Цуурхал тараагчдыг Эрүүгийн хуулиар шийтгэнэ

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

Цуурхал тараагчдыг Эрүүгийн хуулиар шийтгэнэ

Цуурхал тараагчдыг Эрүүгийн хуулиар шийтгэнэ

Дэлхий даяар "Covid-19"  тархсан энэ үед нийгмийн сэтгэл зүй цочролтой хэвээр байна. ДЭМБ-ын зүгээс шинэ коронавирусаас илүү хурдан тархаж, хүн төрлөхтөнд аюул учруулж буй “вирус” бол хуурамч мэдээлэл гэдгийг анхааруулсаар ирсэн. Гэтэл хуурамч мэдээлэлд автан мөнгө санхүү, эдийн засаг, сэтгэл зүй тэр байтугай амь насаараа хүртэл хохирсон тохиолдол дэлхий дахинд бий болоод байна.

Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжид “Covid-19 тархсан цаг үед хэт их айдаст автаж дархлаагаа сулруулахгүй байх, цуу ярианд итгэж, худал мэдээлэл тараалгүй, эмч, эмнэлгийн ажилчдын гаргасан заавар зөвлөмжийг даган шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө мэдээлэлд итгэхийг сануулсан”. Өөрөөр хэлбэл худал мэдээлэл нь иргэдийн сэтгэлзүйд сөрөг нөлөөлөөд зогсохгүй, эдийн засагт хор хохиролтой.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 12 иргэн Covid-19-ын халдвар авсан нь батлагдаж, эмчлүүлж байгаа. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 2020 оны гуравдугаар сарын 27-ны байдлаар цахим орчинд гамшгийн эрсдлийн талаарх худал мэдээллийг түгээсэн найман иргэнд Зөрчлийн тухай хуулиар, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан дөрвөн иргэнд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцохоор холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Дээрх иргэд сошиал хуудаснаа

  • “11 цагаас бүх шатахуун түгээх станцыг хаана, дэлгүүрүүдийг хааж магадгүй амжуулах зүйлс их шүү 30 минутанд”,
  • “Төв номын сангийн өөдөөс харсан KFC орсон хүмүүс яаралтай шинжилгээ өгч өөрсдийгөө тусгаарлана уу…
  • “KFC-ийн ажилтан өндөр халуурч эхэлжээ”,
  • “Е-март руу битгий ороорой тэдний нягтлан ажил дээрээ халуураад, цагдаа эмнэлгийнхэн авч явж байна”,
  • “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгойн кэмпид онц байдал зарлалаа” зэрэг худал, ташаа мэдээллүүдийг нийтэлж, олон нийтэд түгээсэн юм.

ЦАХИМ ОРЧИН ДАХ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТАСАГ  ХЯНАЛТ ТАВЬДАГ

 Өндөржүүлсэн бэлэн байдлын үед худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээвэл ямар хуулийн хариуцлага хүлээх талаар Нийслэлийн Цагдаагийн Газар /НЦГ/-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Дэлгэрхангайгаас тодруулав.

-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед сошиалаар худал мэдээлэл тараасан хэчнээн зөрчил бүртгэгдсэн бэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад худал мэдээлэл тараасан найман иргэн Зөрчлийн хуулиар, дөрвөн иргэнийг Эрүүгийн хуулиар шалгаж байна. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд зааснаар “гамшгаас хамгаалах осол аюул гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ мэдээлэл, түгээсэн эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн бол иргэнийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр, хуулийн этгээдийг 1500 нэгжээр торгоно” гэсэн хуулийн заалттай. Энэ заалтын дагуу найман иргэнийг шалгаж байна.

2020 оны нэгдүгээр сард хуульд өөрчлөлт орж 2020 оны хоёрдугаар сарын 24-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд хуучин зөрчлийн хуульд байсан 6.21-дэх заалтад өөрчлөлт орсноор Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд худал мэдээлэл тараах гэсэн зүйл буюу эрүүгийн гэмт хэрэг болгож хуульчилсан. Энэ хууль хоёрдугаар сарын 24-нөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэсэн үг. Энэ заалтаар дөрвөн хүнийг шалгаж байна.

-Тухайлбал иргэдээс худал ташаа ямар мэдээлэл бүртгэгдсэн юм бол. Үүнд цагдаагийн байгууллагаас ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Жишээ дурдахад 23 настай эмэгтэй войс мессежийг цахим орчинд түгээсэн. “Хоол хүнсээ бэлдээрэй” гэх. Мөн 32 настай эрэгтэй “улсын онцгой комисст ажилладаг хүнээс тодрууллаа” гэж байгууллагын нэр хүндэд халдсан ийм мэдээллийг цахим орчинд нийтэлсэн. “KFC-д эмч цагдаа нар ирчихсэн байна. Хүмүүс халуурч байгаа гэж байна” гэх мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ мэдээллийг цагдаагийн байгууллага, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах албаны зөрчил шалган шийдвэрлэх хэлтэс шалгаж байна. Цахим орчин дах гэмт хэргийн шинжтэй мэдээ мэдээлэлд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байнгын хяналт тавьж ажилладаг.

-Худал мэдээлэл тараасан тохиолдолд иргэнд ямар хариуцлага тооцох вэ?

-Гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдвол шүүхээс ял оногдуулна. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл худал мэдээлэл тараах гэсэн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага нь 450 нэгжээс 1300 нэгжтэй тэмцэх хэмжээгээр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сар хүртэл зорчих эрхийг хязгаарлана гэж заасан.

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААВАЛ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдлийн талаарх худал мэдээ, мэдээллийг бусдад түгээхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих”

Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл “Худал мэдээлэл тараах”

Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

 

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж