Улс орнууд иргэдээ татахдаа хэдийг зарцуулав?

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

Улс орнууд иргэдээ татахдаа хэдийг зарцуулав?

Улс орнууд иргэдээ татахдаа хэдийг зарцуулав?

Дэлхий дахин сүүлийн 10 жилд хурдацтайгаар даяаршиж, улс орнуудын эдийн засаг сайжирснаар аялал жуулчлалын салбар дэлхийн нийт ДНБ-ийн 10.4 хувийг эзлэх болжээ. Түүнчлэн НҮБ-ын аялал жуулчлалын байгууллагаас 2020 оныг аялал жуулчлалын жил болгон зарлаж, салбарын өсөлт 4 хувьтай байх таамаглал гаргасан. Гэвч өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод шинэ коронавирусийн халдвар гарснаар дэлхийн 201 оронд тархан, 700 мянга шахам хүн өвчилж, 32 мянга гаруй хүн нас бараад байна. ДЭМБ-аас цар тахал гэж зарласан “covid-19” өвчний халдвар тархалтыг зогсоохын тулд улс орнууд хилээ хааж, олон улсын нислэгүүдээ зогсоох болсон. Үүнээс шалтгаалан эх орноосоо хол сурч, амьдарч буй иргэд гадаадын орнуудад гацжээ. Олон улс хилээ хаагаад зогсохгүй, өдөр тутмын ажил, амьдралын хэмнэлээ өөрчилж, хөл хорих болсноор гадаадад амьдарч буй хүмүүст эдийн засгийн хүндрэл үүссэн. Түүнчлэн Итали зэрэг өндөр хөгжсөн Европын орнуудад хүртэл эрүүл мэндийн салбар нь хурдтай тархаж буй халдварын эсрэг хүчин мөхөстөж, гадаадын иргэд битгий хэл өөрийн орны хөгшин настай хүмүүст хүрч үйлчилж чадахгүй орхиж байна. Энэ нөхцөл байдалд айж түгшсэн хүмүүс эх орноо бараадах нь нэмэгджээ.

ОХУ

ОХУ-аас өнгөрсөн Баасан гаригаас олон улсын нислэгээ зогсоосон бөгөөд иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. ОХУ-ын Росавиация агентлагаас бүх олон улсын нислэгийг зогсоохоос ч өмнө зарим нэг хямд тийзтэй Победа зэрэг авиа компаниуд нислэгээ дөрөвдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 31 хүртэл зогсоохоо мэдэгдсэн аж. ОХУ-ын агаарын тээврийн удирдах газраас гадаадад буй иргэдээ татахад оролцсон иргэний агаарын тээврийн компаниудад нийтдээ 1.5 тэрбум рубль буюу ойролцоогоор 19 сая ам.долларын төлбөр олгохоо мэдэгджээ. ОХУ-аас өнгөрсөн амралтын хоёр өдрөөр 92 чартер нислэгийг үйлдэж, 13400 иргэнээ татан авчээ. Тухайлбал, Аэрофлот компанийн 457 суудалтай нисэх онгоц гуравдугаар сарын 29-нд Бали арал руу нисчээ. Үүний зэрэгцээ Индонез, Тайландад гацсан ОХУ-ын 21 мянга гаруй иргэнийг дөрөвдүгээр сарын 1-ны дотор нүүлгэн шилжүүлэхээ Росавиация өнгөрсөн Баасан гаригт мэдээлсэн юм. Үүнээс гадна ОХУ нь Энэтхэг, Тунис, Молдав, Монтенегро, Танзани, Мауритус, Сицилийн арлуудаас иргэдээ татаж авахаар төлөвлөжээ. Өмнө нь ОХУ нь өнгөрсөн хоёрдугаар сард халдварын голомт Хятадаас өөрийн орны 128 иргэний хамт Беларус, Казахстан, Армени, Украины 16 иргэний хамт нүүлгэн шилжүүлсэн юм.

АНУ

АНУ-д шинэ коронавирусийн халдвараар 128 мянга гаруй хүн өвчилснөөр өвчний голомт Хятадыг тэргүүлсэн ба 2200 гаруй хүн нас баржээ. АНУ-д нөхцөл байдал хүндэрч, муж улс хооронд хөл хорио тогтоосныг эс тооцон гадаадын оронд буй олон мянган америкчууд нутаг буцахын тулд Төрийн департментын утсыг улайсгаж байна. АНУ-ын Төрийн департментаас гадаадад буй 13500 америкчуудыг нэн яаралтай татаж авах хэрэгтэйг судалж тогтоожээ. АНУ-аас энэ долоо хоногт 16 орон руу 66 чартер нислэг илгээж, иргэдээ татахаар төлөвлөсөн ба нүүлгэн шилжүүлэлтэд хувийн нисэх компаниудаас дэмжлэг авахаар санал тавьжээ. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Бразильд 10 хоногийн турш хүнд байдалд байсан 103 иргэнээ амжилттай татаж авснаа мэдэгдэж байв. АНУ нь өнөөдрийг хүртэл 17 орноос 10 мянга гаруй иргэнээ татаж авсан ба тэдний дунд халдварын голомт Хятадын Ухань хотоос 800 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн Японы эрэг дээр тусгаарлагдсан усан онгоцноос 300 америкчуудыг татаж авсан юм. Ухань хотоос чартер нислэгээр татаж авсан хүн тус бүрээс АНУ-ын албаныхан 1485-2200 ам.долларыг нэхэмжилсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Үүний зэрэгцээ “Global Guardian” хувийн аюулгүй байдлын фирмээс АНУ-ын 144 иргэнийг тус бүр нь 1300 ам.долларын зардлаар татаж авсан байна.

ХЯТАД

АНУ-д шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархахын зэрэгцээ арьс өнгөөр ялгаварлах үзэл газар авч буйгаар Хятадын оюутнууд нутаг буцахын тулд эцэг, эхээ хувийн нисэх онгоц түрээслэхийг ятгаж байна. АНУ-д суралцаж буй Хятадын чинээлэг айлын хүүхдүүд гэртээ харихын тулд багадаа онгоцны нислэгт  10 мянган ам.доллар зарцуулах болжээ. Шанхайд хуульчаар ажилладаг Жефф Гоны охин нь АНУ-аас нутаг буцахын тулд хувийн нислэгт 180 мянган юань буюу ойролцоогоор 25460 ам.доллар явуулахыг ааваасаа хүсчээ.

АВСТРАЛИ

Австралийн зарим иргэд Перу улсаас нутаг буцахын тулд АНУ-ын чартер нислэгт 5000 гаруй ам.доллар зарцуулжээ.

 ӨМНӨД СОЛОНГОС

Өмнөд Солонгосын Засгийн газраас Унгарын талтай хамтарч ажиллан 150 солонгос иргэнийг чартер нислэгээр Баасан гаригт татаж авчээ. Өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Засгийн газраас Хятадад хөл хорионд орсон 600 иргэнээ чартер нислэгээр нүүлгэн шилжүүлсэн юм. Тухайн үед, насанд хүрсэн нэг хүнийг 300 мянган вон буюу 351 ам.доллар, хүүхдийг 225 мянган вон, хоёроос доош насны балчир хүүхдийг 25 ам.долларын зардлаар татаж авсан аж.

ЯПОН

Япон улс нь нэгдүгээр сарын 28-аас хоёрдугаар сарын 7-ны хооронд дөрвөн чартер нислэгээр 763 иргэнээ Хятадаас нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн Хятад улсыг олон улсын нислэгээ зогсоохоос өмнө иргэдийг Хубэй мужаас гадна байгаа бол өөрсдөө нутагтаа эргэн ирэхийг сануулжээ.

МОНГОЛ УЛС

Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол Улс нь өнгөрсөн хоёрдугаар сард Хятадаас 31 оюутан, дараа нь гуравдугаар сарын дундуур 800 гаруй иргэнийг Өмнөд Солонгос, Япон, Москва-Берлинээс татаж авсан билээ. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сарын эхээр дахин 700 гаруй иргэнээ Өмнөд Солонгос, Японоос татаж авах гэж байна. Чартер нислэгийн тийзийн төлбөр нэг хүний 254 ам.доллар. /МИАТ-ын буцах тийзтэй иргэдэд хамаарахгүй/.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж