Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
Posted by News.mn on Sunday, March 29, 2020
Улсын Онцгой Комисс/УОК/-ын Шуурхай штабаас өнөөдөр /2020.03.30/ мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:
Дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл, дөрөвдүгээр сарын 3-нд Токио руу тусгай үүргийн онгоц нисгэж, иргэдээ татан авах бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ онгоцоор өмнө нь Элчин сайдын яам дээр өөрийн биеэр очиж, дугаарлаж, бүртгүүлсэн иргэдээ татан авна.
Өмнө нь УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл, Токио, Истанбулаас ирэх иргэд Элчин сайдын яамд дээр бүртгэл хийлгэсэн. Тухайн иргэдийг авчрахад нэг онгоц хангалтгүй байсан. Жишээлбэл, Сөүлийн Элчин сайдын яам дээр 500 гаруй иргэдийг бүртгэж байсан. Иймээс тухайн үед бүртгүүлсэн хэр нь эхний ээлжийн онгоцод багтаагүй хүмүүсийг энэ удаад татан авна.
Онгоцны тийзийг бичих явцад зарим иргэд нутаг буцахаа болих зэрэг асуудал гарч байна. Энэ тохиолдолд дараагийн иргэнд боломж олгож байна. Энэ ажилд МИАТ, ЭСЯ-ны ажилчид авлига авсан асуудал байхгүй. Гуравдугаар сарын 16-нд Токиогоос эхний тусгай үүргийн онгоцоор 250 иргэнийг авсан. Тухайн үед ЭСЯ-нд 750 хүн бүртгүүлж байсан. Одоо дөрөвдүгээр сарын 3-нд ирэх иргэд өмнө нь бүртгүүлчихсэн байсан. Тухайн зорчигчидтой нэг бүрчлэн холбогдож билетийг нь баталгаажуулж байна.
Элчин сайдын яамд утсаа авахгүй байна гэсэн гомдол гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Хилийн чанадад буй 44 Элчин сайдын яам, Консулын газрын ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Бусад орноос ирэх иргэд яах вэ гэдэг гомдлыг хүлээн авч байна. Гомдол, саналыг нэгтгэж байна. Өнөөдрийн байдлаар 45 газар нутгаас 5600 иргэн ирэх хүсэлтээ гаргасан. Эдгээр иргэдийг газар газраас нь очоод авах боломж байхгүй гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Хамгийн боломжит арга хэмжээг авч байна.
БНСУ-д очих хүсэлт гаргасан иргэн олон байгаа тул МИАТ компанитай яриад зохицуулалт хийхээр болсон. Гэхдээ БНСУ-д очоод тусгаарлагдана гэдгийг анхаарах ёстой. Хэрвээ БНСУ-д байнга оршин суудаг бол гэртээ 14 хоног тусгаарлагдана. Харин түр хугацааны визтэй бол очингуутаа 14 хоног тусгаарлагдана. Тусгаарлагдсан хугацааны төлбөрөө өөрсдөө төлнө. Нэг хоногийн 100 мянган вон. Хэрвээ тусгаарлагдах дэглэмийг зөрчих юм бол визийг нь цуцлах, албадан нутаг буцаах болно гэдгийг БНСУ-ын Онцгой байдлын газраас анхааруулсан байгаа.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:
14 хоногийн хугацаа нь дуусаад гэрээр дэглэм барих ёстой хүмүүсийг тусгаарлах байрнаас гаргасан. Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад Улаанбаатарт ирсэн нэг нөхөр хоёр, гурав хоног архидсан. Энэ хүнд хатуу арга хэмжээ авна. Бидэнд амлачхаад, баталгааны хуудас дээр гарын үсэг зурчхаад ингээд явж болохгүй. Одоо хамгийн чухал үе. Өвчин нь нууц үедээ байхад олон нийтийн газраар явж байгаад халдвар тараах вий. Энэ хүмүүстэй хатуухан үзнэ. Тусгаарлах байр хүндрэлтэй байна. 360 орчим хүн хүлээн авах л боломжтой байна. Өнөөдөр бид том буудлуудын эзэдтэй уулзсан. Тэд 15.00 цагт хариугаа хэлнэ. Зарим томоохон зочид буудлыг дайчилна.
Мэдээлэл хийснийх нь дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-УИХ-ын гишүүн Л.Болд, А.Ундраа, МАХН-ын дарга Н.Энхбаярын тусгаарлах байрны зардлыг УОК-оос гаргаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байна. Мөн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн ачааг ар гэрийнхэнд олгож эхэлсэн гэх мэдээлэл байна. Үүнд хариулт өгөөч?
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:
-Өнгөрсөн ням гаригаас эхлэн зарим нэг нислэгээр ирсэн зорчигчдынхоо ачааг олгож эхэлсэн. Шуурхай штабаас хилийн мэргэжлийн хяналтын газарт албан тоот хүргүүлсэн байгаа. Эртнээс төлөвлөөд, ачааны бичгийг нь хараад, итгэмжлэлээ гаргасан бол дэг журамтайгаар хуваарь гарган ачааг олгохыг даалгасан. Ачааг олгохдоо гадна талд нь халдваргүйжүүлэлтээ хийж, ачааг үе шаттайгаар олгож байна. Тусгаарлах байранд байсан иргэд зайлшгүй итгэмжлэлтэй байж, янз бүрийн асуудал үүсгэхгүйн тулд ийм бичиг албан ёсоор хүргүүлсэн.
Гадаад улс руу явж байгаа иргэддээ дахин сануулахад дэлхий нийтээр өндөржүүлсэн бэлэн байдал цуцлах хүртэл өөрөө эрсдлээ даагаарай. БНСУ-ын тал хоногт 100 мянган вонн төлөөд, тусгаарлах байранд байрлана гэдгээ мэдэгдсэн. Тийм учраас хувийнхаа ажил төрлийг сайтар төлөвлөөрэй.
Өмнө нь тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүст шаардлага тавьсан учраас тусгаарлах байранд байрласан төлбөрөө төлж дуусч байна. Одоо шинээр тусгай үүргийн онгоцоор ирж буй хүмүүс төлбөр төлөх асуудалд хүндрэлтэй хандаж байна. Орон нутгийнхаа мэргэжлийн байгууллагуудад энэ асуудалд анхаарч ажиллаач ээ гэж байнга хандаж байгаа. Саяхан Баян-Өлгий аймгийн иргэнтэй хамт явсан 30 иргэнийг тусгаарлаагүй. Зөвхөн тухайн аймгийн иргэн А гэх эмэгтэйг Багабаянд тусгаарлаад байна. Мөн сошиал хуудсаар УИХ-ын гишүүн Лу.Болд, А.Ундраа, Н.Энхбаяр нарыг төлбөрийг улсын нөөцийн сангаас гаргаж байгаа гэх худал мэдээлэл цацагдаж байна. Энэ бол огт худлаа мэдээлэл.
-БНСУ-руу Монгол иргэд зорчсон мэдээлэл байна. Хэчнээн иргэн явсан бэ. Асуудал гарвал эрсдэлээ иргэд өөрсдөө бүрэн хариуцна гэсэн үг үү. Мөн Монголоос БНСУ-ын хэдэн иргэн явав?
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:
-Өнгөрөгч бямба гаригийн орой БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсад байгаа Солонгосын иргэдийг татан авах үйл ажиллагааг явуулахад манай улс дэмжлэг үзүүлж ажилласан. Энэ нислэгээр БНСУ-ын 189 иргэн, Монгол Улсын 111 иргэн БНСУ-ыг зорьсон. Эдгээр иргэд дунд Солонгос иргэнтэй гэр бүл болсон, тэнд суралцдаг оюутнууд ч байсан. Энэ нислэг зөвхөн Солонгос иргэдийг авахаар ирсэн боловч эндээс БНСУ-руу явах хүсэлтэй иргэдэд үлдсэн тийзээ борлуулах боломжийг гаргаж өгсөн.
-Импортод хэрхэн хяналт тавьж байна вэ?
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат:
-Дэлхийн улс орнууд цар тахлын үед хүнсний болон хүнсний бус бараа бүтээгдэхүүнийг нөөцлөх, тээвэрлэх асуудалд онцгой анхаарч ажиллаж байна. Үүний нэг хэлбэр нь Монгол Улс гадаад улсаас тээвэрлэгдэн ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг импортлох үйл ажиллагаандаа анхаарч байна. Уг хяналт шалгалтын ажлын хүрээнд гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур, Боршоо боомтоор нийтдээ 183 жолооч орж ирсэн бол монгол жолооч 148, гадаад 35 жолооч байна. Нийт 171 машинаар 435 тонн хүнсний бүтээгдэхүүн, 848 тонн хүнсний бус бараа бүтээгдэхүүн хилээр нэвтэрч, орж ирсэн. Гадаад жолооч нарыг хилээр нэвтэрснээс хойш бүхээгээс нь буулгахгүй, халдвар хамгааллын ажиллагааг хийж, цагдаагийн хяналтад хилээр гаргаж байгаа. Монголд маш бага хугацаанд байлгаад, буцааж байгаа.
Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанаар хүнсний улаан буудайг нөөцлөх асуудлыг ярьсан. Өнгөрсөн гурав хоногт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Алтан тариа”, “Милл хаус”, “Эрдэнэт фүүд” компанийн импортолсон 28 вагонд хяналт хийж, 17 мянган тонн улаан буудайнаас дээж, авч хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна. Мөн цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүдтэйгээ олон нийтийн газраар явах, олноор цугларах арга хэмжээнд оролцож байгаад сэтгэл зовниж байна. Хэдийгээр бид халдвар хамгааллыг сайн явуулж байгаа ч гэсэн хэнэггүй зан гаргаж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээгт тоохгүй байх хандлагыг гаргаж байна. Жишээлбэл, Баянгол дүүргийн “Гэгээ цагаан ордон” гэж нийтийн бүжгийн клубт 200 хүн цугларч, арга хэмжээ зохион байгуулж байсан. Зөрчлийн тухай хуулиар тухайн аж ахуй нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгосон“ гэдгийг хэлж байв.
А.СҮРЭН