Нэгэнт биед орсон шимэгчдийг түүх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

Нэгэнт биед орсон шимэгчдийг түүх боломжгүй

Нэгэнт биед орсон шимэгчдийг түүх боломжгүй

“Яргуй идсэн гөрөөсний цус уух нь биед сайн”, “Ядраад байвал … амьтны цус, ууж, элэг, цөсийг нь түүхийгээр идэж дархлаагаа дэмж” гэх цуу яриа хаврын урьтай уралдан иргэдийн дунд ам дамжин яригдаж байна. Тэр ч бүү хэл, чонын биеэс хаях зүйл үгүй , эрхтэн бүрийг нь хэрэглэ” гэх яриа сошиалд хөвөрч байх юм.

Үнэндээ энэ яриаг ашиг олох зорилгоор зохион байгуулалттайгаар тараадаг аж. Үүнийг өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, арга техник нь нарийссаар байгаа хулгайн анчдын талаарх мэдээлэл нотолдог гэнэ. Элдэв амьтны цус ууж, эд эрхтэнийг нь идсэнээр эрүүл мэнд сайжирдаггүй. Харин ч асар олон эрсдэлийг дагуулдаг. Өнгөрсөн жил гөрөөсний цус уугаад нэг иргэн нас барсан бол тарваганы ходоод, цөс залгиснаас болоод Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр нас барж, 2-12 насны гурван хүүхэд өнчирсөн тохиолдол ч гарсан. Амьтны цус ууж, эд эрхтэнийг нь идсэнээр хүний эрүүл мэнд сайжрах бус харин ч үхэлд хүргэх эрсдэлтэй.

АМЬТНЫ ТАРХИ ИДВЭЛ ГАЛЗУУГААР ӨВЧИЛНӨ

 Зэрлэг амьтдын элдэв эд, эрхтэнг эмчилгээнд ашиглах нь эрсдэлтэй байгаагийн учир нь дээр дурдсан амьтдын хоол тэжээлд байгааг хүмүүс анзаардаггүй. Аливаа махан идэшт амьтан нь агнахад хамгийн хялбар, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй амьтдыг олз болгодог. Ѳѳрѳѳр хэлбэл, өвчнөөр үхсэн амьтны зэм, ѳвчин тусаад ядруу, эцэнхий болсон зэрлэг амьтан, мал бусад тэжээвэр амьтан зэрэг хялбар олз нь зэрлэг амьтдын өл залгах идэш болдог. Ийм зүйлийг идсэн амьтан нь халдварт ѳвчин үүсгэгч болох, ѳѳрѳѳ ѳвчлѳх, аль эсвэл халдвар дамжуулагч болох эрсдэлтэй.

Тиймээс чоно болон бусад махан идэшт амьтдын мах, цус, эрхтэнийг түүхий, шүүрхий хэрэглэх нь төсөөлж, таамаглаж баршгүй эрсдэлд хүргэдэг. Чонын тухайд л гэхэд 100 гаруй төрлийн ѳвчнѳѳр ѳвчлүүлэх эрсдэл дагуулдаг аж. Тухайлбал, галзуу, боом, бруцеллёз, листериоз, хулгана тахал, бэтэг, лептоспироз, боррелиоз, трихинеллёз нь Монгол оронд түгээмэл тархацтай тохиолддог.

Түүнчлэн махан идэшт амьтдын тархи, нугас, мэдрэлийн судас зэргийг идвэл галзуу ѳвчний халдвар авах эрсдэлтэй юм. Галзуу ѳвчин нь 21 аймаг 226 сумын нутагт бүртгэгдсэн бөгөөд галзуугийн вирус ямар ч ѳвчний шинж тэмдэг илрээгүй амьтанд ч байдаг аж. Хэдийгээр галзуу амьтанд хазуулж, ноцуулсан тохиолдолд тухайн амьтны шүлсээр халдвар дамждаг боловч нүд, ам, хамрын хѳндийн салст бүрхэвч нь гэмтсэн байвал ѳвчтэй амьтны мэдрэлийн эс, тархинд буй вирус халдварлаж чадна. Чонын тархийг түүхий хэрэглэж байгаа нь ийнхүү галзуу ѳвчин халдварлах аюул дагуулдаг юм. Ѳнѳѳгийн нѳхцѳлд нэгэнт уг халдварыг аваад 72 цагийн дотор эмнэлгийн тусламж авч чадаагүй бол тухайн хүний амь насыг аврах боломжгүй гэдгийг санах хэрэгтэй.

Мөн амьтдын түүхий, шүүрхий мах, эд эрхтэнг идсэнээр хүнд үүсч буй өвчний зарим нь паразит хорхойгоор, бусад нь нян буюу бактериар үүсгэгддэг байна. Нэгэнт хүний биед орсон шимэгч хорхойн авгалдай нь хүний булчин, нүд, тархи гээд олон эд эрхтэнд шивэн байршина. Энэ үед шимэгч хорхойнуудыг нэг бүрчлэн түүх боломжгүй болдог байна.  

АМЬТДЫН ЦУСААР 10 ТѲРЛИЙН ВИРУС ХАЛДВАРЛАНА

 Янгир, аргаль, буга, бор гѳрѳѳс, дорго зэрэг амьтдын цус уувал тѳрѳл бүрийн ѳвчинд сайн гэсэн цуу яриа сүүлийн үед улам өргөн цараатай, хурдтай түгэж, хулгайн ангаар ашиг хонжоо олох арга хэрэгсэл болоод байгаа билээ. Амьтны цусыг эмчилгээнд ашиглаж болохыг шинжлэх ухаан батлаагүй бѳгѳѳд энэ үйлдэл нь нөгөө талаас хуулиар хамгаалагдсан амьтдыг хууль бусаар агнаж, байгаль орчинд хохирол учруулах аюул дагуулж байгаа юм.

Хөхтөн амьтдын цус уувал хачигт энцефалит, риккетсиоз, боррелиоз, боом, гепатит Е, хулгана тахал буюу туляреми, сүрье, бруцеллёз зэрэг өвчний 10 тѳрлийн вирус, нян, цусны эгэл биетнээр шууд халдварлах эрсдэлтэй. Хачигт энцефалитын вирус, риккетсиозын нян зэрэг нь хүний тархи, мэдрэлийн эд эсийг гэмтээдэг хүнд ѳвчинд тооцогддог.

Зоонозын ѳвчин судлалын үндэсний тѳвийн мэдээгээр, 2017 онд хачигт энцефалитаар 62 ѳвчлѳл бүртгэгдсэн ба түүнээс таван хүн нас баржээ. Хачигт боррелиозоор 46 ѳвчлѳл, харин хачигт риккетсиозоор 357 ѳвчлѳл бүртгэгдснээс хоёр тохиолдол нь нас барсан байна.

Зэрлэг болон ямар нэгэн амьтнаас хүнд халдварлах ѳвчний эмгэг үүсгэгч нь шинэ, урьд ѳмнѳ тэмдэглэгдээгүй замаар хүний биед нэвтрэн ѳвчлүүлэх боломжтой. Үүний нэг нь дэлхий нийтийг айдаст автуулаад буй Covid-19-ийн халдвар юм. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлгүй аливаа худал мэдээлэлд хууртан эдийн засаг, эрүүл мэндээрээ хохиролгүй, ашиг хонжоо хайсан бусдын үгэнд хуурталгүй анхаарал болгоомжтой байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж