Дэглэм зөрчигчидтэй хатуу аргаар тэмцэнэ | News.MN

Дэглэм зөрчигчидтэй хатуу аргаар тэмцэнэ

Дэглэм зөрчигчидтэй хатуу аргаар тэмцэнэ

Дэглэм зөрчигчидтэй хатуу аргаар тэмцэнэ

Тусгаарлах байранд байж таван одтой зочид буудлын үйлчилгээ нэхдэг, хоол хийгээд боорцогтой өгөхөд ажилтны нүүр лүү шидэж, ёс зүйгүй аашилсан, дарга нараар яриулж ачаа тээшээ авна гэж томордог гээд тоочвол тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдтэй холбоотой чих халууцуулах мэдээ тасардаггүй. Тэгвэл дахиад ч бас муу мэдээ дуулдлаа.  Учир нь сануулсаар атал тусгаарлах байрнаас гарсан даруйдаа архидан согтуурч, дэглэм зөрчсөн тохиолдол гарчээ. Дэглэм зөрчсөн иргэн нь Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирсэн даруйдаа хоёр өдөр дараалан согтууруулах ундаа хэрэглэж, олон нийтийн газраар явж дэглэм зөрчжээ.

Эрдэмтэн судлаачид, эмч нарын зөвлөж буйгаар шинэ коронавирусийн халдвар нь нууц үедээ шинжилгээгээр илрэхгүй байх эрсдэл өндөр тул тусгаарлалтын хугацааг сунгах санал гаргасан. Иймээс Монгол Улс халдварын голомт бүс нутгаас ирсэн иргэдээ 21 хоног тусгаарлах болсон. Хэрэв 21 хоногийн тусгаарлалтын хугацаа нь дуусвал дахин 14 хоног гэртээ өөрийгөө бусдаас тусгаарлах ёстой. Энэ зөвлөмжийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж, сануулга өгөн гаргасан байхад дээрх иргэн зөрчжээ.

Тусгаарлах хугацааны горимыг зөрчсөнөөр халдвар нууц үедээ байсан тохиолдолд бусдад халдвар тараах эрсдэлтэй учраас хэнэггүй нэг хүний үйлдэл олон иргэний амь насыг аюулд оруулахаар байгаа юм. Иймээс дэглэм зөрчсөн иргэдтэй хатуу аргаар тэмцэх болно гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр /2020.03.30/ мэдэгдлээ.

Дэглэм зөрчин бусдын амь насыг эрсдэлд оруулсан жишээ ганц энэ биш. Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэн гэртээ мөн тусгаарлалтад орж, гадуур явахгүй байх ёстой атал бусдын иргэний үнэмлэх ашиглан, тасалбараа бичүүлж, Улаанбаатар хот руу нийтийн тээврээр өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт зорчсон зөрчил гарсан. Уг автобусаар түүнтэй хамт 30 гаруй иргэн зорчсон. Хэдийгээр түүнээс шинэ коронавирусийн халдвар илрээгүй нь зол боловч дэглэм зөрчсөнөөр Онцгой байдлын албаныхнаас эхлээд цагдаа, мэргэжлийн хяналт, эмч мэргэжилтнүүд гээд олон хүнийг түргэн авахуулж, тэр хэрээр зардал ч ихээр гаргасан.

Монгол Улс дээрх аюулт өвчнөөс гадаадад байгаа иргэдээ хамгаалахын тулд олон эрсдэл дагуулан эх оронд нь авчирч буй.  Энэ нь зарим талаараа шүүмжлэл дагуулах болсон. Тухайлбал, Монголд байгаа иргэдийн зүгээс "Эрсдэлтэй бүс нутгаас иргэдээ авчрах нэрээр 3.2 сая иргэнийхээ амь насыг эрсдэлд оруулах ёстой юм уу. Одоо энэхүү тусгай үүргийн нислэгээ зогсоох ёстой" гэдэг асуудлыг нийгмийн сүлжээгээр дамжуулан олонтаа дайх болсон. Мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ тухай ч цухалзуулаад амжсан билээ.

Гэтэл иргэд тусгаарлах байранд орсон хойноо хоолоо голно, эрүүл мэндийн салбараа "мяална", тусгаарлах байраар үйлчлүүлснийхээ төлбөрийг төлөхгүй луу унжина, бусдыгаа уруу татаж, тусгаарлалтын байрандаа архидан согтуурах оролдлого хийнэ, тусгаарлалтаас гарсан хойноо хаврын чийгээ тарааж байна гэх нэрийн дор хөлчүүрхэж, гадуур явж буй нь хэрэв халдвар тээгч тохиолдолд өөрийгөө төдийгүй гэр бүлээ, цаашлаад найз нөхөд, ажлын хамт олон гээд олон хүний амь насыг эрсдэлд оруулж болзошгүй учраас хариуцлагатай хандах хэрэгтэй байна.

Шинэ коронавирусийн халдвар дэлхийн 202 оронд тархаад буй бөгөөд АНУ, Испани, Итали зэрэг орнуудад энэхүү аюулт өвчнөөр олон хүн амь насаа алдаад байгаа. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэлхийн хөгжилтэй орнуудтай харьцуулахад сул. Гэсэн хэдий ч хилийн дээс даван орж ирж буй иргэн бүрт онцгой анхаарал хандуулж ажилласнаар халдвар дотоодод гараагүй, зөөвөрлөгдөн орж ирсэн халдварыг дотооддоо алдахгүй байхыг хичээж эмч нар 24 цагийн турш ажиллаж буй. Монгол Улсад өнөөдөр 12 иргэн шинэ коронавирусийн халдвараар эмчлэгдэж байгаагийн нэг нь франц улсын иргэн. Тэдний биеийн байдал сайжирсан тул хоёр иргэнийг эхний ээлжинд эмнэлгээс гаргахаар болсон. Гэсэн ч сонор сэрэмжээ алдаж болохгүй, хаа, хаанаа хариуцлагатай хандах шаардлага өмнөхөөс ч илүү хүчтэй тавигдаж байна.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж