Covid-19: Хоёр өвчтөн эдгэрсэн тул эмнэлгээс гаргана

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

Covid-19: Хоёр өвчтөн эдгэрсэн тул эмнэлгээс гаргана

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Sunday, March 29, 2020

Монгол Улсад Covid-19-ийн халдвар авсан 12 тохиолдол бүртгэгдээд байгаа. Тэдний эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болжээ. Covid-19-ийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.3.30/ ээлжит мэдээлэл хийхдээ энэ талаар мэдээлсэн юм.

СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ОНЦГОЙ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

-Дэлхийн 202 оронд өвчлөл бүртгэгдсэн байна. Мөн ОХУ-ын Эрхүүд анхны тохиолдол бүртгэгдлээ. АНУ, Испани, Итали, Иран, Швейцарь зэрэг оронд эрсдэл өндөр байна. АНУ-д хоригдлууд өвчлөх тохиолдол их байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хоорондоо зай барьж, хурал цуглаанд оролцохгүй байх зэрэг арга хэмжээг авч байна. Тусгаарлалтад байгаа хүн нь биеэс гадна сэтгэцийн хувьд эрүүл байх нь чухал. Нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр сая гаруй хүн энэ сорилтод өртсөн. Эрүүл зөв хооллох, архины хэрэглээ, чихэрлэг ундаанаас татгалзах, тамхинаас татгалзах, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатай. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд хөтөлбөрийнхөө 40-өөс доошгүй хувьд танин мэдэхүй, өөдрөг байдалд уриалсан зүйлсийг гаргахыг уриалж байна. Эндээс БНСУ руу явах иргэн нь тэнд очоод 14 хоног тусгаарлагдана гэдгийг анхаараарай.

АНУ-Д НАС БАРАЛТ 100 МЯНГАД ХҮРНЭ

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

-АНУ-д халдварын оргил үе хараахан болоогүй байгаа ч ирэх долоо хоногт идэвхжиж, нас баралт 100 мянгад хүрэхээр байна. Зайнаас харилцах, олон хүн буюу 10-аас дээш хүн цуглахгүй байх зэрэг арга хэмжээ багтаж байна.

Германд халдварт авсан хүний тоо өдөрт 4000 бүртгэгдсэн байна. Японд 48 мянган хүнд шинжилгээ хийж 1700 гаруй халдварын тохиолдлыг илрүүлж, тохиолдлууд нэмэгдсээр байна. Одоогоор Японд 55 хүн уг халдварын улмаас нас барсан.

ТУСГААРЛАХ БАЙРАНД 337 ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛЛАЖ БАЙГАА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:        

-Улсын хэмжээнд 3886 хүнээс 2368 хүн тусгаарлагдаж байна. Үүний 43 нь жирэмсэн эмэгтэй, 56 нь тав хүртэлх насны хүүхэд.  Тусгаарлах байранд 337 эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа. Нөхцөл байдалтай холбоотойгоор 100, 103, зэрэг утсаар зөвлөгөө өгч байгаа. Зөвхөн 119 дугаарын утсанд 180 дуудлага ирсэн ч 18 дуудлага нь тоглосон байдлаар залгасан байна.

ХОЁР ӨВЧТӨНИЙГ ЭМНЭЛГЭЭС ГАРГАНА

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Халдвар авсан эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоногт таван зүйлийн сорьцод шинжилгээ хийхэд вирус илрээгүй, бүрэн эдгэсэн тул эмнэлгээс гаргана. Гэхдээ энэ хоёр хүн гэртээ очоод 14 хоног тусгаарлагдана. Эхний тохиолдлын ойрын хавьтал 59 хүнд гурав дахь удаагаа шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Энэ сарын 29-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж