Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр зогсоогоод байсан нүүрс тээврийг эхлүүлээд буй. Гашуунсухайт боомтын нүүрс тээврийг гуравдугаар сарын 23-наас эхлүүлсэн бол өнөөдрөөс /2020.03.30/ Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ.
Энэ талаар МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдээлэл өгөхдөө “Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомтоор 22 аж ахуй нэгжийн 200 тээврийн хэрэгслээс мэдүүлэг авч, хилээр нүүрс экспортлох ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар гурван аж ахуй нэгжийн 100 орчим тээврийн хэрэгсэл бэлэн байна.
Уг боомтоор гуравдугаар сарын 28-нд нүүрс ачсан 35 тээврийн хэрэгслийг туршилтын журмаар хилээр гаргасан. Одоо хил дээр 32 тээврийн хэрэгсэл хилээр гарахад бэлэн болж, БНХАУ-ын талаас холбогдох хариугаа хүлээгээд байж байна. Энэ боомтын гурван зам дээр ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулаад ажиллаж байна. Хилээр орж, гарч буй жолооч нарыг тусгай хамгаалах хувцастай гаргаж, нарийн хяналтад ажиллаж байна” гэсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ