Иргэн бүрт сар бүр 200000 төгрөг олгохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

Иргэн бүрт сар бүр 200000 төгрөг олгохыг шаардлаа

Иргэн бүрт сар бүр 200000 төгрөг олгохыг шаардлаа

“ТА БИДНИЙ ЭВСЭЛ” (МАХН-ИЗНН-МУНН) -ээс УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлж байгаа талаар өнөөдөр /2020.03.30/мэдээлэл хийлээ.  Тэд "Онцгой нөхцөлд онцгой бодлого шаардлагатай" гэдгийг мэдэгдэлдээ тодотгож есөн шаардлагыг тусгажээ.

Мэдэгдэлд: Монгол Улсын төр засгаас коронавирусыг тархаахгүй байхад чиглэсэн “хорих, цагдах, хязгаарлах” арга хэмжээ авч буй боловч бий болсон нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, асуудлыг цогцоор нь шийдвэрлэхгүй цаг алдсаар байна. Энэ нь улс орны эдийн засаг улам хүндрэх, олон мянган ажлын байр алдагдах, аж ахуйн нэгж дампуурах, ард иргэдийн ахуй амьдрал доройтох, ядуурал улам өргөжин гүнзгийрэх ноцтой эрсдэлийг бий болголоо.

Дээрх асуудлаар “ТА БИДНИЙ ЭВСЭЛ” -ийг бүрдүүлэгч улс төрийн намууд болон бусад байгууллага, иргэд удаа дараа анхааруулсаар ирсэн. Харамсалтай нь, эрх баригчдын авахаар зарлаж байгаа арга хэмжээ нь цогц шинж агуулаагүй, байдлыг бодитой дүгнээгүй, оновчтой биш, хамрах хүрээ нь хязгаарлагдмал болсон байна.

Иймд “ТА БИДНИЙ ЭВСЭЛ” -ээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж мөнгө, санхүү, зээл, гааль татварын бодлоготой холбоотой эдийн засгийн асуудлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг шаардаж, УИХ, Засгийн газарт хандан энэхүү Мэдэгдлийг гаргаж байна.

Нэг. УИХ-аас коронавирусын улмаас улс орны хэмжээнд “давагдашгүй хүчин зүйл, гарцаагүй байдал” үүссэнийг албан ёсоор зарлаж, иргэд аж ахуйн нэгж байгууллагын түрээсийн төлбөр, Банк бус санхүүгийн байгууллага, ХЗХ, ломбардын хүү, алданги зэрэг үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх;

Хоёр. Монголбанкны бодлогын хүүг 3 хувиас илүүгүй байлгах шийдвэр гаргахыг Монголбанкинд үүрэг болгон эдийн засгийг мөнгөжүүлэх шийдэмгий арга хэмжээ авах, арилжааны банкуудад байршуулсан төрийн эх үүсвэрийн хүүг “0” хувьд ойртуулах;

Гурав. Тэтгэвэр, цалингийн зээлийн хүүг жилийн 3 хувиас илүүгүй, ипотекийн зээлийн жилийн хүүг “0” хувиас илүүгүй болгон бууруулах бодлого хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгох, Арилжааны банкнаас Монголбанкинд байршуулсан 4 гаруй их наяд төгрөгийн ТБҮЦ-ыг суллаж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Онцгой нөхцөлийн зээл гаргах эх үүсвэр бий болгох;

Дөрөв. Зээлийн мэдээллийн сангийн “ХАР ЖАГСААЛТ”-ыг цуцалж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээл авах эрх нээхийг Монголбанкинд үүрэг болгох;

Тав. Улсын төсөвт яаралтай тодотгол хийн 2 орчим их наяд төгрөгийн тулгамдаагүй хөрөнгө оруулалтыг танаж “Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоох тухай” Монгол Улсын хуулийн дагуу иргэн бүрт сар бүр 200,000 төгрөгийн тэтгэмж олгоход зарцуулах;

Зургаа. Онцгой дэглэмийн хугацаанд хэрэглээний төлбөр төлөх зэргээр иргэд бөөнөөр цуглан, дараалал үүсгэж, вирус тархах аюултай нөхцөл үүсгэж байгааг зогсоох;

Өрхийн орлого тасарсны улмаас айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг төлөх боломжгүй болсныг харгалзан улсын төсвөөс шийдвэрлэх;

Долоо. Монгол Улсад үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлж, Монгол Улсад үйлдвэрлэдэггүй зайлшгүй хэрэгцээт бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг тэглэх;

Найм. Эдийн засаг хүндэрсэн амаргүй цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагаа явуулахын оронд татварын өрийн маргааны асуудлаар Монгол Улсыг Олон Улсын Арбитрын шүүхэд өгсөн Рио Тинто компанийн эрх ашгийг улайран хамгаалдаг байдлаа нэн даруй зогсоож “Дубайн гэрээ”-г хүчингүй болгон, Оюу толгойн “Хөрөнгө Оруулалтын Гэрээ”-г Монголын талд ашигтай нөхцөлөөр өөрчлөх ажлыг эхлүүлэх;

Оюутолгойн ордын баялгийн орлогыг монголын банкаар дамжуулдаг болгон төгрөгийн ханшийг тогтворжуулах;

Ес. Алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс баялгийн экспортод онцгой хяналт тавьж, тусгай горимд шилжүүлэх" гэжээ.

МАХН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.ЭРДЭНЭЖАМЪЯН:

-Зарчмын шинжтэй шаардлагуудыг бид тавьсан. Өнөөдрийг хүртэл УИХ ажлаа хийхгүй явж ирлээ. Монгол Улс парламентын засаглалтай улс. Төсөв, санхүүтэй холбоотой асуудлуудыг зайлшгүй УИХ-аар батлах ёстой. Ерөнхийлөгч болон эрх баригч намын даргад УИХ-аа хуралдуулах бүрэн эрх нь байсаар атал энэ ажлаа хийхгүй байна. Ахмадууд нь өнөөдөр тог, цахилгааныхаа төлбөрийг төлөх гээд арилжааны банкуудад очерлон эрсдэл хүлээж байхад улс орон, ард түмнийхээ төлөө гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүд нь өвчнөөр шалтаглаж хурлаа хийхгүй байж болохгүй. УОК-оос маш олон байгууллагуудын үйл ажиллааг зогсоосон. Үүнтэй адилхан арга хэмжээг банк, санхүүгийн байгууллагуудад авах эрх нь бий. Гэтэл ресторан, баар, дэлгүүрүүдийг өөрсдийнхөө дур зоргоор хаачихдаг атлаа зээл олгогч байгууллагуудад өөр хандаж, төрд эрх нь байхгүй гээд хойш сууж байгаа нь зохисгүй. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бизнесийг зогсоож чадсан шигээ банкны зээлийг хүүг зогсоох эрх нь төрд байгаа. Санхүүгийн чиглэлд арга хэмжээ авах эрх нь гагцхүү УИХ-д  бий.

ЭДИЙН ЗАСАГЧ Т.БАЯРХҮҮ: Засгийн газрын гаргасан долоон шийдвэрт нийгмийн даатгал төлдөггүй хүмүүсийг чөлөөлнө гэх, орлого нь хүрэхээ больж татвараа төлөхөө больсон хүмүүсийг татвар төлүүлэхгүй гэх шийдвэр гаргасан нь ард түмнийг хуурч санхүүгийн залилан хийж байна. ААН-үүд АОТ-аас чөлөөлөхөд мэдээж орлого тасарна. Ийм тохиолдолд төсвийг задлахад хүрнэ. Хоёрдугаарт, ноос, ноолуурт зориулж ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ гэсэн нь эцсийн эцэст “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан, "Буян"-гийн Б.Жаргалсайхан, Сү.Батболд нарын хэдэн компаниудад өгөх мөнгө.

Ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох нь мөн л тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй адилхан ард түмнээ алагчилсан арга хэмжээ. Цаана нь ямар ч орлогогүй, гар дээрх бизнес хийж ахуй амьдралаа залгуулдаг хүмүүсийг хөсөр хаясан шийдвэр гаргалаа. Ард түмний хамгийн их хүлээж байгаа мөнгө хүүлэгчид буюу банк, ломбард, ББСБ-аас салахтай холбоотой нэг ч шийдвэр гаргасангүй. Ард түмнээ мөнгө хүүлэгчдийн саварт нь үлдээчихлээ. Тиймээс УИХ-ын даргын хувьд Г.Занданшатар Монголбанкыг бүрэн хариуцаж байгаа учраас  яаралтай мөнгө, санхүүгийн системд арга хэмжээ ав гэж шаардаж байна. Монголбанкны бодлогын хүүг 3 хувиас илүүгүй байлгах шийдвэр гаргаснаар хямралыг давна.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН ДАРГА Ц.ГАНХУЯГ: Дэлхийн улс орнууд явж ирсэн эдийн засгийн бодлогоо өөрчилж байна. Манай улсын хувьд байр сууриа хэвээр хадгалж ирлээ. Өнгөрсөн 30 жил улс орныг туйлдуулсан мөнгө санхүүгийн бодлогоо хэвээр үргэлжлүүлэхээ зарлалаа. Коронавирусийн халдварыг нөхцөлийг бид боломж гэж харж мөнгө санхүүгийн бодлогоо үндсээр нь өөрчлөх цаг ирсэн. Онцгой нөхцөлд онцгой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Монгол Улсын иргэн бүрт сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэмж олгох шаардлагатайг бид мэдэгдлээ тусгасан.

Мөн төсөвт тодотгол хийхгүй байгаагийн шалтгааныг тэд тайлбарлахдаа "Энэ жил сонгуулийн жил учраас соёлын төв, хөшөө дурсгалын газар барих зэрэгт 2 их наяд төгрөгийн илүү зардал гаргах гэж байгаа нь УИХ-ын гишүүдийн өөрөө өөрсдөдөө захиалж тавьсан тендер. Хэрэв төсвийг тодотговол, УИХ-ын гишүүд болон өөрсдийнх нь хамааралтай бизнесийг хасах гээд байгаа учраас тэд төсөвт тодотгол хийхээс татгалзаж байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
32
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж