“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас энэ жил нэг их наяд, 80 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Үүний 199 тэрбум 700 сая төгрөг нь иргэдэд очих юм. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаа, сүүлийн үед сошиалд өрнөөд буй асуудалтай холбоотойгоор өнөөдөр /2020.3.30/ мэдээлэл хийлээ.
29 КОМПАНИ НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр:
Компанийн 1800-1072 тусгай дугаарын лавлах утсаар гуравдугаар сарын 24-29-нд 4356 хүн холбогдсон бол мэдээллийн төвийн байранд 325 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авсан байна. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш 29 мянга гаруй иргэн биечлэн ирж, 1800-1072 лавлах утсаар 69 мянга гаруй иргэн зөвлөгөө авчээ. Covid-19-ийн халдвартай холбоотойгоор иргэд аль болох онлайнаар мэдээлэл, зөвлөгөө авах шаардлагатай байна. Үүний тулд “Эрдэнэс Тавантолгой” аппликейшнийг гар утсандаа татаж авах, 1800-1072 утас болон www.ett.mn сайт, “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк пэйж хуудаснаас мэдээлэл аваарай. Мөн 158989 дугаарт мессеж илгээн мэдээлэл авах боломжтой.
Монголын хөрөнгийн биржээс мэдээлж буйгаар 29 компани 2019 оны ашгаасаа ногдол ашиг олгоно. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс нэг их наяд 80 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Үүнээс 199 тэрбум 700 сая төгрөг нь иргэдэд очно.
800 ОРЧИМ МЯНГАН ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛООД БАЙНА
Covid-19 халдвартай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ч уул уурхайн үйл ажиллагаа 24 цагийн туршид явагдаж байгаа. Он гарснаас хойш гуравдугаар сарын 29-нийг хүртэл 2.2 сая гаруй тонн нүүрс олборлож, 2.1 сая тонн нүүрс ачиж, 800 орчим мянган тонн нүүрс экспортлоод байна. Гашуунсухайтын боомтын нүүрсний экспорт түр зогсоод гуравдугаар сарын 15-наас үйл ажиллагаа нь эхэлсэн. Экспорт эхэлснээс хойш 22.6 мянган тонн нүүрс экспортлоод байна. Нүүрсний үнэ өнгөрсөн аравдугаар сараас эхлэн уналттай байгаа. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ уналттай байгаа ч компани энэ бүхнийг тооцоолж эрсдэлийн тооцоолол гаргасан.
КОМПАНИЙН ЗҮГЭЭС ХҮСЭЛТ ГАРГААД ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛАХ ТОХИОЛДОЛ БАЙГАА
Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой гүтгэсэн, худал ташаа мэдээлэл тархаж байна. Үүнийг тендерт оролцсон зарим иргэн, аж ахуйн нэгж зориуд явуулж буй нь тодорхой болсон. Тиймээс хуурамч мэдээлэл тараасан, бусдыг гүтгэсэн, улмаар тендерийн дүнд нөлөөлөх гэж оролдсон гэх үндэслэлээр тухайн иргэн, аж ахуйн нэгжийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаад байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагддаг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Сангийн яам, Үндэсний аудитын газар зэрэг тендерт хяналт тавьдаг бүх газруудтай “Эрдэнэс Тавантолгой” компани хамтран ажилладаг. Худалдан авалтын үйл ажиллагаа хуулийн дагуу ил тод явагддаг. Одоогийн байдлаар хууль хяналтын газарт “Эрдэнэс Тавантолгой” компаниас шалгагдаж байгаа ажилтан, албан тушаалтан байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үндэсний аудитын газраас жил бүр манай компанид гүйцэтгэлийн тайлан хийж байгаа. Мөн олон улсад нэр хүндтэй KPMG, Ernst&Young гэсэн аудитын байгууллагууд манайд аудит хийдэг. Энэ бүх хяналт шалгалтууд тогтмол хийгддэг болохоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн худалдан авалтад эргэлзэх, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу компанийн зүгээс хүсэлт гаргаад хууль хяналтын байгууллагаар шалгуулах тохиолдол байгаа. Эдгээр тохиолдлыг манай байгууллагын ажилтныг шалгаж байгаа мэтээр буруу ойлгосон зүйл байж магадгүй. Түүнээс биш “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтан, албан тушаалтан шалгуулж байгаа зүйл байхгүй гэдгийг дахин хэлье.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани 260 сая төгрөгөөр автобус худалдаж авсан талаарх мэдээлэл сошиалд тархсан. Энэ асуудал нь 2018 оныд гуравдугаар сард буюу өмнөх удирдлагын үед шийдэгдсэн тендерийн асуудал. Одоогийн удирдлагын багтай ямар ч холбоогүй. Өмнөх баг ч одоогийн баг ч дээрх компаниас автобус худалдаж авахын эсрэг байр суурьтай байсан. Компани энэ асуудлыг Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулсан. Шүүхэд хандсан. Гурван шатны шүүхэд хандсан ч харамсалтай нь шийдвэр нөгөө талд гарсан. Шүүхийн шийдвэр гарсан хэдий ч энэ тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс эсрэг байр суурьтай байгаа. Энэ автобусыг зах зээлээс харьцангуй өндөр үнээр тендер зарласан гэж үзэж байгаа. Тиймээс энэ тендерийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурь хэвээр байгаа.
Холбоотой мэдээ