"У.Хүрэлсүх Н.Алтанхуягийн ЗГ-ын алдааг давтахгүйг оролдлоо"

Хуучирсан мэдээ: 2020.03.30-нд нийтлэгдсэн

"У.Хүрэлсүх Н.Алтанхуягийн ЗГ-ын алдааг давтахгүйг оролдлоо"

"У.Хүрэлсүх Н.Алтанхуягийн ЗГ-ын алдааг давтахгүйг оролдлоо"

Эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.


Засгийн газраас өнгөрөгч Баасан гаригт /2020.03.27/ 5 их наяд төгрөгийн долоон багц арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь эдийн засгийн нөхцөл байдалтайгаа хэрхэн уялдсан гэж харж байна вэ? 

-Засгийн газраас долоон чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний хамгийн гол онцлог нь хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах, ялангуяа жижиг, дунд аж ахуй нэгжүүдийн ажлын байрыг хамгаалах чиглэлд зөв шийдвэр гаргасан. Ойрын зургаан сарын хугацаанд ажлын байрыг хадгалж, улмаар даатгалаар дамжуулж хөдөлмөр эрхэлж буй нийт 1.2 сая иргэнийг хоол, ундтай байлгах нь одоогийн Засгийн газрын том асуудал.

1.2 сая хөдөлмөрийн эрхэлж байгаа нийт иргэдийн 200 мянга нь төрийн албан хаагч, 1 сая иргэн чөлөөт зах зээл дээр ажиллаж байна. Тиймээс 1.2 сая иргэний хөдөлмөрийн капиталыг хамгаалах нь төрийн зүй ёсны шаардлага. Нөгөөтэйгүүр дээрх иргэд бүгд цалингийн орлогоосоо таван төрлийн даатгал төлдөг. Эдгээр даатгал нь манай улсын даатгалын таван санг бүрдүүлж, улсын нэгдсэн төсөвт 2.8 их наяд төгрөг төвлөрүүлдэг. Хамгийн гол даатгал нь ажилгүйдлийнх. Үүнийг л одоо санхүүжүүлэх гэж байна. Нэг ёсны Засгийн газар өөрийн нөөц хөрөнгө, гаднаас авах зээл тусламжийн хүрээнд таван төрлийн даатгалын санг санхүүжүүлж хөдөлмөрийн зах зээлийг хамгаална гэж ойлгож болно.

УИХ-ын хаврын чуулган эхлэнгүүт Засгийн газар гаргасан шийдвэрүүдийнхээ хүрээнд хууль эрх зүйг нь баталгаажуулах ёстой. Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай, Татварын багц хуулиудад хамаарагдах учир эдгээр хуульд өөрчлөлт оруулах байх.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Гамшгаас урьдчилан сэргийлэх хуулийн дагуу улсын төсвийн нэг хүртэлх хувийг гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулах эрхтэй. Энэ нь ойролцоогоор 130 тэрбум төгрөг гэсэн үг. Энэ мөнгийг Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин сайдын багцад нэмж суулгаснаар эмч, цагдаа, онцгой байдлын ажилчид гээд тэргүүн эгнээнд ажиллаж буй алба хаагчдын цалин бусад асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Зургаан сарын хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг аж ахуй нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх нь ААН-үүдэд хэр бодит дэмжлэг вэ? 

-Үүнд 38 мянган аж ахуй нэгж хамаарагдана. Үнэндээ 1.5 тэрум төгрөгөөс бага орлоготой аж ахуй нэгж орлогын албан татвар ерөөсөө хоёр хувь хүрдэггүй. Тоон дүнгээрээ бага ч гэсэн энэ хэцүү цаг үед татвараас зургаан сар чөлөөлөгдөх нь давуу эрх. Үүнд 38 мянган ААН хамаарагдана.

Хоёрт, үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох нь 38 мянган ААН-ийн 486 мянган ажилтанд хамаарагдана. 200 мянган төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэгийг ажилгүйдлийн даатгалаар дамжуулж өгнө гэсэн үг. Хөдөлмөрийн хуулиар сул зогсолтын олговрын хэмжээ нь тухайн ажилтны үндсэн цалингийн 60 хувь байдаг. Миний тооцооллоор, үндсэн цалингийнх нь 60 хувьтай тэнцэх бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлэх боломж байсан. Гэхдээ бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. Хүнд цаг үед 200 мянган төгрөг ч багадахгүй. Ойролцоогоор 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд 1.3 тэрбум ам.долларыг гаднаас зээл босгож олж ирнэ. Үүнийг УИХ-ын зөвшөөрлөөр шийднэ. Энэ санхүүжилт нь хангалттай учраас төсөвт тодотгол хийхгүй гэж үзсэн байх.

Гэхдээ 1.3 тэрбум ам.долларын бондыг ирээдүйд татвар төлөгчид бид төлнө. Нөгөө талаасаа Засгийн газар хоёр секторт хатуу сануулга өглөө.

Арилжааны банкуудад уу? 

-Тийм ээ. Тухайн салбарууд нь ч ойлгосон байх. Нэгдүгээрт банкны салбарт, хоёрт нь манай улсын эдийн засгийн гол тоглогчид болох топ-100 компани буюу газрын хэвлийн баялгийг зарж ашиг олдог уул уурхайн компаниудыг өөрсдөө асуудлаа шийд гэдгийг Засгийн газар санууллаа шүү дээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын гаргасан долоон шийдвэр нь үндсэндээ 2013 оны Н.Алтанхуягийн Засгийн газрын алдааг давтахгүй байхыг оролдсон. 2013 онд таван төрлийн бүтээгдэхүүн, дээр нь топ-100 компанийг санхүүжүүлэх байдлаар хямралаас гаргах шийдвэр гарсныг санаж байгаа байх. Гэтэл тухайн компаниуд нь хямралаас гарангуутаа Засгийн газрыг мурьчихсан. Тийм учраас энэ удаад топ компаниудыг сүүлийн гурван жилийн ашгаараа нөөцөө шавхаж ажилла, бид жижиг, дунд ААН-үүдээ дэмжинэ гэдгийг Засгийн газар мэдэгдсэн нь зөв.

Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа арилжааны банкууд зээл хойшлуулах хүсэлтээ харилцагчдаасаа онлайнаар авч эхэлсэн байна? 

-Уг нь дээрх шийдвэр 14 хоногийн өмнө гарсан шүү дээ. Тэгтэл энэ хугацаанд арилжааны банкууд хамгийн эрсдэлтэй зээлүүдээ төрөөр төлүүлэхийг оролдсон учраас Ерөнхий сайд банкуудад хандан хатуу үг хэлсэн нь тэр. Үндсэндээ арилжааны банкнуудад нийт 5 их наяд төгрөгийн хэрэглээний зээл бий. Сүүлийн сар гаруйн хугацааны судалгаагаар хэрэглээний зээлээс 1 их наяд төгрөгийн зээл нь ашиггүй болсон. Гэтэл банкнууд заль гаргаж ашиггүй 1 их наяд төгрөгийн зээлээ төрөөр төлүүлэх гэж оролдсон. Цагаан сарын өмнө ахмадын тэтгэврийн зээлийг төрөөс тэглэсэн.

Нарийндаа арилжааны банкнуудын хамгийн эрсдэлтэй зээл нь тэтгэврийн зээл байсан. Гэтэл нийт ахмадын 730 тэрбум төгрөгийн зээлийг мөнгө хэвлүүлээд төрөөс төлүүлчихсэн. Эндээс хамгийн их хожсон нь арилжааны банкууд. Үүнтэй адилхан сая хэрэглээний зээлийн 1 их наяд төгрөгийг төрөөс төлүүлэх заль гаргасан боловч Засгийн газар “Уучлаарай боломжгүй, эрсдэлтэй үед дандаа зальдаж болохгүй” гэж арилжааны банкнуудын ам руу нь алгадсан хариулт өгсөн.

Монголбанк бодлогын хүүгээ нэгээр бууруулсны үндсэн дээр 300 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр чөлөөлөгдсөн. Дахин бодлогын хүүг бууруулах хүсэлтээ Ерөнхий сайд тавина гэж мэдэгдсэн. Ер нь Төв банк бодлогын хүүгээ буулгахгүй яваагийнх цаад шалтгаан нь юу юм бол?

-Цаана нь арилжааны банкуудын асар том эрх ашиг яваа учраас тэр шүү дээ. Төв банк бодлогын хүүгээ таван хувь руу буулгах хэрэгтэй. Тав болгосноор хадгаламжийн хүү нэг оронтой тоо буюу 6-7 хувь руу буурч мөн зээлийн хүү багасна. Сая Монголбанк бодлогын хүүгээ нэгээр бууруулсан нь өнгөлөн далдлалт төдий. Арилжааны банкнуудын хамгийн том зээлдэгчид нь уул уурхайн компаниуд. Гэтэл одоо уул уурхайн компаниуд бүгд шалан дээр унасан зэргээс арилжааны банкууд маш хүнд байдалд байгаа. Ийм үед хурган заль гаргаж хэрэггүй, яг хоёр талаасаа бодлогын хүү, хадгаламж, зээлийн хүүгийн аль алийг нь буулгах механизмыг хамтарч шийдвэл үр дүнд хүрнэ.

2009 оны хямралын үед арилжааны банкуудыг дампуурлаас нь төр аварч байсан. Тэр бүү хэл арилжааны банкнуудад хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй ажиллах эрхийг нь 2019 он хүртэл өгч байсан. 2012-2016 оны хямралын үед мөн л арилжааны банкийг тухайн үед Засгийн газар л аварч байсан. Банкнуудыг дампуурлаас  аврах тусам төрөөс дандаа ашиг хонжоо хайдагт нь “Төр төмөр нүүрээ харуулах цаг” нь болсон.

Нөгөө талдаа арилжааны банкнуудын хамгийн том зовлон нь хадгаламжийн өндөр хүү гэдэг?

-Энэ хямралтай үед мөнгөө хадгалуулсан нийт 8 их наяд төгрөгийн хадгаламж эзэмшигчдийн хүүг ч мөн адил таван нэгж буулгахад асуудал байхгүй.

Та дээрх яриандаа уул уурхайн компаниудын хувьцаа унасан гэлээ. Энэ нь эрсдэл дагуулах нь тодорхой. Энэ тухайгаа тодруулбал?

-Хоёр долоо хоногийн өмнөөс эдийн засгийн дайн явагдаад дууслаа. Хөрөнгийн зах зээлд том өөрчлөлтүүд бий боллоо. Ирэх тавдугаар сарын 25-ны өдөр хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эдийн засаг, нийгэм, улс төрийн томоохон өөрчлөлтүүд явагдана. Ялангуяа Төрийн нийтийн хамааралтай өмчийн тухай хуулиар дамжуулж эдийн засгийн тоглоомын дүрэм өөрчлөгдөнө.

Хөрөнгийн дайн болж одоо уул уурхайн компаниудын хувьцаа шалан дээр унасан. Үүнийг далимдуулж дээр нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг далимдуулаад 23 тэрбум ам.долларын өрийг төрд атгуулчих вий гэсэн болгоомжлол байна. Өөрөөр хэлбэл, нийт өр 30 тэрбум ам.доллар байгаагаас Засгийн газрын 7 тэрбум ам.долларыг хасахад 23 тэрбум ам.доллар үлдэнэ. Энэ 23 тэрбум ам.долларын зээлийн дийлэнх нь уул уурхайн компаниудын өр. Гэтэл өнгөрсөн өдрүүдэд хувьцааны уналтаас шалтгаалж уул уурхайн компаниуд үнэ цэнэгүй болсон.

Энэ үед Үндсэн хуулийн өөрчлөлтөөр уул уурхайн компаниуд буцаагаад төрд лицензээ өгөх нэрийн дор баахан өр өгөх вий гэдэгт төр маш болгоомжтой хандах хэрэгтэй.

Дахин сануулахад, одоо УИХ-д дээрх бүх ажлыг хүчин төгөлдөр болгох онцгой эрх нь бий. Эрхэм гишүүд хурдан шийдвэр гаргаж, ажил хэрэг болгоно гэдэгт найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж