ТУРШИЛТ: Ноосон хивс шатдаг уу, эс шатдаг уу? | News.MN

ТУРШИЛТ: Ноосон хивс шатдаг уу, эс шатдаг уу?

ТУРШИЛТ: Ноосон хивс шатдаг уу, эс шатдаг уу?

ТУРШИЛТ: Ноосон хивс шатдаг уу, эс шатдаг уу?

Та ямар төрлийн материалтай хивс хэрэглэж байгаагаа мэдэх үү? Ихэнх тохиолдолд нийлэг материалтай хивс сонгосон байх нь олонтаа. Учир нь бид хивсний сонголт хийхдээ голчлон өнгө, загварыг чухалчилдаг болохоос материалыг чухалчилдаггүй.

Гэтэл илүү чухал зүйлийг заримдаа орхигдуулах нь бий. Учир нь ноос байгалиасаа галд тэсвэртэй, галыг дэмждэггүй материал юм. Тийм ч учраас нисэх онгоцны үйлчлэгч, гал сөнөөгч нар болон цэргийн хувцсыг ноосон утсаар хийдэг дүрэмтэй.

Тэр ч бүү хэл хүн олноор байрладаг зочид буудал, ресторан, кинотеатрт ноосон хивс ашиглахыг шаарддаг.

Тэгвэл ноосон материал яагаад галд тэсвэртэй байдаг вэ? Юун түрүүнд бид ноосон материалын мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, ноосон утас шатахын тулд агаарт байгаагаас илүү их хэмжээний хүчилтөрөгч шаарддаг.

Хоёрдугаарт, ноосон утасны шатах температур цельсийн 570-600 градус учраас ахуйн галд бусад төрлийн нийлэг материал шиг хайлж, урсдаггүй.

Тэрчлэн азот, усны агууламж өндөртэй байдаг болохоор маш хүчтэй галаар тургисан ч бага зэрэг уугиж байгаад галыг бөхөөдөг аж. Үүнээс гадна ноосон материал нь нийлэг материалтай харьцуулахад тун бага утаа гаргаж, хорт хий ялгаруулдаг.

НООС ГАЛД ХЭР ТЭСВЭРТЭЙ ВЭ?

Австралийн ноосны инноваци компанийн хийсэн судалгаагаар төрөл бүрийн нэхмэл материалын шатах температурыг тодорхойлжээ. Судалгааны явцад ноос хамгийн галд тэсвэртэй, шатаахад хэцүү болохыг олж мэдсэн байна.

Жишээлбэл, энгийн даавуу цельсийн 255 градуст шатаж эхэлдэг бол полиэфирийн мяндас цельсийн 252-292 градуст, нийлэг материал цельсийн 160-260 градуст шатаж байжээ. Харин ноосон материал цельсийн 570-600 градус хүрэхээс нааш шатдаггүй төдийгүй энгийн нийлэг материал шиг хайлж, түлдэггүй аж.

Тухайн материал хэрхэн шатаж буйгаас юу болохыг нь тодорхойлж болдог. Жишээлбэл, нийлэг материал нь сууриндаа цэнхэр өнгийн дөлтэй, оройдоо шаргал өнгөөр дүрэлзэж байдаг бөгөөд шууд утаа ялгаруулдаггүй. Харин унтраасны дараа их хэмжээний утаа ялгарна.

Полиэфирийн мяндасны хувьд шаргал дөл асаж, хар өнгийн утаа ялгаруулдаг. Тэгвэл ноосон материал шаргал туяатай дөл асах бөгөөд тун бага, эсвэл бараг утаа ялгаруулахгүй.

БИДНИЙ ТУРШИЛТ

Дээрх мэдээллүүдэд үндэслэн бид хоёр төрлийн хивсийг шатаах туршилт хийсэн юм. Туршилтын явцад тус бүрийг нь 5 секундын хугацаатай галаар өрдөхөд нийлэг хивс гал авалцаж, хайлж эхэлсэн бол ноосон хивс зөвхөн өнгөн хэсэг нь хуйхлагдаж, суурь нь шарлаад үлдсэн байлаа.

Түүнчлэн нийлэг хивснээс хар өнгийн утаа суунаглаж, гал нь цааш ахисаар байсан юм. Харин ноосон хивс гал авалцахгүй байсны дээр утаа гаргахгүй байгаа нь дээрх баримтуудыг нотолсон хэрэг болов.

АНУ-ын Холбооны яаралтай тусламжийн зохицуулах хорооноос хийсэн судалгаагаар ахуйн галын улмаас жилд дунджаар 13,2 тэрбум ам. долларын хохирол учирдаг гэжээ.

Харин Монгол улсад 2019 онд нийт 11.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гэхдээ эд хөрөнгө, байшин барилгаас илүүтэйгээр хүний амь нас гэдэг хамгийн чухал зүйл юм.

Ноосон материалаар хийсэн хивс, хөшиг, ор хөнжлийн даавуу зэрэг нь гал даамжрах эрсдэлийг үнэмлэхүй хэмжээгээр бууруулдаг тул сонголтыг зөв хийх хэрэгтэй хэмээн IWTO байгууллагын зөвлөмжид бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж