хоёрын хувьд өдөр болгоны бяцхан тохиролцоо болж өнгөрдөг дөө.

“Таван настнуудын нууцлаг ертөнц” гэх телевизийн нэвтрүүлгийг үзэж байхдаа “Энэ хүүхдүүдэд онолын хичээл заавал хүлээж авах болов уу” гэж бодож байсан удаатай. Тэд “Z” үеийнхэн шүү дээ?

-АНУ-ын хүн амын тооллогын агентлагийн мэдээллэснээр "Z" үеийнхэн одоогийн байдлаар тус улсын хүн амын 26 хувийг эзэлж, энэ үеийн төлөөлөгчид 2020 он гэхэд дэлхийн хүн амын гуравны нэгийг эзлэнэ гэсэн байдаг. Хүн төрөлхтний ирээдүй “Z” үеийнхэн рүү шилжиж байна гэсэн үг. Тэгэхээр бид ч гэсэн одооноос тэдний онцлогт нийцэж, тэднийг ойлгож, дэмжиж ажиллаж, амьдрах хэрэгцээ, шаардлагатай нүүр тулж байна. Тиймээс хамгийн түрүүнд боловсролын салбарын тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж би хардаг юм. Учир нь “Z” үеийнхний онцлог, тэд бол хүн төрөлхтний түүхэнд шинэ үе гэдгийг бид шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг маш олон янзаар авч байна шүү дээ.

Манай боловсролын систем одоо хэт албадлагын, тогтсон хэв маягтай, онолын хичээлүүдээр шахсан байдалтай байгааг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Гэтэл суурь боловсрол өөрөө хүүхдийг хувь хүн болох, мөн шинжлэх ухааны мэдлэгийг хэрхэн эзэмших арга барилд суралцуулсан, арга барилыг эзэмшүүлсэн байх ёстой. Амьдрах ухааны болоод цаашид сурч хөдөлмөрлөх арга барилаа эзэмшчихсэн, төлөвшсөн хувь хүн, иргэн бол нийгэмд өөрийн байр сууриа авч яваад, улс орноо хөгжүүлэх чадамжтай байх нь дамжиггүй.

Ер нь бидний ирээдүй болсон “Z” үеийнхний онцлог ч ийм. Тэд хэтэрхий хэв маягт баригдах бус өөрсдийн хүсэл сонирхлоор өөрийгөө хөгжүүлэх, амьдралын хэв маягийг илэрхийлдэг, илүү даяарчлагдсан сэтгэлгээтэй байдаг. Бид яг үүнд нийцэж ажиллах шаардлагатай юм.

-Ийм өөрчлөлт хийхийн тулд салбарын яамнаас баталсан сургуулийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй багш нарын заах арга барил, хандлагыг өөрчлөх шаардлага нэн тэргүүнд гарах байх?

-Тэгэлгүй яахав. Багш, багшлах боловсон хүчин бол манай боловсролын байгууллагын хөдөлгөх хүч, мотор л гэсэн үг шүү дээ. Тиймээс бид чадварлаг, төлөвшсөн боловсон хүчин бэлтгэе гэвэл хамгийн түрүүнд багш нарынхаа ур чадвар, сэтгэлгээнд анхаарал хандуулах ёстой юм. Өнөөдөр мэдээллийн эрин зуун, технологийн дэвшилт дунд амьдарч байгаа хүүхдүүдэд зааж, сургах, үлгэрлэх ёстой багш нар маань хүүхдүүдээсээ хоцрогдсон сэтгэхүй, хандлагатай байж болохгүй. Төрөөс багш нарын тасралтгүй хөгжих, сурах бололцоог хангаж, орчин нөхцөлийг бүрдүүлж байх үүрэгтэй. Манайд боловсролын системийн асуудал гэхээр л багш нарын цалин, нийгмийн хангамжийн асуудлыг ярьдаг. Яалт ч үгүй нэн тэргүүний асуудал багш нарын цалин, хангамжийг нэмэгдүүлэх ёстой гэдэгтэй маргах хүн байхгүй. Тийм ч учраас уг асуудлыг шийдэхээр үе үеийн Засгийн газар нөөц, боломждоо тулгуурлаж шийдвэр гаргасаар л байдаг шүү дээ. Тэгэхээр бид дараагийн түвшний асуудлыг хөндөх учиртай юм. Энэ бол манай багш нарын сэтгэлгээ, хандлага. Уг асуудлыг шийдвэрлэхэд холоос хайгаад л, хэдэн арван жил судлах мэтээр хүндрүүлэх шаардлага байхгүй гэж үздэг юм, би.

-Тодруулахгүй юу?

-Гадаадын улс орнууд хүүхдүүдээ бие дааж сургах, гол нь хүн байх ухаанд сургаад хэдийнэ эхэлчихсэн. Яг тэр жишгийг манай хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд нэвтрүүлж эхлээд байна.

Манайд нэгэнт ороод ирчихсэн сургалтын сайн хөтөлбөрүүд бий. Хувийн хэвшлийн сургуулиуд бодитойгоор хэрэгжүүлээд өндөр үр дүн гаргаж байна шүү дээ. Мэдээж хүн бүр л үр хүүхдэдээ сайн боловсролыг олгохыг хүснэ. Энэ ч үүднээсээ боловсролын салбарт хувийн хэвшлийн оролцоо, манлайлал өндөр болж байна. Гэхдээ нэг асуудал бий. Тэр нь хүүхэд бүрт тэгш боловсрол хүртээх явдал.

-Үүнийг л асуух гээд байлаа. Гэтэл хүүхдүүдээ өндөр төлбөртэй хувийн сургуульд сургах боломж бололцоотой хүн өнөөдөр тун цөөн байна шүү дээ. Төрийн зүгээс нэн тэргүүнд юу хийх ёстой гэж Та харж байна вэ?

-Хамгийн энгийнээр богино хугацаанд үр дүнг бодитойгоор харж болохуйц шийдэл бол бид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эхлүүлэх юм. Айлаас эрхээр авдраа уудал гэдэг шиг өнөөдөр сайн жишиг болсон хувийн хэвшлийн сургалтыг хөтөлбөрийг улсын сургуульд нэвтрүүлэх боломж бүрэн байгаа гэж харж байна.

-Ер нь бол хичээлийн хөтөлбөрт онолын сургалтыг илүү чухалчлаад практикт суралцуулах асуудлыг орхигдуулдаг нь шүүмжлэл дагуулдаг?

-Хүүхдэд онолын мэдлэг цуглуулахаас илүү амьдрах ухаанд суралцах нь чухал тухай дээр дурьдсан. Амьдралаас харахад өөрийн сонирхлыг олж, өөрийгөө хөгжүүлж чадсан хүүхдүүд илүү амжилтад  хүрч чадсан байдаг. Тэгэхээр л бид хүүхэд бүрийг өөрөөр нь хөгжүүлэх, аль ч нийгэм, орчин, соёлд бие даан амьдрах чадамжтай хувь хүн, иргэнийг л суурь боловсролынхоо тогтолцоогоор бэлтгэн гаргах шаардлагатай байгаа юм л даа.

Ийм боловсролын систем, арга барилыг нийгэм өөрөө хүсээд байна шүү дээ. Үүний тод жишээ хувийн ЕБС-уудын зах зээлээс харж болно. Хүн бүр л талхны мөнгөө хэмнэж хүүхдээ хувийн сургуульд сургахыг хүсэж байна. Тэнд хүүхдийг нь хүн  болгож төлөвшүүлж, хөгжүүлж чадаж байгааг эцэг, эхчүүд олж харчихаад хүүхдээ сургахаар тэмүүлж байна.

-Ийм өөрчлөлт хийхэд хөрөнгө, мөнгө их шаардагдах байх. Уг нь ДНБ-ий гуравны нэгийг боловсролын салбартаа зарцуулдаг олон улсын жишиг байдаг юм билээ. Манай улс ингэж чаддаг болов уу?

-Тийм. Гэхдээ төр ард түмнийхээ өмнө хүн бүрт тэгш эрх, боломж олгох үүрэг хүлээсэн. Тиймээс энэ өөрчлөлтийг хийхээс өөр замгүй. Бид маргаашдаа хөрөнгө оруулахгүй юм өөр юунд хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ бодох л асуудал. БНХАУ л гэхэд бодлогоор “IT”-ийн нэг сая инженер бэлдэж байна. Дэлхий нийт зэвсгээр биш хүнээр өрсөлддөг цаг ирснийг Хятад улсын удирдагчид ойлгож байгаа биздээ.

Манайд төр, төрийн үйлчилгээ л гэхээрээ уян хатан бус, хэвшмэл ойлголттой байдаг. Тэгвэл төрийн үзүүлж чадахгүй байгаа боловсролын үйлчилгээг хувийн хэвшлийнхэн маш богино хугацаанд бий болгоод, хэрэгжүүлээд нөгөө талаас тэр нь хэрэглэгчдийн хүсэл, сонирхолд нийцээд байна. Тэгэхээр төр энэ өөрчлөлтийг хийх л ёстой.

Мөн энэ өөрчлөлт хийх тухай асуудал цоо шинээр хийх, суурь цутгаж байшин барих тухай асуудал биш. Одоо байгаа систем, тогтолцоогоо арга барил арга зүйн хувьд өөрчлөх тухай асуудал. Нэгдүгээрт, жишиг болсон сайн сургалтын хөтөлбөрийг түгээх, хоёрдугаарт багш, боловсрон хүчнүүдээ чадавхижуулах асуудал. Гэхдээ багш нараа чадавхижуулна гэдэг одоогийн жишиг гурван өдрийн вакум сургалт бас биш юм л даа. Ингээд ярьвал нарийн зүйлс их байнаа, ер нь л амьдралд ойрхон шийдвэр, бодлого байх тухай л яриад байгаа юм шүү дээ.

-Тэгэхийн тулд өнөөдрийн багш нараас гадна ирээдүйн багш нарыг бэлтгэх ажилд яг одооноос анхаарах шаардлага гарах байх аа?

-Мэдээж, багш боловсон хүчнийг чадавхижуулах асуудал нь одоо байгаагаа сургахаас гадна цаашид төрөх боловсон хүчний асуудал. Маш энгийн тодорхой жишээ хэлэхэд манай МУБИС элсэлтээ авахдаа босго онооноос гадна EQ-ийн шалгалт авдаг болох хэрэгтэй. Инженерийн сургуулиуд оюутан элсүүлэхдээ давхар мэргэжлийн ур чадварын шалгалт авдаг шүү дээ. Үүнтэй яг адил нинжин сэтгэлтэй, бүтээлч, эерэг хандлагатай, амьдрах чадвартай иргэн бэлтгэх багш өөрөө суурь хүмүүжилтэй, төлөвшилттэй байх тухай л санаа юм. Энэ өөрчлөлтийг эхлэх эсэх нь шийдвэр гаргах төвшний хүмүүсийн хандлагын л асуудал гэж би хардаг. Үүнд асар их хөрөнгө, мөнгө шаардлагагүй багахан зардлаар зохион байгуулалт, менежмент хийх л ажил гэж хардаг шүү.

-Өөрчлөлтийг яг өнөөдрөөс эхлүүлбэл хэдий хугацааны дараа бид “Z үеийн эрэлтэд нийцэх боловсролын тогтолцоотой болох бол?

-Энэ бол маш тодорхой, өнөөдөр эхэлбэл маргааш үр дүн нь харагдана. Яагаад гэвэл хоёулаа маш тодорхой бөгөөд энгийн шийдэл замуудыг ярилцлаа шүү дээ. Ер нь тэгээд аливаа өөрчлөлтийг хийхэд эхлэл л хамгийн чухал гэж боддог доо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж