Дэлхийн 201 оронд тархсан шинэ коронавирусийн халдварт өвчний цар тахлын эсрэг улс орнууд хилээ хааж, дотооддоо хөл хорио тогтоогоод байна. Гэсэн ч зарим зөрүүд, хэнэггүй иргэд өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж, карантин журмыг зөрчсөөр байна. Тэгвэл олон улсад өөрийгөө тусгаарлах зөвлөмж, хөл хорио, карантин арга хэмжээг зөрчсөн хүмүүсийг торгох эсвэл шоронд хорих хүртэл хатуу арга хэмжээ авч байна.
- Сингапурт нэгнээсээ метрийн зайнаас илүү ойртсон, 10-аас дээш тооны хүн сургууль, албан газрын гадна цугларвал 10 мянган сингапур.доллароор торгох эсвэл зургаан сар хүртэл хугацаагаар шоронд хорино.
- Италид шаардлагагүй нөхцөлд гэрээсээ гарвал гурван сар шоронд хорих ял эсвэл 206 еврогоор торгоно.
- Өмнөд Солонгост Үндэсний ассамблей коронавиустэй холбоотойгоор тогтоосон хөл хориог санаатай зөрчсөн иргэнийг нэг жил хүртэл хорих, эсвэл 10 сая воноор торгоно. Мөн өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг зөрчсөн гадаадын иргэдийг албадан нутаг буцаана. Тухайлбал, Чежү мужид санаатайгаар хөл хорионы дэглэм зөрчиж, бусдад халдвар тараасан ээж, охин хоёрт 100 сая воны торгууль оноожээ.
- ОХУ-д хөл хорионы журмыг зөрчвөл таван жил хүртэл хорих ялаар шийтгэхээр болсныг Москва хотын захиргаанаас мэдэгдсэн. Мөн тухайн хүн ганцаараа байгаа тохиолдолд шаардлагатай үед хүн багатай газраар амны хаалт зүүж гарах, нохойгоо салхилуулах зэргийг зөвшөөрч байгаа аж.
- Пакистанд хөл хорио зөрчсөн иргэдийг цагдаа нарт олгосон. Гэхдээ Пакистаны цагдаа нар зөрчил гаргасан иргэдийг торгохоос өөр өвөрмөц аргаар сануулга өгч байна. Тухайлбал, цахим орчинд тарсан олон бичлэг, зургаас харахад хөл хорио зөрчөөд баригдсан иргэдийг цагдаа нар явган суулгаж, босгох, нутгийнхны "тахиа суулт" хэмээн нэрлэсэн байрлалаар суулгах зэргээр дэглэжээ.
- Австри улсад хүнс худалдан авах, эмийн сан орох, өөрсдөө энэ бүхэнд хүрч чадахгүй хүмүүст туслахаар гарахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахыг хоригложээ. Хэрэв дээрх журмыг зөрчвөл 2180-3600 еврогоор торгоно.
- Тайваньд хөл хорионы дүрэм зөрчиж, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн нэг иргэнийг нэг сая шинэ тайвань доллар буюу 33000 ам.доллараар торгожээ. Зөрчил гаргасан иргэн нь халдвар бүртгэгдсэн зүүн өмнөд Азийн орнуудад зорчсоныхоо дараагаар 14 хоногийн турш гэртээ тусгаарлагдах ёстой байсан ч ням гаригт Тайпей дэх шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байгаад цагдаагийн эргүүлүүдэд саатуулагджээ.
- Францад хөл хориог зөрчиж, гэрээсээ гарч, олон нийтийн газар цугласан иргэдийг торгож байна. Өнгөрсөн лхагва гарагт тус хориог зөрчсөн 4095 иргэнийг тус бүр 35 еврогоор торгосон байна. Харин Баасан гаригаас эхэлж торгууль 135-375 евро болж нэмэгджээ.
- Кувейтийн Засгийн газраас улс орон даяар 17.00 – 04.00 цагийн хооронд хэсэгчилсэн хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Хөл хориог зөрчсөн этгээдийг 3 хүртэлх жилээр хорих эсвэл 10,000 динар буюу 90,000,000 төгрөг хүртэлх торгууль ногдуулах арга хэмжээ авна.